2010 оны наадмын өмнөхөн УИХ-аас Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тогтоолыг баталсан. Уг тогтоолын дагуу Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар “Эрдэнэс Тавантолгой” компанийг Сү.Батболдын Засгийн газар байгуулсан үеэс нүүрсний хараал Монголд нүүрлэснийг өнгөрөгч дөрвөн өдөр Төрийн ордноос орон даяар шууд дамжуулсан нээлттэй сонсголоос харлаа, харагдлаа. Ёстой л хонио чононд хадгалуулна гэдэг энэ байжээ.
Нүүрсний хулгайн хэргийн хоёр дахь шатны нээлттэй сонсголд Хянан шалгах түр хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 268 хүнийг гэрчээр дуудсан боловч ихэнх нь ирсэнгүй. Гэм хийгээгүй юм бол гэлбэлзэх шаардлага юун. Гутлаа тослож, зангиагаа зүүж очих газар, нэр нүүрээ цэвэрлэх боломж. Атал олонх нь, Х.Баттулга ба МАН-ынхан сүүлээ хавчаад зугатацгаав. Зугатаж байгаа нь зугатах шалтгаантай л гэсэн үг.
1.
Тавантолгой нүүрсний сав газрын найман ордын долоо лиценз нь “Эрдэнэс Тавантолгой”-н мэдэлд байдаг. Тэндээс 5.2 сая тонн нүүрс хил гаалийн бүрдүүлэлтгүй хилээр гарсан шалтгаан, нөхцөлийг гэрчүүдээс тодруулах нь нээлттэй сонсголын нэгдүгээр зорилго байв. Нэг шуудай биш, нэг машин биш бүхэл бүтэн 5.2 сая тонн нүүрс “хамар дороос” нь алга болж байхад хил гааль, хууль хяналтынхан хаана байсан бэ. Жирийн иргэдийн хайрцаг савыг ухаж, төнхөөд суудаг, буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй гэсэн гоё уриатай хил, гаалийнхны нүдийг хэн, юу таглав?!
“Тавантолгой ордыг та бидэнд авч үлдээсэн”-ий цаана хэний, ямар эрх ашиг байсан бэ?! Гэхмэтчилэн хардах, харах өнцөг зөндөө. Баримт, нотолгоо байдаг болгоноо устгачихсан нүүрсний хулгайг хэдэн тээврийн жолооч нар хийнэ гэж мэдээж байхгүй. Өнчин ишигний хулгай биш өч, төчнөөн сая тонноор яригдаж байгаа нүүрсний хулгай шүү дээ.
Нүүрсний хулгайн хэргээр цагдан хоригдсон “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн хэвлэлээр сэвсэн “Эрдэнэс Тавантолгой компанид би ямар ч улстөрч болон бүлэглэлийг, тэр дотроо нүүрсний гэх хууль бусаар олон жил хөгжсөн хятад эзэдтэй компанийг огт ойртуулдаггүй, давруулдаггүй байсан” гэх үгэнд найман настай балчир ч, наян настай хөгшин ч итгэхгүй. Яаж ч бодсон хэдэн арван их наядын нүүрсийг эрх мэдэлд ойр улстөрчид, тэдний бүлэглэл хулгайлсан нь ойлгомжтой. Тиймгүйсэн бол АТГ-ийнхан аль хэзээний газар дээр нь гардах байсан биз. Тэгэхээр нүүрсний хулгайд улстөр-хууль, шүүх-хил,гааль-бизнесийнхэн гэсэн том бүлэглэл оролцсон нь ойлгомжтой бас тодорхой байна.
Б.Ганхуяг Улаанбаатарын утааг багасгасан нь үнэн, хэлэх үгтэй, хийсэн ажилтай байх сайхан л гэж. Ямар нүдээр харсан болоод НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан тэр хоёр утаа буурсан гэж улайм, цайм доромжилж чадаж байна аа. Урамшуулал хүртэл өөртөө авчихсан ч байх шиг. Улныхан нь утаандаа хордож, улстөрчид нь утаагаар утгаар нь мөнгө хийж ирснийг “Тавантолгой түлш” та бидэнд харууллаа, нотоллоо.
2.
