УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Сонгуулийн тойргийг томсгох асуудлыг хэлэлцэж байна
УИХ-ын сонгуулийн тойргийг томсгон зохион байгуулах асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Үндсэн хууль болоод Сонгуулийн тухай хуулийг дагалдан орж ирж байгаа энэ тойрогтой холбоотой чухал үр дагавартай тогтоол хэлэлцэгдэж байна. Өмнө нь явж үзээгүй зам учраас олон талтай асуудал. Төгс төгөлдөр зүйл гэж байхгүй. Сайн тал ч бий, муу тал ч бий. Сайн тал гэвэл улс орны, бүс нутгийн эрх ашиг гээд олон зүйл хөндөгдөнө. Ийм учраас намын бүлгүүд болоод УИХ-ын төлөөллүүд тал талаасаа ярилцаад зарчмын хувьд энэ шийдвэрийг дэмжээд явж байна. Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд гарсан өөрчлөлт нь санал гээгдэхгүй байх гэдэг том зорилгыг тавьсан. Хоёрдугаарт нэг нэр дэвшигчээс гарах зардлыг бууруулна. Зардал буурснаар шинэ залуус, эмэгтэйчүүдэд илүү боломж олгох ёстой. Мөн олон намын төлөөлөл орох боломжийн тухай ярьсан. Тэгэхээр томсгосон тойргын тогтолцоогоор нэг нэр дэвшигчээс гарах зардлыг хэд гэж тооцож байгаа вэ? Өмнөх тогтолцооны сул талыг санал гээгддэг гэж бид ярьдаг. Тэгэхээр олон мандаттай, мандатын тоогоор дугуйлах тохиодолд олон санал хүчингүй болох вий. Үүнээс хэрхэн яаж сэргийлэх вэ? Энэ нь Монгол Улсад сүүлийн 30-аад жил хийгдэж чадаагүй засаг захиргааны хуваарьтай холбоотой томоохон өөрчлөлтийг улс төрийн арга замаар түрж, эдийн засаг, нийгмийн асуудлаасаа урьтаж шийдэх гэж буйгаараа ач холбогдолтой болов уу гэж бодож байна. Миний хувьд энэ асуудлыг шийдэж байгаа бол Монгол Улс нэг том тойргоор байхаар, бүр болохгүй бол Улаанбаатар дангаар нэг тойрог байх боломжийг энэ хуулинд суулгаж тогтоолын төсөлд ашиглая гэдэг санал гаргаж байсан ч олонхоороо бүсчлээд явъя гэдэг шийдэлд хүрсэн учраас дэмжээд явахаас өөр аргагүй. Давуу талуудаас гадна сул талуудыг хаах ямар боломж байгаа талаар мэдээлэл, судалгаа дүгнэлтээ танилцуулаач?
Сонгуулийн ерөнхий хорооны Хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ:
-Сонгуулийн зардлын тухайд Монгол Улсын Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчийн зардлыг бууруулах маш олон зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, сонгуулийн сурталчилгааны арга хэлбэр, түүнд ногдох тоо хэмжээг 50 хүртэл хувиар бууруулсан. Мөн төрийн аудитын байгууллага зардлын дээд хэмжээг тогтоохдоо өмнөх оны гүйцэтгэл болон хэрэглээний үнийн индекстэй уялдуулж бодитой тогтоож байх боломжийг бүрдүүлж өгсөн. Хэдийгээр сонгуулийн зардлыг бууруулах эрхзүйн орчин бүрдсэн боловч тойрог томорч байгаатай холбоотойгоор зардлын хэмжээ өмнөх сонгуулиудтай харьцуулбал тодорхой хэмжээнд нэмэгдэж тогтоох байх. Хуульд зааснаар бол гуравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө үндэсний аудитын байгууллага зардлын дээд хэмжээг тогтоох зохицуулалттай байгаа.
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн:
-Хууль тогтоомжид заасны дагуу бол тухайн мандатын тоотой тэнцүү хэмжээний саналыг сонгогч тэмдэглэж, санал тоолох төхөөрөмжид уншуулах ёстой. Санал тоолох төхөөрөмжид илүү буюу дутуу тэмдэглэгдсэн санал уншигдахгүй. Санал гээгдэх асуудал гээгдэхгүй. Мандатын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулаад СЕХ-оос сургалт, сурталчилгааны ажлыг сайн зохион байгуулах шаардлагатай. Саналын хуудас дээр бүх сонгогчдод санал тэмдэглэх заавар очдог. Мөн хэсгийн хороодын үүдэнд санал тэмдэглэхтэй холбоотой заавар, зөвлөмжийг байршуулна. Мөн айл өрхүүдэд "сонгогч танаа" гэсэн саналаа хэрхэн өгч, тэмдэглэх талаар сургалт сурталчилгааны ажлууд цаасан хэлбэрээр очдог. Мөн контент хэлбэрээр нийгмийн сүлжээ болон радио, телевизийн сувгаар сурталчилгааны ажил зохион байгуулдаг.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-2020 онд МАН ялчихаад Монгол Улс нэг тойрог болно гэж нэг хэсэг ярьсан. Энэ хүрээнд нийтдээ 20 аймгийн 60 гаруй сумаар явсан. Миний хувьд улс нэг тойрог болох нь сайн гэж үзэж байна. Үгүй ядаж бүсчилсэн хөгжлийнхөө дагуу дөрвөн бүсдээ хуваагаад сонгуулиа хийх энэ хувилбарыг дэмжсэн бол илүү дээр байх байсан. Гэхдээ манай нам дээрх хувилбарыг дэмжсэн. Тиймээс сахилга баттай гишүүнийхээ хувиар томсгосон тойргийг дэмжиж байгаа. 2016, 2020 оны сонгуульд эрх баригчид сонгогчдыг худалдаж авах замаар нэлээд өндөр хувьтай ялсан. Өнөөдөр бас ингэж томсгож байна гэдэг бол Ардчилсан намын болон бусад намын нөхдүүдийн санхүүгийн асуудлыг л дэмжиж байгаа зүйл гэж үзэж байна. Өнгөрсөн 7 жилийн хугацаанд маш их хулгай гарсан. Энэ болгоноос янз бүрийн байдлаар хүртсэн нөхдүүд өнөөдөр энэ бүсчилсэн тойрог дээр нэлээд бяртай үзнэ гэж үзэж байх шиг байна. Энд нэг асуудал гарч ирж байна. Ардчилсан нам нам шиг байх ёстой. Дарга нь дарга шиг байх ёстой. гишүүд нь гишүүд шиг байх ёстой. Тийм цаг ирж байна. Энэ удаагийн сонгууль үнэхээр хүч тэнцвэргүй сонгууль болно. Энэ сонгуульд хамгийн эв нэгдэлтэй, хамтарч ажиллаж чадсан нь амжилтад хүрнэ.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:
-Бүсчилсэн хөгжлийн гол зорилго нь хамтдаа хөгжихийн төлөө зорилготой бөгөөд үндэс угсаагаар биш эдийн засгийн болон газарзүйн байрлалаар нь аймаг дүүргийг бүсчилж байгаа гэж ойлгож байна. Хэрвээ Баян-Өлгий аймгийг үндэсний цөөнх гэж нэг тойрог болгох юм бол Монгол Улсын Үндсэн хуулийн үндэстэн угсаатныг үл ялгаварлах, тэгш байдлын зарчмыг болон хүний эрхийг зөрчсөн ноцтой зөрчил болно. Баруун 5 аймаг, баруун бүс гэж байдаг болохоос биш Баян-Өлгий гэдэг бүс байхгүй. Хэрвээ баруун бүсээс Баян-Өлгий аймгийг гаргаж байгаа бол үүнийг ялгаварлан гадуурхалт гэж харж байна. Баян-Өлгий аймгийн сонгогчид бусад аймгийн сонгогчидтой яг адилхан Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ эдэлж, Монгол Улсын хөгжил дэвшилд дуу хоолойгоо өргөх эрхтэй. Яагаад зөвхөн Баян-Өлгий аймгийн сонгогчид аймаг дотроо сонгогдож байгаа хэдхэн хүмүүсээ сонгох шийдвэр гаргах гээд байгаа юм бэ? Жишээлбэл, Сүхбаатар аймгийн иргэд Дорнод, Хэнтий аймгаас нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийг сонгох эрхийг эдэлж байна шүү дээ. Гэтэл яагаад ийм ялгавартай шийдвэр гаргах гээд байгаа юм бэ? Хэрвээ нэг аймаг ингэж ганцаараа үлдэх юм бол бүсчилсэн гэдэг концевци алдагдах гээд байна. Хоёрдугаарт, хүн амын тоо тэнцвэргүй аймгуудыг нэгтгэснээрээ хүн ам багатай аймгууд нутгаасаа төлөөлгүй болох эрсдэл байгаа.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:
-Энэ асуудлыг тойрч олон талаас нь олон янзаар тооцоо, судалгаа хийж үзэж, Үндсэн хууль бусад эрхзүйн зохицуулалтын заалтуудтай уялдуулж ярьсан. Хоёр талтай л асуудал. Өнөөдөр Баян-Өлгий аймаг 3 мандаттай байгаа. Бусад аймгуудтай нийлээд бүс болохын тухайд бид сонгуулийн тойргийн тухай л ярьж байгаа юм. Хэрэв танилцуулгыг анхааралтай уншсан бол Монгол Улсын Үндсэн хуульд төрийн байгуулалтын хувьд нэгдмэл байх ёстой зарчмыг бодолцсон. Тогтоолын 3-р заалтад Баян-Өлгий бол салангид тусдаагийн асуудал биш зөвхөн сонгуулийн тойргийн хувьд ийм. Харин бүсийн хөгжлийн хувьд аль бүсэд хамаарагдах ёстой тэрүүгээрээ л явна. Олон янзаар тооцоо хийж үзэхэд янз бүрийн тоо гарч байна лээ. Ер нь төлөөлөлтэй байх нь мэдээж шаардлагатай. Гурав, дөрвөн аймагтай нэгтгэчихээр одоо байгаагаасаа илүү ч гарах боломжтой, бас тухайн аймаг огт төлөөлөлгүй үлдэх ч эрсдэлтэй. Тэгээд тал талаас нь ярьж байгаад энэ бол нэгдүгээрт нэгдмэл улсын зарчимд нийцэж байх ёстой гэдэг хуулийн заалтыг тогтоолдоо тусгасан. Цөөнхөө хүндэтгэж олонх нь шийдвэр гаргадаг тогтолцоотой бусад орнуудын улс төрийн тогтолцоо, төрийн эрх барих байгууллагуудаа сонгож буй арга хэлбэрт гарч байгаа хандлагуудыг ажиглаад үзэхэд тодорхой хэмжээний цөөнхийн бүлэг, нийгмийн тодорхой бүлэг давхаргын төлөөллөө сонгуулиар дамжуулж төрийн эрх барих дээд байгууллагадаа оруулж байх нь зүйтэй гэсэн нэгдүгээрт онолын, практикийн хандлага энэ тал руу явж байгаа юм байна. Энэ бүхнийг бодолцож үзээд сонгуулийн тойргийн хувьд бол ийм, бүсийн хувьд бол Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд баруун бүсийн буюу тэр 4-5 аймгийн нэг бүрэлдэхүүн хэсэг шүү гэдэг агуулгатай. Г.Занданшатар дарга энэ асуудалд ойлголтоо нэг болгох ёстой гэж ярьсны дагуу байнгын хороо төсөлдөө нэг заалт нэмж оруулсан.
Монгол Улс бол төрийн байгуулалтын хувьд нэгдмэл зохион байгуулалттай улс, УИХ-ын гишүүн бол зөвхөн тухайн сонгогдсон тойргийн төлөөлөл биш Монгол Улсын нийт иргэдийг төлөөлдөг элч гэдэг хоёр зарчмыг баримталж тогтоолын төслөө боловсруулсан. Аль 2000-аад оны эхэн үеэр УИХ-аас баталсан ч одоо болтол хэрэгжүүлж чадалгүй ирсэн Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа баримтлаад аймгуудыг бүсчилж хуваасан. Үндсэндээ тэр хуваарилалтын дагуу тойргуудаа зоосон. Баярсайхан гишүүний санаа зовж байгаа асуудал бүх л бүсүүдэд байгаа.
УИХ-ын гишүүн Б.Бейсен:
-УИХ-ын 2024 оны сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж байна. Монгол Улсыг бүсчилж хөгжүүлэх асуудлыг бас дэмжиж байгаа. Өнөөгийн улс орны тулгамдаж байгаа асуудлыг ч бас ойлгож байна. Гэхдээ Монгол Улс нэгдмэл нэг улс шүү дээ. Баян-Өлгий аймгийг тусад нь нэг бүс болгоод тусад нь гаргах асуудал Үндсэн хуульд харшлах юм биш үү? Үндсэн хуульд заасны дагуу үндэсний цөөнхийн сонгох, сонгогдох эрхийг хангаж байгаа Монгол төрдөө аймгийнхаа нийт ард иргэдийн өмнөөс бас баярлаж байна. Манай аймагт урианхай, тува, дөрвөд олон үндэстэн, ястан байгаа. Гэхдээ цаашдаа Монгол Улсыг бүсчилж хөгжүүлэх асуудалд Баян-Өлгий аймаг цөөхөн төлөөлөлтэй, наад талын аймгууд 10-15 төлөөлөлтэй, улсын төсвийн хуваарилалтын асуудалд дутагдалтай болчих юм биш биз? Яагаад гэвэл Баян-Өлгий, Ховд, Увс гурав чинь стратегийн чухал аймгууд буюу урагшаа Хятад, цаашаагаа Дундад Азитай холбох худалдаа наймааны чухал ач холбогдолтой. Энэ асуудлыг бодолцож үзсэн үү? Баярсайхан гишүүний ярьснаар энэ чинь гадуурхал биш үү?
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:
-Үүнийг олон шатанд ярьсан. Намуудын удирдлагуудын хэмжээнд, УИХ-ын удирдлагын хэмжээнд, байнгын хороонд ярьсан. Энэ бүгдэд би өөрөө оролцсон. Тэндээс гарсан санал, ярианууд, шийдэх гэсэн гарцуудын тухай хувилбарууд, ач холбогдол тал талаас нь л ярьсан. Лав л надад Баян-Өлгий аймгийг гадуурхаж байна гэсэн сэдэл, яриа гараагүй. Харин ч Монголын төрөөс Баян-Өлгий аймаг, казакуудын талаар явуулж ирсэн олон 10 жилийн түүх, түүний үр дүн, цаашдын ирээдүй энэ бүхнийг тооцож үзсэн. Маш энгийн үгээр хэлэхэд хамгийн наад зах нь доод түвшиндээ энэ аймгийн төлөөлөл байх хамгийн баталгаатай хувилбар нь юу вэ гэдгийг тойрч олон янзаар ярьсан. Мэдээж үүнийг ярихдаа Баян-Өлгий бол Монгол Улсын нэг аймгийн хувьд ганцаараа ингээд байвал бүс нутгийн хөгжлийн асуудлаасаа хоцрогдох талууд байх гэдэгтэй нь уялдуулаад бүс нутгийн хөгжлийн үзэл баримтлалдаа нийцүүлж, энэ тогтоолын заалт дээр жишээ нь, баруун 5 аймаг бол нэг бүс гэдгийг нь зориуд зааж өгсөн. Энэ бол санамсаргүй оруулсан заалт биш. Бүс нутгийн хөгжлийн асуудал бусад бүс нутагтай яаж уялдах вэ, бүх зүйл нь хамт ярих ёстой шүү гэдгийг тодотгож өгсөн юм. Баян-Өлгий ганц казакуудаас бүрддэг аймаг биш.
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
-Манай намын хувьд бүс нутгийн хөгжлийг дэмждэг. Гэхдээ бүсүүдийг тойрогт хуваасанд нэлээд асуудал байна. Ямар хүмүүс энийг гаргасан юм бэ? Бүс нутаг байгуулах шалтгаан, үндэслэл нь тодорхойгүй байдал харагдаж байна. Тэр бүс нутгийн хөгжил уялдаж байгаа юу гэдэг асуудалтай тойргууд харагдаж байна. Өнөөдөр энэ Багануур, Багахангайг нэг тойрог болгочихоод 2 мандаттай гэж заасан байна. Энэ чинь Төв аймгийн нутаг дээр үйл ажиллагаа явуулдаг, нэг нь томхон сумын хэмжээтэй, нөгөө нь хотын статустай газрууд байна. Уг нь болдог бол энэ тойргийн системдээ захын дүүрэг гэдэг ойлголтоос салах нь зүйтэй харагдаж байна. Төв аймаг, Багануур, Багахангай, Налайх нийлээд бүс нутаг болоод хөгжлийнхөө асуудлыг нэг талдаа гараад ярьвал энэ бол бүс нутгийн хөгжил мөн л дөө. Тэгэхгүй бол хотын статустай хөгжих гэж байгаа Дархантай аваачаад нийлүүлчихсэн. За магадгүй Сэлэнгэ, Төв аймаг бол газар тариалангийн бүс нутаг гэдгээрээ бүс нутгийн хөгжлийг ярьж болох байх. Ингээд зарим нэг зүйл дээр асуудалтай харагдаж байна. Өөрсдөдөө тааруулсан тойрог байдлаар зарим нэг асуудал яваад байгаа юм биз дээ? гэсэн хардалт төрж байна. Улаанбаатарын 2 том дүүрэг дангаараа явахад асуудалгүй. Тэгээд дундын 2 дүүргийг нийлүүлчихээд нөгөө 2-ыг нь дангаар нь явуулаад байна. Яахаараа Хан-Уул, Баянгол 2 нийлээд явж болохгүй байгаа юм? Зарим улстөрчид бүс нутгийн асуудалд хувийн эрх ашгийн төлөө тойргуудыг зураад байгаа бол энэ бүс нутгийн хөгжил явахгүй ээ. Бүс нутгийн хөгжлийн баримт бичгийн заалтуудыг нь аваад чиглэл болгож авсан байна. Харамсалтай нь ийм үзэл баримтлал байхгүй болов уу. Бүс нутгуудаа буруу, зөрүү хуваарилаад байх шиг байна. Бүс нутаг хөгжихөд эдийн засгийн эсвэл газарзүйн, иргэдийн давуу сонирхол гээд олон асуудлууд тэр бүс нутгийг бусдаас нь ялгах ёстой. Баян-Өлгий 3 гишүүнтэй болчихвол Улсын төсвийн асуудлуудад энэ аймаг тодорхой хэмжээнд орхигдоно. Зарим аймгууд нь бүсчлээд 10-аараа нийлж байгаад төсөв, мөнгийг ахиу тавиулах, бүс нутгаа илүү хөгжүүлэх асуудалд анхаарчихна. Захын 3 дүүрэг чинь хоёрхон гишүүнтэй. Эргээд хамгийн хоцрогдсон, орхигдсон 3 дүүрэг болоод л үлдэнэ. Багануурын төрийн үйлчилгээний ихэнхэд Төв аймгийн иргэд үйлчлүүдэг. Эд нар чинь нэгдмэл нэг сонирхолтой байна шүү дээ. Энийг нийлүүлээд ойлгож чадахгүй бол бид бүс нутгийн хөгжил яриад яах юм бэ?
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:
-Энийг би ганцаараа эсвэл төрийн байгуулалтын байнгын хороо дангаараа шийдээгүй. Энэ саналыг гаргаж, хороогоороо хэлэлцүүлэхдээ урьд нь гарч байсан шийдвэрүүд, түүхэн үйл явцад бүрэлдэж бий болсон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдийн статусын асуудал тэгээд намуудын хэмжээнд бас санал солилцоод шийдвэр гаргадаг байгууллагууд нь дэмжээд орж ирсэн санаануудыг бид нэгтгээд тогтоолын төсөл бэлдсэн. Төв аймгийн нутаг дэвсгэрт байрладаг захын дүүргүүдийн тухайд хуулийнхаа дагуу нэг нь аймагт, нөгөө нь нийслэлд багтдаг нэгжүүд. Хуульд байгаа заалтаараа ч , агуулгаараа ч аймгийн газар нутгийг нийслэлийн дүүрэгтэй нэгтгээд бүс байгуулах боломжгүй ээ. Тухайн бүс нутгаас сонгогдсон хүмүүсийн хувийн эрх ашиг гэж Шадар сайд С.Амарсайханг та нэрлэх гээд байх шиг байна. Би үгүй болов уу гэж бодож байна. Нөхцөл байдлаа сайн мэддэг, сонгогдсон тойргийн хүмүүс нь саналаа хэлж тайларласан. Төв аймгийн Мөнгөнморьт, Баяндэлгэр гэх мэт ойрын сумдуудад гэр бүлийнхэн нь хуваагдаад хоёр газарт бүртгэгдчихсэн зүйл бий. Гэхдээ энэ 2 тусдаа асуудал. Иргэдийн оршин суугаа газраа бүртгэлтэй байгаа эсэх нь өнөөдрийн Засаг захиргаа, нутаг дэвсгэр, нэгжийн хуваарь, статусыг өөрчлөх боломжгүй учраас тогтоолын төсөлд тэгэж орсон.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
-2024 оны ээлжит сонгуулийн тойргийн хуваарилалт орж ирж байна. Өчигдөр байнгын хороонд олон зүйлийг асууж мэдэж, олон санааг илэрхийлсэн. Шинэ Үндсэн хуулиар энэ үзэл санааг оруулж ирэх гэж байгаа гэж хэлж байна. Манай намын дарга бол тойрог томсгох саналд нэгдсэн болохоос биш тойрог дотор яаж дугуйлахыг бол тохироогүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тойргийн хуваарилалтууд шог байгаа. Ингээд харахад бол энд наймаа явагдаж байна. Хан-Уул дүүргийг шууд ХҮН намын Доржхандад өгч байна. Багахангайг Шадар сайддаа өгч байна. 10 мандаттай тойрогт 10 хүн нэр дэвшээд 5, 5 минут үг хэлэхэд 50 минут болно. Хоёр мандаттай тойрог яах вэ? нэг нь 25 минут үг хэлэх нь байна шүү дээ. Энгийн логикоор тойргийг дураараа зарж байна. Тойрог томсоно гэдэг нь ЖДҮ, Хөгжлийн банкны бүх хулгай луйварт орчихсон олигархуудын том зодоон болох нь гэж харагдаж байна. Яагаад гэхээр нэг намаас 10 хүн дэвшье гэхэд 10 мандатад 10 намаас 100 хүн 14 хоногт багтааж намынхаа бодлого шийдвэр, өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй. Үүнээс юу гарах вэ гэхээр хор хохирол нь эрэгтэйчүүд бид нар тойроод тойроод бардаггүй юмыг энэ 4-5 аймгийг дамжаад бүсгүйчүүд явж дийлэх үү? Тэрийг дагасан санхүү гаргаж чадах уу? Нөгөө эрдэмтэн, докторууд маань тэгэж явж чадах уу? Би мэргэн хүн шиг хэлье. Үндсэн хуулийг хэлэлцэж байхад парламентад суудалгүй бүх нам орж ирнэ гээд шилний цаанаас чихэр долоолгосон. Одоо ийм том тойрогт парламентад суудалгүй намаас нэг ч хүн, бие даагчдаас хэн ч цухуйхгүй. Залуучууд, эмэгтэйчүүд яаж ч үзээд тамираа тасалсан ийм л сонгууль болно. Хувь хүний бие ч дийлэхгүй шүү дээ. 14 хоногт Монголын ийм том, улс орнуудыг нийлүүлсэн юм шиг нутаг дэвсгэрт 100 хүн тойрч тэр ард түмнийг залхаана гэж байх уу? Энийгээ засах боломж байна. Жишээ нь Улаанбаатар хотыг заавал ингэж 6 мандаттай болгож яах гэж байгаа юм? Хан-Уул, Багануур, Багахангайгаа нийлүүлээч дээ. Баянгол яахаараа дангаараа байх ёстой юм? Нийлүүлээч, ядаж 2 хувааж чаддаггүй юм аа гэхэд 3 хуваачих. 3 хувааж чаддаггүй юм бол 4 хуваачих. Тэгэхгүй бол хүнд зориулж тойрог зурж байсан түүх бий. Хуучин Увс аймагт зүүсэн хонины арьс шиг, хуучин Дорнод аймагт Базарсадын гутал гэж тойрог байдаг. Үүн шиг та нар тойрог зурж байна шүү дээ. Ер нь эрх баригч нар өнгөрсөн 8 удаагийн сонгуульд өөрсдөө дандаа ялах тойргоо зурж, ялж ирсэн. Тэгэхээр би асуулт асуухгүй. Асуулт болгоныг ард түмний толгойг угааж болж бүтэхгүй юмуудаар дүүргэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Хуулиараа хоёрдугаар сарын 1-ний дотор тойргоо зурах ёстой. Ондоо багтаад яригдаж байгаа юм байна. Энэ бол улс орныхоо том эрх ашгийг харвал жалга довны үзлээсээ салах гэдэг утгаараа зөв гэж харж байна. Өмнө нь ч АН-ынхан, АН-аас нэр дэвшиж гарч ирсэн Ерөнхийлөгчид хүртэл үүнийг хуучин дөрвөн аймгийнхаа дагавар байдлаар, хойноос урагш байдлаар бүсчилж хуваая гэдэг саналууд ч явж байсан. Хэрвээ бүсчилсэн хөгжлийн бодлого ярих гэж байгаа бол бүсүүдийг нэгдүгээр бүс, хоёрдугаар бүс гэх мэтээр дугаарлана гэхээр сонин санагдаад байна. Бодлогын хуваарилалт юм бол бүсүүддээ нэр өгье. Бүсүүдийг манайх Хангайн, Говийн, Төвийн, Зүүн, Баруун бүс гээд ядаж зүг чигээр нь нэрлэчихсэн байдаг шүү дээ. Үүнд Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг нэг тойрог, бүс болох юм байна. Үүнийг Төвийн бүс гэдэг ч юм уу, эсвэл онцлогийнх нь дагуу хөдөө аж ахуйн бүс гэж нэрлэмээр байна.
УИХ-ын гишүүн бол төр-ард түмний хооронд гүүр болдог элч төлөөлөгч гэж ойлгодог. Төв аймаг жишээ нь 27 сумтай. Сум бүрд хүрч ажиллахад маш их цаг хугацаа зарцуулж, Улаанбаатар хотоос 5 замаар 5 тийшээ салж явж очдог. Тэгэж ард иргэдтэй очиж уулзах юм. Дээр нь хоёр том аймагтай нийлэхээр иргэдтэйгээ очиж уулзах, тэдний санаа бодлыг сонсох, хүсэлтийг нь шийдвэрлүүлэх асуудлыг төрд хүргэх нь 3 дахин хүндэрнэ.
УИХ-ын сонгуулийн тухай хууль яригдаж байхад бид сурталчилгааны хугацааг битгий буулгаач, 18 хоногийг битгий багасгаач, ядаж 22 хоног болгооч гэдэг саналуудыг хэлж байсан. Томсгосон тойргоор 14 хоногт энэ 3 том аймгийг тойрох боломжгүй.
Ер нь бол Бүсчилсэн хөгжлийн бодлогыг дэмжиж байгаа. Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг бол хөдөө аж ахуйн, газар тариалан, эрчимжсэн фермерийн аж ахуйн гол бүс нутаг болно. Хөгжлөөрөө бүсэд бүсүүдээ манлайлна. Монголчуудын хоолтой байх эсэхийг, гурилтай байх уу, ногоотой байх уу гэдгийг шийдэх бүс болно гэж харж байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:
-Хэрэв бид Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулиараа улс орны хөгжлийг бүхэлд нь томоор нь хардаг ийм УИХ-тай болох сонгууль байгуулна гэж эхнээсээ ярьж, тогтсон юм бол дараа дараагийн логик алхмууд нь ямар байх вэ гэдгийг тухай тухайд нь хүн бүр дотроо бодож, эргэцүүлээд шийдвэрээ гаргаад УИХ тэр өөрчлөлтүүдийг хийсэн гэж ойлгож байна. Үүний дагуу томсгосон тойргийн асуудлыг оруулж ирлээ. УИХ-ын гишүүн бол тухайн ганц тойргийн биш бүх ард түмний элч гэдэг утгаараа аливаа асуудалд хандаж байвал томсгосон тойргоор сонгууль явуулах үед улам их ач холбогдолтой байх болов уу. Бүгд л адилхан 14 хоногт багтаагаад сурталчилгаагаа хийнэ. Хуучин шигээ бодоод сонгууль, сурталчилгааны ажлаа зохион байгуулна гэвэл үнэхээр төвөгтэй, хэцүү зүйлүүд гарч ирнэ. Нэрийн хувьд 2001 онд гарсан Бүсчилсэн хөгжлийн тухай одоо болтол хүчин төгөлдөр байгаа баримт бичиг бий. Энд Монгол Улсыг Баруун, Хангайн, Төвийн, Зүүн гээд 4 хуваачихсан байгаа. Дотор нь Улаанбаатар тусдаа бий. Энэ удаа тогтоож байгаа сонгуулийн аль тойрог тэр бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нэр нь заагдсан бүсэд багтаж байгаа юм бэ гэдгийг заачихсан. Тусгайлсан нэр өгөх асуудал байж болно.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
-УИХ-ын сонгууль ямар тойргоор явахаас Монголын улс төр хамаардаг. Улс төрөөсөө хамаараад нийгэм, эдийн засгийн бүхий л амьдрал өрнөж байгаа. 76 жижиг тойрогтой явбал илүү жижиг жижиг, тасархай байдлаар асуудлууд яригддаг. Улс төр нь өөр өөрийн өнгөтэй 76 өөр байдлаар яригдаж явдаг. Үүнээс болоод Монгол Улс талцаж хуваагддаг, нэгээс нөгөөд хэт туйлширсан байр суурь руу шилждэг эрсдлүүд үүсээд байна. Энэ Монгол Улсын цаашдын эрх ашигт буруу зүйл үү, зөв үү гэдгийг бид бодох учиртай юм. Өнөөдөр бол УИХ-д суудалтай намууд байр сууриа илэрхийлчихсэн. Бүсчилсэн тойргоор сонгуулийг явуулъя гэдэг саналыг намууд гаргасан. УИХ-ын гишүүдийн дийлэнх нь дэмжиж байна. Би ийм тохиолдлыг урьд өмнө нь харж байгаагүй. 2016 онд гэхэд л жижиг 76-аар явах уу, томсгосон 26 тойргоор явах уу гэхэд бараг 50, 50 хувиар хоорондоо маргалдаж байсан. Улс төр тогтвортой байж Монгол Улс хөгжинө. Томсгосон тойргоор явахад гэнэт унтаж сэрээд гэнэтийн шийдвэр гаргах нь Монголын төрд багасна гэж бодож байна.
Нэг асуудал байна. Улаанбаатар хотын хөгжил дэвшил бол нийслэлийн бодлого, чиглэлдээ хамаарч явна. Тэгэхээр хуучин хэвээр нь жижиг жижгээр хуваачихсан байна. Би дотроо Улаанбаатар хотыг нийслэлийн баруун, зүүн, хойд, өмнөд гээд 4 хуваачихмаар санагдаж байна. Ингэж чадах юм бол Улаанбаатар хотын бүсүүдээрээ эрчим хүчний асуудлууд нь шийдэгдэнэ. Үүнийгээ дагаад утааны асуудал шийдэгдэнэ. Метро, тойрог зам гээд Улаанбаатар хотыг томоор нь харсан хөгжлийн асуудлуудыг бүгдийг нь цогцоор нэг болгож шийдэх боломжтой. Жишээ нь өвөлжилт хүндэрлээ гэхэд бүсчилсэн байдлаар л бид асуудлыг авч шийдвэрлэнэ шүү дээ. Зарим аймаг нь нөхцөл байдал хүнд байна. Зарим нь өвс тэжээлгүй байна гээд асуудлаа шийдэж болно. Харин Улаанбаатар хотын тухайд зөвхөн Чингэлтэй нь хөгжөөд манлайллаа гээд нийслэлд хөгжил ирэхгүй шүү дээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:
-Томсгосон тойрог болгоод аль тойрогт ямар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж багтах нь зүйтэй вэ гэдэг асуудлаар өнөөдөр тухай тухайн тойргоос сонгогдсон гишүүд санал солилцсон юм байна лээ. Урьд нь дүүргүүд дотроо хуваагдсан тойргийн бүтэцтэй байсныг энэ удаад дүүрэг, дүүргээр нь бүтнээр нь нэг болгож байгаа юм. Жишээ нь Сүхбаатар, Чингэлтэй 2-ыг нийлүүлээд хойд хэсэг байдлаар бүсчилсэн хөгжлийн гэдэг юм уу, тойргийг томсгох агуулгатай эхний алхмууд Улаанбаатарт хийгдсэн. Ер нь хотын хөгжлийн асуудлаар бүсчилэх үү, тэлэх үү гэдгийг олон жил ярьж байгаа. Зөв гэж үзвэл таны хэлснээр хуваарилалт хийгдэж болох байлгүй дээ.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
-Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн үйл байдал, түүхэнд дүгнэлт хийж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Пропорциональ буюу мажоритар системээр Монгол Улсад сонгуулийг зохион байгуулна гэж Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Пропорционалийн тухайд Монгол Улсын бүх иргэд, гадаадад байгаа иргэд сонгуульд оролцох хууль эрх зүйг баталж өгсөн. Монгол Улс утгаараа яривал нэг тойрог байгаа. Бид өнөөдөр би гарах ёстой, манай НАМ ялах ёстой гэдэг бодлоор асуудалд хандмааргүй байна. Өнөөдөр тэр жалга довын үзэл, жижиг тойргийн зовлонг монголчууд 30 жилийн хугацаанд үзсэн. Улсыг бүсчилсэн байдлаар хөгжүүлэх асуудлыг шийдэх ёстой. Бүсчилсэн тойргоос сонгогдох хүмүүс бол Монголын ард түмний жинхэнэ төлөөлөл байх болно. Энэ бүсийн тойргийн, зарчмыг шийдэж байж төрийн нэр хүнд, ард түмний итгэл, олонхын саналыг авч Монголын ард түмний төлөө хууль эрх зүйн шинэчлэл хийнэ гэж үзэж байна. Нөгөө талаасаа жижиг намуудад сонгогдох боломжийг олгохгүй байна гэдэгтэй би санал нийлэхгүй байна.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Улаанбаатарын тойргуудыг л гайхаж байна. Нийслэлд бүсчлэлийн зарчим яаж явагдаж байгаа вэ? Цаашдаа Улаанбаатар хотыг нэг төвтэй, олон дүүрэгтэй яваад байх нь зөв юм уу? Баруун, зүүн бүс болгоод явах асуудлыг яагаад тойргууд дээрээ яриагүй юм бэ? Одоо ингээд харахад Чингэлтэй, Сүхбаатар 2-оос өөр өөрчлөлт алга.
Хоёрдугаарт тойргийн төвүүдтэй холбоотой асуулт байна. Миний сонгогдож, ажиллаж байгаа тойрог болох Дархан-Уул маань Сэлэнгэ, Төв аймгуудтай нийлээд 5-р тойрог болж байна. Тойргийн төв гэхээр ямар зарчим барьсан бэ? Сонгогчдын тоо олонхоороо явсан юм уу, эсвэл газар нутгийн байрлалаараа явсан уу? Тойргийн төвөөр авч үзвэл Төв аймгийн урд сумуудын тухайд Сэлэнгэ аймгийн Зуунмод хүрч байж иргэдтэйгээ уулзах нь л дээ. Эрдэнэсантаас Сүхбаатар сум буюу хойд хил хүртэл явах гээд байна. Газрын зургийн байрлалаар харвал Дархан төв нь юм шиг. Нэгэнт тойргийн төвийн тухай яривал Бүсчилсэн хөгжлийн баримтлалаараа үүнийг шийдчихсэн. Тухайлбал, Орхон аймгийг Хөвсгөлтэй нийлүүлээд Мөрөнг тойргийн төв гэчихсэн байна. Хөвсгөл, Орхон, Булган гээд гурван аймаг байна. Хөгжлийн бодлогоороо Орхон аймгийг төв нь гээд үзчихсэн. Тэгэхээр ямар зарчмаар тойргийн төвүүдээ зурсан бэ?
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:
-Сонгуулиар тойрог, мандатын тоо тогтоох бол олон талын ашиг сонирхлын зөрчлийн огтлолцол дээр зурагддаг. Үүнийг гишүүн болгон мэдэж байгаа. Жишээлбэл, Улаанбаатар хотыг өнөөдрийн тогтоолын төсөлд орж ирсэн байдлаар эхний ээлжинд тойрог болгож, мандатынхаа тоог хуваарилъя гэдэгт хотоос сонгогдсон гишүүдийнхээ саналыг тал талаас нь сонсч байж, хоорондоо зөвшилцөөд саналаар хийгдсэн. Өнгөрсөн сонгуулиар 9 тойрог байсныг энэ удаад 6 болгосон. Яваандаа Улаанбаатар хотыг гишүүдийн яриад байгаа шиг илүү томсгосон байдлаар хуваарилах боломжтой. Алхам алхмаар энэ чиглэл рүү явж байгаа.
Тойргийн төвийн хувьд бас адилхан харж л байсан. Гэтэл Сонгуулийн тухай хуулийн 14-7-д хэрэв 2 ба түүнээс аймаг нийлж сонгуулийн тойрог байгуулвал хамгийн олон сонгогчтой аймагт төв нь байрлана гээд заачихсан. Тэр дагуу л явж байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Улаанбаатар хотод өчнөөн хөрөнгө, мөнгө төсөвлөөд байхад утаа нь ч, түгжрэл нь ч бахь байдгаараа байна. Энэ бол сүүлийн 30 жилийн төсвийн буруу хуваарилалт гэж би харж байгаа. Тухайлбал, нүүрсний сонсголоос харахад нүүрс дагасан хуйвалдаан, хулгайн мөнгө нь хэд хэдэн цахилгаан станц барьчих хэмжээний асуудал байна. Дулааны станцаа барьчихъя гэхэд 500 сая төгрөг хэрэгтэй гэхэд 500 сая ам.доллар буруу замаар урсчихсан байна. Тийм учраас бүсчилсэн байдлаар хөгжих, тойргийг энэ зарчмаар хуваарилах зарчмыг дэмжиж байна. Жишээ нь хөдөө орон нутгийг газар тариалан, уул уурхай ашигт малтмалын бүс, аялал жуулчлалын бүс гэдэг байдлаар бодит утгаар нь бүсчилж аваад төсвийн зөв хуваарилалт хийчихвэл хөдөө орон нутаг эзгүйрч, цөлжсөн асуудлаа шийдвэрлэх боломж байгаа. Хамгийн чухал нь 1.3 сая хүн амтай Улаанбаатар хот байна. Нөгөө л түгжрэл, утаа.. энэ нь иргэдийн эрүүл мэндийн эсрэг заналхийлэл болох хэмжээнд харж байна. Тиймээс Чингэлтэй, Сүхбаатар 2 нэг тойрог болж ороод Сэлбэ дэд төвийг ашиглаад гэр хорооллыг барилгажуулах бүрэн бололцоо бүрдэнэ гэж бид харж байна. Жишээлбэл, 2024-2026 оны хооронд Сэлбэ дэд төвийг дагаад хоёр дүүргийн 16 мянган айл өрхийг дэд бүтэцжүүлэх төсөл хэрэгжих гэж байна. Төсвийг нь нийслэлд суулгаад, газар чөлөөлөлтийг нь эхлүүлэх гэж байна. Энэ ганц гэр хорооллын асуудал биш утаа, түгжрэл буурна гэж харж байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Өнөөдөр 3.5 сая хүний 900 гаруй мянга нь ядуу, эрх чөлөөгүй байна гээд Дэлхийн банк дүгнэчихсэн байна. Дахиад 15 хувь буюу 400-аад мянган хүн ядуурах магадлалтай гэж байна. Ингээд 1.3 сая хүн ядуу байна. Бид өнөөдөр ардчиллын өлгий, гэрэлтэй цэг гэж байна. Иргэдийнх нь 40-өөд хувь нь ядуурчихсан ардчилсан улс гэж байхгүй. Өөр олон асуудал байна. Хоёр хөрштэйгөө найрсаг, сайхан харилцаатай. Гэвч дэндүү хараат болчихсон. Бид баялгаа үнэ хүргэж зарж чадахгүй байна. Дэлхийн банкны мэдээллээр Монгол Улсын ашигт малтмалаа худалдаж байгаа үнэ нь Оросоос 18 хувь, дэлхийн зах зээлээс 50 хувиар бага байна. Иймэрхүү л юм хийгээд бид явж байна. Гурав дахь хөршүүд бидэнд гараа сунгаж байгаа. Хамгийн гол нь бид дотооддоо учраа олох хэрэгтэй байна.
Холбоотой мэдээ