Дэлхий дахин уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж буй үед АНУ-ын газрын тос олборлолт түүхэнд байгаагүй хэмжээгээр өсөв. Тиймээс цаг уурын идэвхтнүүд ерөнхийлөгч Жо Байденд хандан, олборлолтоо бууруулахыг уриалжээ. АНУ-ын газрын тосны үйлдвэрлэл дэлхийн аль ч улсын түүхэнд байгаагүй их хэмжээнд байгааг "CNN" онцоллоо. Тодруулбал, тус улс энэ оны дөрөвдүгээр улиралд өдөрт 13.3 сая баррель газрын тос үйлдвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоохоор байна.
Өнгөрсөн сард өдөрд 13.2 сая баррелийг үйлдвэрлэсэн. Энэ нь Дональд Трампийн үе буюу Covid-19-ийн хямралын өмнөх үеэс давсан үзүүлэлт байв.
Техас болон Нью Мексикогийн Пермийн сав газарт олборлолтын хэмжээ онцгой их байгаа бөгөөд гадаад руу эндээс нийлүүлэлт хийж байна. Нийлүүлэлтийн хэмжээгээрээ Саудын Араб, ОХУ-тай дүйцэхүйц байгааг "S&P" агентлаг мэдэгдэв. Мөн энэ нь АНУ газрын тосны асар их нөөцтэй гэдгийг дэлхий дахинд харуулж буй явдал юм.
АНУ-ын нийлүүлэлт ийн элбэг дэлбэг байгаа нь ирэх онд нефтийн үнэ буурах нэг шалтгаан болж буйг "Goldman Sachs"-ын шинжээчид анхааруулав.
Баррель нефтийн үнэ энэ оны эхээр 100 ам.доллар орчим байсан ч сүүлийн саруудад 70-75 ам.доллар болж буурсан. Тэгвэл Улаан тэнгисийн тээвэрлэлтийг "BP" компани зогсоосны улмаас энэ долоо хоногт үнэ огцом өсчээ. Гэсэн хэдий ч АНУ-ын нефтийн үнэ баррель нь 74 ам.доллараас доогуур үнэлгээтэй байна.
АНУ-аас гадна Канад, Бразил зэрэг ОПЕК-ийн гишүүн бус бусад үйлдвэрлэгч ч урьд өмнө байгаагүй их хэмжээгээр газрын тос олборлож байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