Нээлттэй сонсголоос авах юм их байна, хаях юм бас байна. Нэг авах юм нь төр өмчтэй байснаар иргэд баяждаггүй, эрх мэдэлтнүүдийн хулгай луйврын үүр овоохой болдгийг олон нийт одоо л ойлгож байна. Жишээ нь “Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгойгоос Цагаан хад дахь талбай хүртэл 230 км газарт нэг тонн нүүрсийг 10-14 ам.доллараар тээвэрлэдэг байжээ. Цаашлаад Цагаан хад дахь талбайгаас Гашуунсухайт боомт хүртэл 20 км газарт нэг тонн нүүрсийг 28-121.8 ам.доллараар зөөдөг байж. Тэгэхэд “Энержи ресурс” компани Ухаахудагаас-Цагаан хад хүртэл нэг тонн нүүрсийг долоон ам.доллараар, Цагаан хаднаас-Ганцмод хүртэл таван ам.доллараар тээвэрлэдэг байж. Хувь, хувьсгалын ялгаа үүндээ л байдаг. Хувийн хэвшлийнхэн мөнгөө яаж хэмнэх вэ толгойгоо ажиллуулдаг бол төрийн өмчийнхөн яаж хулгайлгах вэ гэж толгойгоо гашилгадаг. Компани нь хэдэн зуун тэрбумын алдагдалтай ажиллаж байхад дарга нь өөрөө өөрийгөө урамшуулдаг тогтолцоо Монголд л байна. Өөр улсад бол аль хэдийнэ дээлээ нөмөрчихсөн байгаа.
Пүрэв гаригийн нээлтэй сонсголоор “Эрдэнэс Тавантолгой”-гоос санхүүжсэн төмөр замын бүтээн байгуулалтын талаар бас эвгүй баримтууд дэлгэгдсэн. Төмөр замын төслүүдийг гардаж хийлгэсэн, ҮАБЗ-өөс зөвлөмж, чиглэл өгч төрийн нууцад хамруулсан хүн нь экс Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг нь үнэн.
Түмэн цэргээр төмөр зам бариулсных нь учир одоо л ойлгомжтой болж байна. Төслөөс хумсалсан, хулгайлснаа төрийн нууц болгох гэсэн башир заль байж л дээ.
“Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн гүйцтгэх захирал Б.Отгонсүхийн хэлснээр Зүүнбаянгийн төмөр замаас болж 100 гаруй тэрбум төгрөгийн өр үүссэн. 416.1 км төмөр зам дээр 200 гаруй аж ахуй нэгж ажилласнаас 120 гаруй аж ахуй нэгжийн өр төлбөрийн асуудлыг шийдэж чадаагүй юм байна.
Зүүнбаян, Гашуунсухайтын төмөр замын ТЭЗҮ-ээс мөнгө хуссан гэж түр хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Г.Ганболдын хэл нь халтирч хэлээгүй нь тодорхой. Төрийн нууцад авсан төмөр замаар нь явах вагон байхгүй, зүтгүүр байхгүй л гэнэ. Тэр болгоныг оросуудаас авна. УБТЗ-аас гадна экспорт, импортынхоо гол төмөр замуудыг оросуудыг гарт өгчихсөн хүн яг манай нохой мөн үү. Төмөр замгүй бол нүүрсээ Баяннуурын хэдэн ченжүүдээс өөр хүмүүст зарж чадахгүй гэдгийг Женко шиг нохой санаатай хүн мэдэхгүй байна гэж үгүй. Ямар л эх оронч хүн 4000 км зам туулж, нүүрсээ үнс болгоод зарна гэж ярих вэ дээ.
Нээлттэй сонсголд Женко ирээгүй ч түүнийг эх орноо хэрхэн тоносныг иргэд ямартай ч сонсч, мэдэж авсан нь яамай. Л.Оюун-Эрдэнийн хэлснээр өнгөрсөн 30 жил Монголын улстөрчид бүтээж, босгохоос илүүтэй нурааж, хулгайлж ирсэн байна. Төрийн өмч хулгайн замаар орсныг, төмөр замын төсөл луйвар байсныг Өмнөговь улс дотор улс болж хувирсныг улсаараа сонслоо. Нээлттэй сонсголын гол үр дүн энэ л байв. Харин хулгайч, луйварчдаа олж шийтгэж чадах эсэх нь хууль, хяналтынханд нээлттэй үлдэж байна.
Холбоотой мэдээ