Сонсгол: Бортээг хэсгийн үнэлгээ 404 их наяд төгрөг байхаар байна

Хуучирсан мэдээ: 2023.12.22-нд нийтлэгдсэн

LiveСонсгол: Бортээг хэсгийн үнэлгээ 404 их наяд төгрөг байхаар байна

Сонсгол: Бортээг хэсгийн үнэлгээ 404 их наяд төгрөг байхаар байна

Төрийн ордонд нүүрсний сонсголын хоёр дахь хэсэг тав дахь өдрөө /2023.12.22/ үргэлжилж байна.

 

 

11 : 29
2023-12-22

Тендер шалгаруулалтад хийсэн хяналт шалгалтын талаар шинжээчийн дүгнэлтийг танилцууллна

Тавантолгой ордын Бортээгийн уурхайн гэрээт олборлогчийг сонгох тендер шалгаруулалтад хийсэн хяналт шалгалтын талаар шинжээчийн дүгнэлтийг танилцуулж байна. 

Шинжээчийн дүгнэлт:

-Өмнөговь аймгийн Тавантолгой ордын Бортээгийн уурхайн гэрээт олборлогчийг сонгох тендер шалгаруулалтад хийсэн хяналт шалгалт. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт орших Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордод "Эрдэнэс тавантолгой" ХК-д Цанх Бортээг, Ончхараат, Бортолгой оорцогийн тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна. "Эрдэнэс тавантолгой" ХК Цанхын уурхайг 2010 оноос ил уурхайн аргаар олборлож эхэлсэн бөгөөд Бортээгийн чулуун нүүрсний ордыг 2022 оноос ил уурхайн аргаар олборлохоор үйл ажиллагаа эхлүүлээд явж байна. "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Бортээгийн тусгай зөвшөөрлийн нөөцийн хувьд Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолын хүрээнд хийгдсэн "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хувьцааны үнэлгээгээр Бортээг хэсгийн үнэлгээ 3,7  их наяд гэж гаргаж байсан бол 2023 оны есдүгээр сарын байдлаар биржийн тонн тутмын үнээс нэгжийн нийт өртгийг хасч тооцсон дүнгээр 404 их наяд төгрөг байхаар байна. 

Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын Бортээг өмнөд хэсгийн MV-011956 тоот тусгай зөвшөөрлийн талбай дахь нөөцийг ил уурхайн аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэл. 

"Эм Эм Маркет" ХХК 2019 онд "Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын Бортээг /өмнөд/ хэсгийн MV-011956 тоот тусгай зөвшөөрлийн талбай дахь нөөцийг ил уурхайн аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэл" боловсруулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт шалгарч 527,9 сая төгрөгийн үнийн дүнтэй ЭТТ-2019/630 дугаартай гэрээг байгуулсан бөгөөд 2020 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулан хүлээлгэж өгсөн. 

"

10 : 16
2023-12-22

Тавантолгой ордын Бортээгийн уурхайтай холбоотой нотлох баримтыг шинжилнэ

Хянан шалгах түр хорооны дарга Б.ЭНХБАЯР:

-Төрийн болон орон нутгийн өмчит зарим компаниуд нүүрс тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах бүхий хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах 2023 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн сонсголын үйл ажиллагааг нээж байна. Өнөөдрийн сонсголоор дараах хоёр нотлох баримтын хүрээнд нотлох баримтыг шинжлэн судална.

"Эрдэнэс тавантолгой" ХК Тавантолгой ордын уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолт тэсэлгээ, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороотой холбоотой асуудал, үүнтэй холбоотойгоор "Монголиан Контакт Майнинг сервис" ХХК, "Таван хур" ХХК, "Спейшл майнинг" ХХК, "Адмирал" ХХК гэрчээр оролцоно.

Мөн хагас коксжсон нүүрсний асуудал хамт яригдана. Хоёрдугаарт, "Эрдэнэс тавантолгой" ХХК-д хийсэн хяналт шалгалт, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээтэй холбоотой асуудлаар дараах хоёр сэдвээр нотлох баримтыг шинжлэн судална. Үүнд, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газар болон байгууллагын хяналт шалгалт Үндэсний аудитын газар, хөндлөнгийн аудитын газрын шалгалт гэсэн сэдвээр яригдана. Түүний өмнө "Эрдэнэс монгол майнинг" ХК-тай холбоотой асуудлыг ярина. Эхний асуудалдаа оръё. "Эрдэнэс тавантолгой" ХК, Тавантолгой ордын Бортээгийн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолт, хуулалт, тэсэлгээ, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэх чиглэлээр сонгон шалгаруулах үнэлгээний хороо "Монголиан Контакт Майнинг сервис" ХХК, "Таван хур" ХХК, "Спейшл майнинг" ХХК, "Адмирал" ХХК-тай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалъя. Гэрчүүдийг танхимд оруулж, ирцийн мэдээллийг танилцуулна уу. 

