Энэ 2023 оны намар есдүгээр сард морин дээрх байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол улсад зохион байгуулагдаж байсан бол үүнээс гурван сарын дараа дэлхийн шилдэг харваачид Ази тивд дахин цугларлаа.
Энэ удаад сонгодог байт харвааны олон улсын тэмцээнийг ОХУ нутагтаа хүлээн авч зохион байгууллаа. Тодруулбал, Монголтой хил залгаа Өвөр Байгальд тэмцээн зохиогдлоо. Арванхоёрдугаар сарын 8-12-ны хооронд Чита хотноо явагдсан уг тэмцээнд 17 орны 500 гаруй харвааач оролцлоо.
Азербайжан, Армян, Беларус, Казахстан, Киргиз, БНХАУ, Колумб, Латви, Мексик, Пакистан, Румын, Тажикистан, Туркмен, Турк, Узбекистан, Шри-Ланк, БНСУ-ын харваачид Оросын Алс Дорнодод ийнхүү ирж тэмцээнд цэц мэргэнээ сорилоо.
Тэмцээн ганцаарчилсан болон багийн гэсэн хоёр ангиллаар, олон улсын зэрэглэлийн дагуу зохиогдлоо. Тэмцээний шагналын сан 4 сая рубль байлаа.
Багийн дүнгээр эхний байрыг эрэгтэйчүүдээс ОХУ-ын баг эзэлж алтан медаль, Беларусийн баг хоёрдугаар байр эзэлж мөнгөн медаль, Туркийн баг гуравдугаар байр эзэлж, хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдээс эхний байрыг мөн ОХУ-ын баг эзэлж, алтан медалийн эзэд боллоо. Хоёрдугаар байрт Беларусийн баг, гуравдугаар байрт Азербайжаны эмэгтэй баг шалгарч, мөнгө, хүрэл медалийг хүртлээ.
Туркийн багийн ахлах дасгалжуулагч Ведат Эрбай сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа ийм том хэмжээний тэмцээнд оролцохыг урьсан Оросын талд талархал илэрхийлээд, тамирчдад өрсөлдөх таатай орчныг бүрдүүлсэн байсныг онцоллоо. Тэрбээр хувийн зүгээс тэмцээнийг өндөр хэмжээнд зохион байгуулсанд талархал илэрхийллээ.
Читад зөвхөн өрсөлдөхийн тулд биш шинэ найз нөхөдтэй болохын тулд ирсэнээ тамирчид хэлж байлаа.
Латвийн харваач Татьяна Журавлёва тамирчин хүн улс төрөөс ангид байх ёстойг онцлоод, Читад болж өнгөрсөн энэхүү тэмцээн нэг дээвэр дор олон орны тамирчдыг цуглуулсан нь үүний нотолгоо юм гэлээ.
“Спорт бол юун түрүүн хувь хүний зүтгэл, бүтээл байдаг. Үүнд улс төр огт хамаагүй бөгөөд тамирчдад ямар ч нөлөө үзүүлэх ёсгүй” хэмээн Татьяна Журавлёва хэллээ.
Колумбийн харваач Мария-Паула Вальтерос түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн. Спорт улс орнуудыг нэгтгэж, хил хязгаарыг үгүй болгодог гэдэгт итгэдэг хэмээн Мария-Паула Вальтерос байр сууриа илэрхийллээ.
“Би Орост ирээд таатай, сайхан орчныг мэдэрч байна. Энд эерэг энерги эргэн тойронд мэдрэгдэж байна. Ийм сайхан тэмцээнд оролцохыг урьсанд баярлалаа, тэмцээний зохион байгуулалт маш өндөр түвшинд байлаа. Заавал энд эргэж ирнэ” хэмээн Мария-Паула Вальтерос хэллээ.
2024 оны Парисийн олимпийн наадам болоход тун бага хугацаа үлдээд байгаа энэ үед харваачид маань бэлтгэлээ ид хангаж, тамирчны 4 жилийн циклийн оргил үедээ бэлдэж байна.
БНСУ-ын эмэгтэй харваачид олимпийн тоглолтод байнга илүүрхдэг. Өмнөд Солонгосын байт харвааны эмэгтэй баг 9 олимп дараалан алтан медалийн эзэн болсон агуу амжилттай баг. Гэсэн ч олимпийн тоглолт үргэлж гэнэтийн үйл явдлаар дүүрэн байдаг. Хэн сэтгэл хөдлөлөө барьж, өөрийгөө ялан аварга болж, алтан медалийн эзэн болох нь спортод эцсийн мөчид шийдэгддэг. Читад тамирчид нөхөрсөг, найрсаг уур амьсгалд өрсөлдөж, ялалтын амтыг мэдрүүллээ.