Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, өдөртөө -30 хэм давж байна. Харин арванхоёрдугаар сарын 23-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна гэдгийг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
2023 оны арванхоёрдугаар сарын 23-наас 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 24-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, 25-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 26-нд Халх гол орчмоор цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 24, 25-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -36…-41 градус, өдөртөө -24…-29 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -18…-23 градус, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -13…-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө -8…-13 градус, өдөртөө +3…-2 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -1…-6 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -8…-13 градус хүйтэн байна.
Холбоотой мэдээ