Ажлын албаны дарга н.ЭРДЭНЭСАМБУУ:

-"Эрдэнэс тавантолгой" ХК, Тавантолгой ордын Бортээгийн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолт, хуулалт, тэсэлгээ, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэх чиглэлээр нийт таван дэд сэдвийн хүрээнд гэрчүүд дуудагдсан байгаа. Эхний дуудагдсан дэд сэдэв бол үнэлгээний хороотой холбоотой асуудлаар 17 гэрчийг түр хорооноос дуудсан. Гэрч нэг бүрийг танилцуулъя. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар оролцож байна. Үнэлгээниы хорооны дарга Х.Батсайхан, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга 2023 оны арванхоёрдугаар сарын 14-ний 12:25 цагт мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. Одоогоор гадаад улсад суралцаж байгаа тул оролцох боломжгүй талаар хүсэлтээ арванхоёрдугаар сарын 15-нд ирүүлсэн. Үнэлгээний хорооны гишүүн, геологи төлөвлөлтийн хэлтсийн  дарга Д.Уужимсанаа ирсэн. Т.Цолмон Үнэлгээний хорооны гишүүн, Гэрээ эрхзүйн хэлтсийн даргад 2023 оны арванхоёрдугаар сарын 12-ны 16:35 цагт мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. Тухайн үед оролцохоо илэрхийлсэн ч одоогоор танхимд ирээгүй байна. Борись овогтой Цэндсүрэн Мэдээллийн технологийн хэлтсийн дарга холбогдоогүй. Үнэлгээний хорооны гишүүн, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга Т.Золжаргал 2023 оны арванхоёрдугаар сарын 13-ны 12:05 цагт мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. Ар гэрийн гачигдлаас болж орон нутагт байгаа тул энэ сарын 21-нд оролцох боломжгүйгээ илэрхийлсэн. Үнэлгээний хорооны гишүүн, Эрдэм мэдээлэл төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Б.Рэнцэндорж ирсэн. Үнэлгээний хорооны гишүүн, Үндэсний аж үйлдвэрлэлийн зөвлөл төрийн бус байгууллагын гишүүн Хас овогтой Энхбатад 2023 оны арванхоёрдугаар сарын 13-нд мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Хөдөө ажиллаж байгаа учир оролцох эсэхээ илэрхийлээгүй, танхимд ирээгүй байна. Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга, худалдан авах хэлтсийн мэргэжилтэн ирсэн. Н.Батбаяр "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн уул уурхай технологи хариуцсан дэд захирл хөдөө орон нутагт ажиллаж байгаа учраас оролцох боломжгүй гэсэн хүсэлтээ ирүүлсэн. Б.Мөнхбаатар "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн уул уурхай, технологийн газрын дарга холбогдоогүй. "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн ахлах менежер Б.Боргий ирсэн. "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн борлуулалт, худалдан авалт хариуцсан дэд захирал С.Ашидмөнхөд мэдэгдэх хуудас хүргүүлсэн ч одоогоор танхимд ирээгүй. "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн борлуулалт, маркетинг хариуцсан дарга А.Чинзоригт мэдэгдэх хуудас хүргүүлсэн ч АНУ-д уулзалттай байгаа учир оролцох боломжгүйгээ мэдэгдсэн. "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хууль эрх зүйн хэлтсийн дарга М.Батбаярт энэ сарын 13-нд мэдэгдэх хуудас хүргүүлсэн ч танхимд ирээгүй. "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн маркетинг борлуулалтын хэлтсийн дарга Г.Адьяад энэ сарын 14-нд мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Хүндэтгэх шалтгааны улмаас оролцох боломжгүйгээ илэрхийлсэн. 

Тухайн сэдвийн хүрээнд дуудагдсан Төмөр овогтой Цолмон үнэлгээний хорооны гишүүн, гэрээ эрхзүйн хэлтсийн дарга ирсэн байна. 

Дараагийн дэд сэдвийн хүрээнд "Монголиан Контакт Майнинг сервис" ХХК-тай холбоотойгоор тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Мягмарсүрэн ирсэн. Дараагийн дэд сэдэв болох "Таван хур" ХХК-тай холбоотойгоор гурван гэрч дуудсан. Сангийн сайд Б.Жавхланд 2023 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр туслахад нь мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Оролцох эсэхээ илэрхийлээгүй. Б.Амгалан холбогдоогүй. Дараа нь "Спейшл майнинг" ХХК-тай холбоотойгоор гурван гэрчийг мөн дуудсан. Э.Амарсайхан "Спейшл майнинг" ХХК-ийн гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч. Мэдэгдэх хуудас хүргүүлсэн бөгөөд төлөөлөн оролцогч оролцоно. "Спейшл майнинг" ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Баттулга хүрэлцэн ирсэн байна. Батбаяр овогтой Батбилэг "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал ирсэн. 

Дараагийн дэд сэдэв буюу "Адмирал" ХХК-тай холбоотойгоор түр хорооноос долоон гэрчийг дуудсан. 

"Адмирал" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Хасбаатарт энэ сарын 14-ны 13:00 цагт мэдэгдэх хуудас хүргүүлж, туслахад нь өгсөн ч эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн. "Адмирал" ХХК-ийн захирал Ц.Лхамжав ирсэн. МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд ирсэн байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд арванхоёрдугаар сарын 13-ны 12:35 цагт мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Орон нутагт томилолтоор оролцож байгаа учир өөрийн биеэр оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Ц.Батбаатар "UB Group" РРК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргад энэ сарын 14-нд мэдэгдсэн ч Хятадад томилолтоор ажиллаж байгаа учир оролцох боломжгүйгээ албан тоотоор хүргүүлсэн. Б.Эрдэнэжаргалд энэ сарын 14-нд мэдэгдэх хуудас хүргүүлсэн ч оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Ц.Амгалан "Юниверсал сервис" ХХК-ийн эцсийн өмчлөгч хүрэлцэн ирсэн байна. 

Ирцийн мэдээг танилцуулж дууслаа. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж