АН: Бодлогогүй төрийн хар гай Монголд нүүрлээд байна

Хуучирсан мэдээ: 2023.12.21-нд нийтлэгдсэн

АН: Бодлогогүй төрийн хар гай Монголд нүүрлээд байна

АН: Бодлогогүй төрийн хар гай Монголд нүүрлээд байна

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2023.12.21/ мэдээлэл хийлээ. Ардчилсан намын гишүүдийн зүгээс хотын агаарын бохирдол, утаанаас улбаатай хүн амын дундах өвчлөл гамшгийн түвшинд хүрч байгааг Засгийн газар анхааралдаа авахыг шаардав.


НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа:

-Улаанбаатарчууд уйдтлаа яриад шийдэж чаддаггүй хоёрхон л асуудал байдаг. Тэр бол түгжрэл, утаа. Энэ асуудлыг шийдэхийн тулд өнөөдөр татвар төлөгчдийн мөнгөнөөс хангалттай төсөв тавьдаг. Утаанд хоолой хорсоод сайн ярьж чадахгүй байна. Би НИТХ-ын төлөөлөгч хүн. Утааг бууруулахаар 2021 онд 30 тэрбум, 2022 онд 32 тэрбум, 2023 онд 39 тэрбум төгрөгийг зөвхөн нийслэлийн төсвөөс санхүүжүүлсэн.

Мөн үүнээс гадна утааг арилгахаар улс, нийслэл, олон улсын төсөл хөтөлбөр гээд маш олон эх үүсвэрээр санхүүждэг. Нийтдээ 500 тэрбум төгрөгийг өвлийн гурван сард төсөвлөдөг.

Харамсалтай нь бид өнөөдөр эрүүл мэндээрээ хохирсоор байна. Нас барж байгаа хүмүүсийн  тоо ч гэсэн жил ирэх тусам нэмэгдэж байна. Улаанбаатар хотоос гаргасан статистикаар жилд 1400-4000 хүн утаа, угаараас болж нас барж байна. Утааг шийдэхийн тулд анх 2013 онд гэр хорооллыг барилгажуулах, гэр хорооллын газрыг үнэтэй болгох бодлогыг Ардчилсан намаас боловсруулж, орон сууцжуулах ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Харин бидэнд өнөөдөр бодлогын асуудал дутагдаж байна" гэсэн юм.

Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж:

-Улаанбаатар утаа, агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлж байна. ДЭМБ-аас тогтоосон утааны дээд түвшингээс Улаанбаатар хот дөрөв дахин их, хэвийн түвшингээс 25 дахин их утаан дунд амьдарч байна. Өнгөрсөн 2017-2019 оны хооронд энэ гамшгийн асуудлыг шийдэх нэрийдлээр 450 тэрбум гаруй төгрөгийг утааг бууруулна гэсэн боловч 43 ажлаас гурвыг нь л хийсэн байна. Үлдсэн 40 ажил утаанд замхарлаа.

Өнөөдөр утаанаас үүдэлтэй өвчлөлийн тоо эрс нэмэгдэж, нийт өвчлөлийн 79 хувь нь өнөөдөр энэ утаатай холбоотой байна.

Хамгийн харамсалтай нь жилд дунджаар 4000 орчим хүн нас барж байгаагийн 15 хувь нь буюу 600 нь бага насны хүүхэд эзэлж байна. Сүүлд авсан мэдээллээр Төв аймгийн Борнуур суманд дөрвөн хүн угаартаж нас барсны хоёр нь бага насны хүүхэд байлаа. Бодлогогүй төрийн хар гай Монголд нүүрлээд байна. Энэ онд Засгийн газар утааг бууруулахад 38.1 тэрбум төгрөгийг төсөвлөснөөс зөвхөн ажлын албанд нь 1.2 тэрбумыг төсөвлөсөн. Утааг бууруулахаар эрх баригчид сайжруулсан шахмал түлшийг гаргаж, 1.1 тэрбум төгрөгийг ТУЗ-ийн урамшуулалд зарцуулсан байна.

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү:

-Нийслэлийн утаа үнэхээр аймшигтай байна. Олон тоо баримтнаас харахад утааны асуудлыг шийдэж болох байсан. Гэтэл нүүрсний сонсголын мэдээллийг сонсоход аймшигтай, урам хугармаар байлаа. Учир нь сайжруулсан шахмал түлшний төсвөөс дарга нар өөрсдийгөө урамшуулсан, шагнасан цалин урамшууллын хэмжээ аймшигтай байна.

Ядаж тэр мөнгөө утаанаас болж хордож, нас барж байгаа, хэлмэгдэж байгаа иргэдийн ар гэрт зориулах ёстой.

Монгол Улсын Үндсэн хуульд иргэн Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан байгаа. Гэтэл тэр орчныг бий болгох цорын ганц үүрэг төрд байсан. Гэвч төр байгаа мөнгийг нь хувьдаа завшсан гэдгийг мэдэж авлаа" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж