"Б.Ганхуягийг энд авч ирэхээс хамгийн том хулгайч нар айж байна"

Хуучирсан мэдээ: 2023.12.21-нд нийтлэгдсэн

Live"Б.Ганхуягийг энд авч ирэхээс хамгийн том хулгайч нар айж байна"

"Б.Ганхуягийг энд авч ирэхээс хамгийн том хулгайч нар айж байна"

 

19 : 45
2023-12-21

"Б.Ганхуягийг энд авч ирэхээс хамгийн том хулгайч нар айж байна"

Асуулт хариулт үргэлжлэв. 

“Бодь интернэшнл” компанийг үүсгэн байгуулагч Д.БАЯСГАЛАН:

-Нэгдүгээрт, манай компанийг нүүрс зарж дундаас нь ашиг хийсэн гээд байна. Нүүрс авдаг компаниуд авдаг үнээрээ л авсан. Төмөр замын үр ашгийн тухай яриад байна. Төмөр замын төсөл бол цагийн зүү шиг ажиллаж байж л үр ашгаа өгнө. Төмөр зам нь үйл ажиллагааны зардал багатай, хил холболтоо хийж байж, бүх газар анхаарч байж үр ашгаа өгнө. Гашуунсухайтын төмөр зам дээр Улсын комисс 23 удаагийн шалгалт хийж, төмөр замыг хүлээж авсан. Одооноос төмөр зам зүгширч эхэлж байгаа учраас  хоёр жилийн дараагаас үр ашиг нь гарч эхэлнэ. Нүүрс зарсан үнээсээ хоёр дахин үнээр тээвэрлээд байна гэж байсан. Төмөр зам ашиглалтад орохтой уялдаад тээврийн зардал буурсан. 50, 60 ам.доллар болж буусан. Хуучин тээврийн зардлын үнэ 100 гаруй ам.доллар байсан. 20 мянган жолоочтой тээврийн компаниуд төмөр замд өрсөлдөхүйц хэмжээтэй зохион байгуулалтад орж, явж байгаа нь Монгол Улс олон зуун сая ам.доллар хэмнэсэн байгаа шүү.

М.Оюунчимэг гишүүн 67.5 сая тонн нүүрсийг машинаар гаргасан гэж яриад байна. Энэ нүүрсний 24 сая тонн нь нүүрс нь “Эрдэнэс Тавантолгой” ХК -ийнх. Бусад нь  Шивээ-Овоо болон бусад боомтоор гарч байгаа нүүрс.

Ноднин жил Монгол Улс нүрсээ урагш нь гаргачихаад мөнгөө авч чадахгүй байна, үүнээс болж, валютын нөөц багасч байна гэдэг хардалт сэрдэлт их гарсан.

Нүүрсний худалдаа хийж байгаа компаниуд асар их санхүүгийн нөөцтэй байхгүй бол энэ бизнес дотор явахгүй. Эхэлж “Эрдэнэс Тавантолгой” ХК-д мөнгөө түрүүлж өгч байгаа юм, дараа нь тээврийн компанид  мөнгө өгч байгаа юм. Цагаан хад дээр аваачиж буулгаад хил гарахаа хүлээж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д нэг тэрбум ам.долларын урьдчилгаа өгсөн бол бараг хоёр тэрбумыг тээвэрт өгч Монголын хил дээр аваачиж байгаа. Хэзээ мөнгө болж, ашиг болох вэ гэхээр хил гараад Ганц мод дээр аваачаад цаашаа зарсны дараа мөнгөтэй залгаж байгаа.

Covid-19 цар тахлын үеэр юу болсон бэ гэхээр нүүрсний компаниуд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д баахан мөнгө өгчихсөн, тэгээд Хятад руу гаргаж чадахгүй болохоор 2020, 2021 онд нүүрсний худалдаа хийж байсан тус улсын компаниуд бүгд санхүүгийн хувьд маш их алдагдалд орсон. Хил нээгдэнгүүт авчихсан нүүрсээ Хятад руу гаргаж эхэлтэл манай гаалийнхан орж ирж байгаа нүүрсний үнэ, гарч байгаа нүүрс хоёрын дунд маш их зөрүү гараад байна. Гадаадад мөнгөө авч үлдээд байна гэдэг буруу зөрүү ойлголт гарснаас биш асуудал гараагүй.  Бидний хувьд ч санхүүгийн хувьд хүнд болсон. Одоо бид татварын өртэй явж байгаа, санхүүгийн үзүүлэлтүүд өөрчлөгдөж гарах байх. Цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх үүрэг хүлээсэн нь менементийн асуудал. Бид нарт нүүрсээ ямар үнээр өгнө, цааш нь бид Хятадын худалдан авагч руу шууд өгдөг байсан шүү гэдгийг хэлмээр байна.

УИХ-ын гишүүн С.ГАНБААТАР:

-“Бодь” 200-гаад сая ам.долларыг урьдчилж авсан, 90-ээд сая ам.долларыг нүүрсээр авсан. Нүүрсээр урьдчилж авна гэдэг бол бартерын гэрээ. “Бодь”,  “Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн борлуулалтын албыг л гүйцэтгэсэн. Энэ шийдвэрийг хувьцаа эзэмшигч нарт мэдэгдсэн үү. Бүтээн байгуулалтыг би хүндэтгэж байгаа.

Энд ярьсан бүх гэрээн дээр Б.Ганхуяг гарын үсэг зурсан байгаа.  Б.Ганхуяг чөлөөтэй энд ирж ярих боломжтой юм байна лээ. Гэвч түүнийг энд авч ирэхээс хамгийн том хулгайч нар айж байна.

“Бодь интернэшнл” компанийг үүсгэн байгуулагч Д.БАЯСГАЛАН:

-Төмөр замын гэрээг оффтейк гэрээгээр дуусгах шийдвэр гарч байсан. Бидэнд энэ ажлыг маш хурдан хугацаанд гүйцэтгэх үүрэг өгч байсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн нийт экспортолж байсан нүүрсний 11 хувийг л өгч байсан. Борлуулалтын орлогынхоо 11 хувиар төмөр замтай болсон гэсэнг үг. С.Ганбаатар гишүүн зөв хэллээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК -иас нүүрс худалдан авдаг компанид л тэр үнээр нь өгсөн байхгүй юу. “Чалько” ч гэсэн одоог болтол хамгийн хямд үнээр нүүрс худалдан авдаг. Норинко зэрэг компаниуд 17-18 хувийн хөнгөлөлттэй үнээр нүүрс худалдан авдаг.  Бид зах зээлийнх нь үнээр авах юм бол борлуулж чадахгүй.

УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Таны захиалсан толгой, вагон хэзээ орж ирэх юм бэ. Цагаан хад луу юмаа зөөе л дөө.

“Бодь интернэшнл” компанийг үүсгэн байгуулагч Д.БАЯСГАЛАН:

-Гэрээгээр бид нар 812 ширхэг вагон нийлүүлэх ёстой. Түүнийгээ нийлүүлээд дууссан. Улсын комисс хүлээж аваад, “Тавантолгой төмөр зам” компани ашиглаж байгаа. 16 ширхэг зүтгүүр өгөх ёстой, Covid-19-өөс болж хойшилсон. Эхний хоёр зүтгүүр ирэх хоёрдугаар сард орж ирнэ. Ирэх долдугаар сар гэхэд 16  зүтгүүр оруулаад ирэнэ. Гэхдээ ажилд саад болохгүйн тулд Америкийн зүтгүүрийн үйлдвэр хоцроод байсан учраас Казахстанаас хоёр зүтгүүр оруулж ирээд “Тавантолгой төмөр зам” компанид өгчихсөн. Нүүрсээ тээвэрлэж байгаа.

 

 

17 : 29
2023-12-21

Д.Баясгалан: Бид нэг ч цент нэмж нүүрс зарж байгаагүй

Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам төслийг хэрэгжүүлсэн "Бодь интернэшнл" ХХК-ийн төсөлтэй холбогдуулж, гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. 

Сонсгол даргалагч УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

“Бодь интернэшнл” энэ төслийг хэрэгжүүлэхдээ 18 хувийн хөнгөлөлттэй үнээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас нүүрс авсан. 204 сая ам.долларын хөнгөлөлт нүүрсний үнийн зөрүүн дээрээс гарсан. Энэ төслийг хэрэгжүүлэхдээ “Бодь интернэшнл” гадаад дотоодын ямар хөрөнгө оруулалт татсан бэ. Бид шаардсан, Түр хороонд мэдээлэл ирүүлээгүй.

“Бодь интернэшнл” компанийг үүсгэн байгуулагч Д.БАЯСГАЛАН:

-Сүүлийн 30 жилд яригдсан, Монгол Улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэх, цаашдаа ч өгөөжөө өгөх том төслүүдийн нэг. Бүх асуултад хариулт өгөхөд бэлэн байна.

Өнгөрсөн 3 хоногийн сонсголыг ажиглалаа. Тавантолгойг тойрсон энэ олон төслүүдийг зөв цэгцтэй ойлголт өгөх үүднээс аль нь Гашуунсухайт юм, аль нь Зүүнбаян юм, аль нь Цагаан хад юм, холболтын төмөр зам гэдэг нь юу юм, шилжүүлэн ачих терминаль нь юу юм бэ гэдэг дээр цэгцтэй ойлголт өгье гэж бодож байна. Хянан шалгах хорооны гишүүд хүссэнээ асуугаарай, аль болох яриаг минь таслуузай.

Манайх санхүүжилтээ нэг хэсгийг бэлэн мөнгөөр, нэс хэсгийг нүүрсээр авсан. Шинжээч хянан шалгагч нарын дүгнэлт буруу, зарим мэдээллээ дутуу авснаас нийгэмд их буруу ойлголт өгч байна. Сонсголын эхний өдөр 5.2 сая тонн нүүрс Монгол Улсын хилээр бүртгэлгүй гарсан гэдэг мэдээллээс болоод 5 тэрбум ам.долларын нүүрс алга болсон юм шиг ойлгогдсон. Нүүрсний худалдаа яаж явдаг талаар нарийн ширийн зүйлийг ярьж өгье.

Ойлголтын зөрүү гараад байгаа учраас тооны зөрүү гараад байна. 204 сая ам.долларын хөнгөлөлт үзүүлсэн гэж ярьж байна. Нэгдүгээрт, манай компани нүүрс борлуулдаг компани биш. Бид хөнгөлөлттэй үнээр нүүрс худалдан аваад тэрийгээ зах зээлийн үнээр зараад дундаас нь ашиг олдог гэж гаргасан шиг байна.

Бид нар анх нүүрсээр гэрээ хийе гэдэг саналтай байгаагүй. Манай компани Тавантолгой ордтой холбоотой төсөлд оролцдоггүй байсан. Үнэ яаж тогтдог вэ гэхээр хамгийн анх 2008 оны сонгуулийн өмнө хоёр нам бүх иргэддээ мөнгө тараах амлалтаас үүдэж 2012 оны сонгуулийн өмнө мөнгө тараах шаардлага гарсан учраас “Эрдэнэс Тавантолгой” ХК 350 сая ам.доллар босгох шаардлага үүссэн. Тэр үед “Чалько”-той гэрээ байгуулсан. Тэр гэрээн дээр 127 ам.доллар байсан нүүрсний үнийг 75 ам.доллар буюу 40 ам.доллараар хямдруулж Монгол улс аваад, дээр нь  хүү тооцуулаад, Зүүн цанхийн дөрөвдүгээр давхарга буюу Тавантолгойн хамгийн чанартай нүүрс өгөх 10 жилийн гэрээ байгуулаад 350 сая ам.доллар авсан. Миний зүгээс харахад хугацаанд шахагдсан ашиггүй гэрээ байсан. Дараа нь 2021 онд Засгийн газар гарч ирээд хатуу тогтоосон 75 ам.долларыг индексээр тогтоогоод нүүрсний үнэ унаад, 2019 онд нүүрсээр төлбөрийг нь төлж дуусгасан. Нүүрсний үнэ хөнгөлөлт гэдгийг “Чалько” гэдэг компани л тогтоодог.

Бидний хувьд  “Эрдэнэс Тавантолгой”-гоос нүүрсээ төмөр замын бүтээн байгуулалтад зориулсан гэдэг тодотголоор аваад тэрийгээ өдөрт нь нэрлэсэн худалдан авагчид өгдөг.

Тэр мөнгө нь төмөр замын бүтээн байгуулалтад ороод тэр нь “Эрдэнэс Тавантолгой” компаниас дуусаагүй хөрөнгө оруулалтын бүртгэлд бүртгэгдээд, улсын комисс хүлээж аваад дундын гүйцэтгэл батлагдсаны дараа бүртгэгдээд явдаг. Хэрвээ бид нарт хөнгөлөлтгүй үнээр нүүрс зарсан бол нэг ч Хятадын худалдан авагч нүүрс авахгүй. Түрүүн 30-аад компанийн нэр гарсан, тэр компаниуд бүгдээрээ “Эрдэнэс Тавантолгой” ХК ийн худалдан авагч нар.  Төмөр замын худалдан авагч гэж байхгүй. “Эрдэнэс Тавантолгой” ХК ийн хамгийн том худалдан авагч нь “Чалько” тэргүүтэй компаниуд байгаа.  Бид тэр хэдэн компанид хандаж “ төмөр зам барихад зориулж байгаа нүүрсийг та бүхэн аваач ээ. Бид мөнгийг нь аваад төмөр зам барих гэж байгаа юм аа” гээд борлуулж байсан. Хэрвээ хөнгөлөлт эдэлсэн бол тэд л эдэлж байгаа. Бид нэг ч цент нэмж нүүрс зарж байгаагүй.  Бид нэг ч хөнгөлөлт эдэлж байгаагүй.

Сонсгол даргалагч УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-Хоёр удаа шаардсан, нэг удаа албан шаардлага өгсөн. Гэрээнийхээ үнийн дүнг дарж ирүүлээд байгаа. Түр хороонд энэ дээрээ тайлбар өгөөч?

“Бодь интернэшнл” компанийг үүсгэн байгуулагч Д.БАЯСГАЛАН:

-Энэ бол манай компанийн туслан гүйцэтгэгч нартай буюу байгуулсан төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон гэрээг яриад байна. Нөгөө талд нэрлэсэн худалдан авагч нартай нүүрс нийлүүлж байсан гэрээ бол  “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Бодь интернэншл”, Хятадын компани гэсэн гурвалсан гэрээ байгаа. Энэ гэрээг биднээс хэн ч шаардаагүй, асуугаагүй. Өнгөрсөн онд нүүрсний асуудал гарснаас хойш бид Ерөнхий сайд, Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурор, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” компаниудад энэ төсөл дээр санхүүгийн, хууль зүйн олон улсын аудит хий гэдэг саналыг тавьсан. МАН -ын бүлэг Тавантолгойн орд газартай холбоотой асуудал дээр олон улсын аудит хийлгэе гэдэг санал гаргасан гэж хэвлэлээс мэдээлэл авсан. Олон улсын аудит хийлгэсний дараа маш олон зүйл тодорхой болно гэж бодож байна.

Бид нийтдээ 16 орны 700 орчим компанийн 15 мянган хүн оролцуулж, төслийг цаг хугацаанд нь амжилттай дуусгасан.

Та бүхэн 30 хэдэн компанийг бидэнтэй холбоотой этгээдүүд гээд гаргаад байна. Зарим компанийг нь би мэдэх ч үгүй юм байна лээ. Юунд ч оролцсон юм.

Сонсгол даргалагч УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-Та Х.Баттулга, мөн Би Ли нартай хамтран “Баянсгрийт” гэж компани байгуулсан юм байна. Нэгдмэл сонирхолтой этгээд гэж үзэгдэж байгаа.

“Бодь интернэшнл” компанийг үүсгэн байгуулагч Д.БАЯСГАЛАН:

-Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтад огт оролцоогүй. Хаа байсан 20 -иод жилийн өмнө хөрөнгө татах гээд байгуулсан компани. Хэзээний татан буугдсан. Би Ли бол хаа байсан 20, 30-аад жилийн өмнө монголчуудын барааг нь зөөгөөд явдаг байсан жирийн л ажилчин. Тэрний энэ ажилд оролцоно гэж юу байх вэ.

Бид нарт 30 сарын дотор энэ төмөр замыг дуусгах хатуу шаарлдлага Засгийн газраас өгсөн. 2020 оны гуравдугаар сарын 1-ээс бүтээн байгуулалтын ажил эхлээд 17 хонож байтал хил бүрэн хаагдсан. Монгол Улс нүүрсээ гаргаж чадахгүй болсон. 

Зургаан том багц ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллах компанийг сонгон шалгаруулахдаа ажлын гүйцэтгэл, санхүүгийн чадавхи зэргийг харж сонгон шалгаруулна уу гэхээс гарал үүслийг харахгүй, манай компанид хамааралгүй.

Сонсгол даргалагч УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

Төслийг гүйцэтгэхдээ гадаадаас хөрөнгө татсан уу?

“Бодь интернэшнл” компанийг үүсгэн байгуулагч Д.БАЯСГАЛАН:

-2020-2021 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК бүтэн жил зогссон. Монгол Улс ч санхүүжилтгүй болсон. Бид ч  энэ хугацаанд санхүүжилтгүй болсон. Нүүрс гарахаа больсон. Гэрээнд заасан үүргийнхээ дагуу манай компани нүүрс худалдан авагч нар болон гадаад дотоодын банкуудаас нийт 325,.8 сая ам.доллар босгосон. Гадаадын банкуудаас 285 сая ам.доллар, дотоодын банкуудаас 60-аад сая ам.доллар босгосон.

 

15 : 41
2023-12-21

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд ажил гүйцэтгэсэн компаниуд

Сонсгол Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд тавьсан төмөр зам төслийн талаар үргэлжиллээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барих төслийг “Бодь интернэшнл” ХХК гүйцэтгэсэн юм. Энэхүү төмөр зам нь 233.6 км урттай, зургаан зөрлөг, хоёр өртөөтэй. Жилд 30-50 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтайгаар баригджээ.

Шинжээч “Бодь интернэшнл” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажилласан компанийн хамаарал бүхий этгээдийг ийн гаргажээ.

13 : 09
2023-12-21

Т.Доржханд: Авлига, хулгай нь сөхөгдөхөөр Х.Баттулга өвддөг, зугтдаг

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замтай холбоотой асуудлаар гишүүд асуулт тавьж, холбогдох албан тушаалтнууд, гэрч, шинжээч нар хариулт өглөө. 

УИХ-ын гишүүн Г.ГАНБОЛД:

-Зүүнбаян төмөр зам эдийн засгийн үр ашиггүй төмөр зам. Хөндлөнгөөс нь төмөр зам хийгээд 10 хувийн гүйцтэгэл л гарна. “Тавантолгой түлш” компанийн мидлинг зөөх л ажил хийж байна. Вагон нь байхгүй, зүтгүүр нь байхгүй. Нэг ТЭЗҮ хийгээд мөнгийг нь авуутаа өөрчлөөд л байсан.  Зүүнбаян ч тэр Гашуунсухайт дээр ч тэр ТЭЗҮ нэрээр мөнгө алга болсон. Нийгэмд ойлгуулахдаа Зэвсэгт хүчин хамгийн хямд үнээр төмөр зам барьж байгаа гэдэг. Нарийн харахаар төмөр зам барих ажлын 11.8 хувийг л цэргүүдээр хийлгэсэн. Шууд худалдан авалт хийсэн. Хийсэн ажлынхаа 50 хувьтай тэнцэх мөнгөөр техник худалдан авсан. Зэвсэгт хүчинд төмөр замын мэргэжлийн хүн, инженер техникийн байхгүй байсан. Төмөр замын чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй нэг ч компани танай туслан гүйцэтгэгч нар дотор байгаагүй. Энэ яг бодитой бүтээн байгуулалт болж чадсан уу. Хэн хүлээн авсан бэ, энэ төмөр замыг. 11.8 км дотор шууд худалдан авсан 60 тэрбум төгрөгийн техник байгаа юу. Цаашдаа яаж ашиглах вэ.  

Барилга инженерийн цэргийн удирдах газрын дарга Д.ЖАРГАЛСАЙХАН:

-Манай зэвсэгт хүчин энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцдог. Монгол Улсын батлан хамагаалах салбар, аюулгүй байдлыг хангаж байгаа том айл. Социализмын үед хийгдэж байсан томоохон бүтээн байгуулалтыг хийж ирсэн том айл. Тэр ч үүднээсээ мэргэжилтэй боловсон хүчин, хүний нөөц хангалттай байдаг учраас энэ ажлаа чанарын өндөр төвшинд гүйцэтгэсэн. Техникийн хувьд шууд гэрээ байгуулсан гэж яриад байгаа, үгүй. Засгийн газраас ажлын хэсэг гарсан. Ажлын хэсгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга ахалж байсан.  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаас дэд ажлын хэсэг гарсан. Дэд ажлын хэсэгт Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хууль хяналтын байгууллагын удирдлага, мэргэжлийн байгууллагын дарга нар орсон. Тэр ажлын хэсэг сонгон шалгаруулалт хийж, худалдан авах үйл ажиллагаа хийсэн. Хараа хяналтгүй худалдан авалт хийсэн юм байхгүй.

Ажлын хэсэг сонгон шалгаруулалт хийж, шалгаруулж байсан. Нэг ширхэг хадаасыг хүртэл ажлын хэсгээр оруулж, сонгон шалгаруулалт хийж, худалдан авч байсан. Туслан гүйцэтгэгч нараар үндэсний аж ахуй нэгжүүд оролцсон. Зүүнбаянгаас -Тавантолгой хүртэлх 414 км төмөр зам дээр нэг ч гадаад хүн ажиллаагүй, монголчууд өөрсдөө ТЭЗҮ-ээ хийгээд, өөрсдөө санхүүжилтээ босгоод, өөрсдөө ажилласан. Үүгээрээ Зэвсэгт хүчин ч бахархдаг.

Урд талаас Улаанбаатар хот руу нүүрс зөөж байгаа нь үнэн. 2021 онд нүүрсээ зөөж чадахгүй, Зэвсэгт хүчин зөөсөн. Сая таны ярьсан техникээр нүүрсээ зөөсөн. “Тавантолгой түлш” компани нүүрсгүй болчихоод Зэвсэгт хүчин зөөсөн. Улсын тулгамдсан том ажил дээр Зэвсэгт хүчин оролцсоор байгаа. Зөв нүдээ олсон хөрөнгө оруулалт хийгдсэн гэж хардаг.

Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

Та Хөдөлмөрийн баатар тийм ээ?

-Тийм.

Ямар мэргэжилтэй билээ, урд хаана ажиллаж байсан бэ?

-Эдийн засагч мэргэжилтэй, 2012-2016 онд Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. 2017 оноос Ерөнхийлөгчийн зохион байгуулалтын хэлстийн даргаар ажиллаж байсан.

-Таны хамаарал бүхий компани туслан гүйцэтгэгчээр орж ажиллаж байсан уу?

-Байхгүй, орж ажиллаагүй.

УИХ-ын гишүүн Г.ГАНБОЛД:

-Аж ахуй нэгжүүд “Монголын төмөр зам” төрийн өмчит компаниас өр авлага нэхээд байгаа. Энэ асуудлыг яаж шийдэж байна вэ. Аж ахуй нэгжүүдийг хохиролгүй болгохгүй бол. Төмөр замд хуваарилагдсан мөнгөнөөс нь Зэвсэгт хүчин техник авсан.

“Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн гүйцтгэх захирал Б.ОТГОНСҮХ:

-Тавантолгой -Зүүнбаян чиглэлийн төмөр замыг 2021 онд хүлээн авсан. Түүнээс хойш 1.8 сая тонн ачааг тээвэрлээд байна. 2025 онд 3.5 сая тонн ачаа зөөвөрлөх зорилт тавьсан.

Нийт 100 гаруй тэрбум төгрөгийн өртэй. 416.1 км төмөр зам дээр 200 гаруй аж ахуй нэгж ажилласнаас 120 гаруй аж ахуй нэгжийн өр төлбөрийн асуудлыг шийдэж чадаагүй байна.

5 хувийн баталгаанаас эхлүүлээд төслийн мөнгөнөөс 67 тэрбум төгрөгөөр Зэвсэгт хүчний жанжин штаб техник авсан нь сох дутсан асуудал байдаг.

УИХ-ын гишүүн Г.ГАНБОЛД:

– ТЭЗҮ дээр нь байсан хүмүүс байна уу. Таны тавьсан төмөр замд элс шуурсаар дарагдлаа. Элсний хамгаалалтыг яаж хийнэ гэж тооцсон бэ. зардлаа дийлэх үү?

Гэрч н.ЖАРГАЛСАЙХАН:

-ТЭЗҮ дээр ажиллаж байсан, элсний судалгаан дээр ажиллаж байсан хүн би биш. ТЭЗҮ зэргийг удирдаж байсан хүмүүс л хариулах байх.

Сонсгол даргалагч УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-Энэ схемтэй холботой маш дэлгэрэнгүй танилцуулга Хөгжлийн банкны сонсголын үеэр танилцуулагдсан. Таны асуултад хариулах хүн Америк руу зугтаад 10 жил болсон байна.

УИХ-ын гишүүн Г.ГАНБОЛД:

-Гэрээ хийсэн компаниуд ажил хийх гээд очихоор зураг нь байхгүй, хөөж хийсэн байдаг.

Гэрч н.ЖАРГАЛСАЙХАН:

-Энэ төслийг хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн. Маш хямд өртгөөр барьсан. Улаанбаатар төмөр зам ч элсэндээ дарагдаад л байж байдаг. Цаашдаа цэвэрлэх, мод тарих зэргээр ажлаа хийгээд явна байх.

“Монголын төмөр зам” ТӨХК -ийн захирал асан н.БАТСҮХ:

-Энэ төмөр зам Монгол Улсад мөрдөгдөж байгаа дүрэм журам, стандартын шаардлагад нийцэж баригдсан.  Бетон дэртэй, нэг бетон дээр нь 320 кг жинтэй. Гуравдугаар зэрэглэлийн төмөр зам. Бодит батлагдсан төсөв, магадлангаар орсны дагуу баригдсан төмөр зам.

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:

-Төмөр замыг гардаж хийлгэсэн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр чиглэл өгч, нууцад оруулсан хүн нь Х.Баттулга. Дахиад ирсэнгүй. Жилийн өмнө нээлттэй сонсгол хийхэд өвчтэй гээд ирээгүй. Гэтэл сарын дараа нь болсон Хөгжлийн банкны сонсгол дээр бүтээн байгуулагч дүрээр орж ирсэн. Өөрийнх нь авлига хулгайтай холбоотой асуудал ороод ирэхээр өвддөг, зугатдаг. Х.Баттулгын шагнаад байсан, “нарийн төмөр зам болохгүй ээ” гээд схемийг нь зурсан хүн нь Н.Удаанжаргал. Нүүрсний сонголын сураг авуутаа Монголоос гараад зугтаасан. Хаана яваа юм бүү мэд. Б.Ганхуяг мөн шагнуулсан, схемээ зуралцсан. Шүүхийн шийдвэртэй гээд шагнуулсан хүн нь бас ирсэнгүй. Танилцуулга дээр хоёр хүний яриа гарлаа. А.Гансүх гэдэг хүн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тэр ярьж байна, “Зүүн тийшээ явж байгаа зам чинь гарц нээж байгаа юм. Монгол Улс Япон, Солонгос, Хятадын зах зээл рүү  нүүрс гаргана. Владивостокын төмөр замаар нүүрсээ зөөх гээд байгаа юм аа” гэлээ. Харин М.Энхсайхан “Энэ бол боломжгүй, маш хол учраас үр ашиггүй. ОХУ өөрсдөө маш их нөөцтэй. Төмөр зам бол мөнгө угаах хэрэгсэл байсан юм , энэн дээр нэгдсэн” гэлээ.

Хойд хөрш эрдэс баялаг, түүхий эдээрээ дэлхийд хамгийн их нөөцтэй. Гэтэл хойд хөршөөрөө дамжуулаад Монголын нүүрсийг тойруулаад Хятад руу зарна гэдэг хөгийн, цаад сонирхолдоо үйлчилсэн шийдвэрийг тухайн үеийн Зэм тээврийн удирдлага, Ерөнхийлөгч нар гаргасан.  

Монгол Улс яг хэзээнээс Солонгос, Японы зах зээл рүү нүүрсээ гаргана гэж тооцсон бэ. ТЭЗҮ гэдэг юм хийсэн байлгүй дээ. Ийм зардлаар гаргана, ийм орлого олно гэж тооцоо хийсэн байлгүй.

Тавантолгой -Зүүнбаян чиглэлийн  төмөр замыг барихын тулд 1,3 их наяд төгрөгийн санхүүжилт хийжээ. Схем зурсан нөхдүүд бүгд зугатсан. Бонд гаргаж байгаад хаалттай байдлаар шийдэж, санхүүжилтийг авсан . Схемийг нь мэдмээр байна. Иргэд мэдэхийг хүсч байгаа. Маш богино хугацаанд төмөр зам барьсан, бахархах зүйл гэлээ. Ашиглалт байгаа юм уу. Нэг төмөр замын зүтгүүр унасан гэсэн. Дүгнэлт байна уу.

Гэрч н.БАТЦОГТ:

-Бид 2018 онд төмөр замыг эхлүүлэхдээ өмнө нь хийдсэн байсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн ТЭЗҮ дээр тодотгол хийсэн.  Төмөр замын барилгын ажлыг эхлүүлэхийн тулд ТЭЗҮ- ийг заавал магадлангаар оруулж батлуулсан байх учраас тухайн үеийн захирлын тушаалаар ажлын хэсэг гарч ажилласан.  Би ажлаа өгөөд гурван жил болж байна. Гэхдээ миний санаж байгаагаар энэ жилээс эхлээд 5 сая хүртэл тонн ачаа тээвэрлэнэ, цаашдаа 10 сая тонн, 15 сая тонн хүрч өссөөр 30 сая хүртэл тонн ачаа тээвэрлэхээр ТЭЗҮ-д заасан байсан. Өртөө зөрлөгийн тоог нэмэгдүүлэхээр тусгасан байсан.

ТЭЗҮ хийхдээ Хангийн боомтоор, Эрээний боомтоор тээвэрлэлт хийнэ. Нэгдүгээр үе шатанд Сайншанд, Баруун-Урт, Хөөт чиглэлийн төмөр зам ашиглалтад орвол тэр сүлжээгээр Хятадын зүүн хойд муж руу ачаа тээвэрлэнэ. Улаанбаатар төмөр замаар тээвэрлэгдэн орж ирж байгаа нефтийн бүтээгдэхүүнээс 1 сая тонн ДТ-ийг нь Өмнөговьд хүргэнэ гэсэн ТЭЗҮ  байсан.

“Монголын төмөр зам”ТӨХК- ийн Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга асан н.ЭНЭРЭЛТ:

Миний хувьд 2016-2022 он хүртэл тус компанид Санхүү эдийн засгийн хэлтсийн даргаар ажилласан.

УИХ-ын гишүүд төмөр замын үр ашгийн тооцооллыг их асууж байна.

“Монголын төмөр зам” ТӨХК нь Засгийн газраас гаргасан шийдвэрийг биелүүлж ирсэн. Энэ хүрээнд 2019 онд Засгийн газрын 135 дугаар тогтоол гарч, энэ тогтоолоор Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр төмөр зам барихаар шийдвэрлэсэн.

Эхний санхүүжилт болох 750 тэрбум төгрөгийг хаалттай хүрээнд босгохыг Засгийн газраас үүрэг болгосон. Бондыг худалдан авах байгууллага нь “Эрдэнэс Тавантолгой” ХК байсан. Засгийн газраас мөн 304 дүгээр тогтоол гаргасан.  Энэ шийдвэрийн үндэслэлээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас санхүүжүүлэхээр заасан.  Дараа нь хувь эзэмшлийн асуудал гарч, мөн Засгийн газраас 242 дугаар тогтоолоор шийдвэр гарч хэрэгжсэн. Энэм тогтоолоор мөн адил хувь эзэмшлийг 34, 66 хувь гэж тодотгож өгсөн.  “Эрдэнэс Тавантолгой” 66 хувийг, “Монголын төмөр зам” 34 хувийг эзэмшиж байсан. Монголын төмөр зам бондын эргэн төлөлтийг төлөх үүрэг хүлээж байсан учраас 750 тэрбум төгрөгөөр хувьцаа эзэмшинэ гэдэг ойлголт явдаг, гэтэл нөгөө талд санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК гаргаж байгаа гэдэг утгаараа том хувьцаа эзэмшлийг эзэмшинэ гэдэг шийдвэр гарч байсан. Бүх шийдвэр Засгийн газраас гарч, хэрэгжиж байсан.

Шинжээч:

-Хаалттай хүрээнд төмөр замын төслийг санхүүжүүлэх зорилгоор гаргасан бондын үнэт цаас худалдах, худалдан авах гээрээг зохицуулагдаж байгаа. “Монголын төмөр зам”ТӨХК-ийн гаргасан бондыг “Эрдэнэс Тавантолгой” ХК худалдаж авсан. 2020 оны арванхоёрдугаар сар гэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК гэрээний үүргээ биелүүлээд 750 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Монголын төмөр зам”компани руу шилжүүлсэн байдаг.

Өрийн бичгийн төлбөрийн эргэн төлөлт 2021 онд байхгүй, 2022 онд 3 тэрбум, 2023 онд 5 тэрбумын эргэн төлөлт хийнэ. 2024 онд 5 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийх ёстой. 2022, 2023 оны 8 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдээгүй байна.

 

 

11 : 00
2023-12-21

Зэвсэгт хүчнээр хаацайлж, төмөр замыг нууцад оруулж, хулгайгаа хийсэн гэв

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барихад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргасан тул зөвлөмж нь нууц, протколтой танилцах боломжтой ч уншсан зүйлээ ярих нь төрийн нууц задалсан хэрэг болох учраас олон нийтэд танилцуулах боломжгүй юм байна.

Шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар дээрх төмөр зам нь 414 км. Геополитикийн хувьд ач холбогдолтой төмөр зам хэмээн Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн алба хашиж байхдаа эхлүүлжээ. Нийт 1.3 их наяд төгрөг зарцуулж энэхүү төмөр замыг барьсан юм байна. Монгол Улсын Зэвсэгт хүчнээр төмөр замаа бариулбал зардал хямд тусна гэж үзсэн. Гэвч төмөр зам барих ажлын 11.8 хувийг л цэргүүд гүйцэтгэсэн бол үлдсэн 80 хувь дээр хувийн хэвшлүүд орж ажилласан байна. Энэ нь Зэвсэгт хүчнээр хаацайлж бүх асуудлаа хийсэн гэдэг нөхцөл байдал тогтоогдож буй аж. Бусдаар гүйцэтгүүлсэн ажил гэдэг дээр УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниуд ажиллажээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Ганибал нарын хамаарал бүхий компаниуд ажилласан байна.

Монголын төмөр зам төрийн өмчит компаниас авсан мэдээллээр 2022 онд тус төмөр замаар 12.2 тэрбум төгрөгийн орлого олсон бол 2023 оны тухайд 51.5 тэрбум төгрөгийн орлого олжээ. Ингэхдээ 2022 онд 732.732 тонн ачаа тээвэрлэсэн бол 2023 онд 1.5 сая тонн ачаа тээвэрлэсэн байна.

Мөн уг төмөр замаар жилд 1.9 сая тонн ачаа тээвэрлэвэл зардал, ашиг хоёр нь тэнцэх аж. Гэвч өнөөдрийн тухайд хүчин чадлынхаа 10 хувийг л ашиглаж байна.

10 : 21
2023-12-21

Х.Баттулга гадаад явсан тул сонголд ирсэнгүй

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас санхүүжүүлсэн төмөр замын төслүүд сэдвийн хүрээнд өнөөдөр /2023.12.21/ нүүрсний сонсгол үргэлжилнэ. Сонсгол эхлээд байна. Сонсголд 68 гэрчийг дууджээ. Гэрчээр дуудагдсан хүмүүсээс Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга гадаад явсан тул сонсголд оролцох боломжгүй гэдгээ өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгджээ. Сонсголоор дараах асуудлыг шинжлэн судална.

1) Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл

2) Богдхан төмөр зам

3) Бодь Интернэшнл ХХК /Богдхан төмөр замын санхүүжилт/

4) Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл

5) Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв

6) ТТ-ГС болон ТТ-ЗБ холбох төмөр зам

7) Бодь Интернэшнл ХХК /ТТ-ГС төмөр замын санхүүжилт/

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж