Ньюс.мн сайт энэ удаагийн байр суурь булангаараа ирэх онд эдийн засаг ямар төлөвтэй байх талаар эдийн засагчдаас тодруулан хүргэж байна.
ИРЭХ ОНД ГАДААД ЭДИЙН ЗАСГИЙН ОРЧИН НӨХЦӨЛ ТААЛАМЖТАЙ БУС БАЙНА
Эдийн засагч Н.Энхбаяр:
-Геополитикийн эрсдэл, улс орнуудын талцал хуваагдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлийн улмаас дэлхийн эдийн засгийн өсөлт саарах хандлага үргэлжилж байна. ОУВС, Дэлхийн банкны судлаачдын таамаглалаар 2023 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 2.9 хувьд хүрэхээр байгаа бол ирэх 2024 онд 2.7 хувьд саарна гэж үзэж байна. Өнгөрсөн жилүүдэд хөгжиж байгаа орнууд, үүний дотор Азийн хөгжиж буй орнуудын өсөлт нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол тулгуур болж ирсэн. Гэтэл БНХАУ-ын эдийн засаг ковидын цаг үеэс хойш олон талын бэрхшээлтэй тулгарч, улмаар өсөлтийн хурд нь саарсаар байна. Хятадын эдийн засаг энэ онд 5.0 -5.4 хувиар өснө гэж олон улсын байгууллагын судлаачид үзэж байна. Гэвч тус улсад үл хөдлөх хөрөнгийн салбар, санхүүгийн салбарт ихээхэн бэрхшээл хуримтлагдсан, хүн амын насны бүтэц нь хөгширч байгаа зэрэг богино хугацаанд шийдвэрлэх боломжгүй бэрхшээлүүд тулгарч байна.
Хятадын улсын төр засгийн зүгээс эдийн засгийн өсөлтийг дэмжих, тулгарч буй бэрхшээлүүдийг даван туулах зорилгоор олон талын арга хэмжээ авч байна. Гэсэн хэдий ч нэгэнт тулгамдсан бэрхшээлүүдийн улмаас Хятад улсын эдийн засаг дунд хугацаанд аажмаар саарна гэдэгт судлаачдын санал үндсэндээ нийлж байна. Ирэх 2024 онд БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг 4.16 -4.3 хувьд хүрнэ гэсэн таамаглал давамгайлж байгаа юм.
Энэ оны тухайд Хятад улсын нийт нүүрсний импорт 416 сая тн, коксжих нүүрсний импорт 100 сая тн-д хүрч өсч байгаа нь ОХУ, Монгол Улсын түүхий эдийн экспортод нааштай нөлөө үзүүлсэн.
Монгол Улсын нүүрсний экспорт оны эцэст 62 орчим сая тн-д хүрэх төлөвтэй байна. Гэвч ирэх онд тус улсын коксжих нүүрсний эрэлт хэрэгцээ дахин өсөх, үүний дотор манай улсаас авах нүүрсний эрэлт үүнээс давж өсөн гэж үзэх магадлал бага, харин аажмаар буурч болзошгүй юм.
Нүүрсний экспорт өссөний үр дүнд Монгол Улсын экспорт жилийн дүнгээр 15 тэрбум ам долларт, улсын төсвийн орлого 22,0 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байна. Улсын төсвийн орлоыг авч үзвэл ердөө хоёр жилийн өмнө 2021 оны улсын төсвийн орлогоос 80 гаруй хувиар нэмэгдэж байна гэсэн үг юм.
УИХ-аас өнгөрсөн 11-р сард улсын төсвийн төслийг хэлэлцээд ирэх 2024 оны төсвийн орлогыг 25.3 их наяд, төсвийн зарлагыг 27.3 их наяд, төсвийн алдагдалыг 2.0 их наяд төгрөг байхаар баталсан билээ.Ирэх онд болох УИХ-ын ээлжит сонгуулийг угтаж улсын төсвийн зарлагыг 22.3 хувиар, үүний дотор цалин хөлсний зарлагыг 2.8 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан.Цалин тэтгэвэрийг энэ онд нэмэгдүүлсний зэрэгцээ ирэх оны хавар дахин нэмэгдүүлэхээр тусгасан, нөгөө талаар импортын бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, нийлүүлэлт доголдох, дотоодын махны нийлүүлэлтээс хамаарч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн тодорхой хэмжээгээр нэмэгдэж, ирэх оны 3-р улирал гэхэд инфляци хоёр оронтой тоонд хүрч ч болзошгүй юм.
Монгол Улсын түүхий эдийн экспортын орлого ихээхэн нэмэгдсэн 2009-2012 онуудад эдийн засгийн өсөлт, төсвийн орлого хурдтай өсөн нэмэгдсэн боловч 2013-2016 онуудад түүхий эдийн үнэ ханш буурсан, экспортын орлого ихээхэн буурсны улмаас эдийн засгийн нөхцөл хүндэрч улмаар ОУВС-гаас ихээхэн хэмжээний зээл тусламж авч, хөтөлбөр хэрээгжүүлэхэд хүрч байсан билээ. Бид туулж өнгөрүүлсэн энэ алдаанаас сургамж авч төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлах, экспортын орлогыг 2023 оны түвшинд хэвээр хадгалахыг зорих, гадаад худалдааны тэнцлийг алдагдалд оруулахгүй байх зэрэгт онцгой анхаарах шаардлагатай болно.
Ирэх онд гадаад эдийн засгийн орчин нөхцөл төдийлөн тааламжтай бус, геополитикийн нөхцөл байдал ч төдийлөн сайжрахгүй байх төлөвтэй байгаа тул хэт өөдрөг төсөөллөөс татгалзаж, төсвийн хөрөнгийн дэд бүтцийн үр ашигтай томоохон төслийг хэрэгжүүлэхэд түлхүү чиглүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ГЭРЛЭН ДОХИОГООР ЗҮЙРЛЭВЭЛ ШАР ГЭРЭЛ АСААЛТТАЙ БАЙНА
Эдийн засагч Ж. Дэлгэрсайхан:
-ОУВС-ийн таамаглалаар дэлхийн эдийн засгийн өсөлт дунджаар 2.9 хувьд хүрэхээр таамаглаж байна. Энэ нь сүүлийн 10 гаруй жил буюу 2000-2018 онтой харьцуулахад дундаж өсөлтөөс нэг функет доогуур үзүүлэлт юм. Үүний гол шалтгаан нь Европын холбоо, АНУ-ын эдийн засгийн ерөнхий үзүүлэлтүүд сэргэж байгаа боловч БНХАУ-ын эдийн засгийн өсөлт төлөв нэлээд доогуур байгаатай холбоотой байна. Гэсэн хэдий ч хөгжиж байгаа орны эдийн засгийн хувьд харьцангуй өндөр байх таамгалал бий. Монгол Улсын эдийн засгийн хувьд 4.5-6 орчим хувь өсөх байх гэсэн таамаг дэвшүүлж байна. Миний хувьд ирэх онд дунджаар таван хувийн өсөлттэй гарах боломжтой гэж харж байна. Харин хөг ажиглалвал таамгалал буурч байна. Учир нь энэ оны эдийн засгийн суурь нөхцөл харьцангуй сайн байгаа. Энэ өсөлт хэвээр хадгалагдаж ирэх онд экспортлох зориллт тавьсан 60 мсая тонн нүүрсээ экспортолж чадвал тэр хэмжэээний өсөлт гарах боломжтой. Ирэх оны төсөв 20 гаруй хувийн тэлэлттэй буюу 27 орчим их наяд төгрөгийн зардалтай төсөв батлагдсан. Энэ онд нэмсэн цалин тэтгэврийн нэмэлтээс гадна ирэх оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс нэмэгдэх цалин, тэтгэвэр, тэтгэмжүүд нэмэгдэнэ. Төсөв өндөр тэлэлттэй, уул уурхайн идэвхижилээд дагаад уул уурхайн бусад салбарууд идэвхижиж магадгүй. Үүнтэй холбоотойгоор бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлнэ гэж харж байна. Нөгөө талаас Монголбанк мөнгөний бодлогын хүүг ирэх онд одоогийн түвшинд буюу 13 хувьд барих болов уу. Мөнгөний бодлогын хүүг буурууллаа гэхэд дээд тал нь хоёр хувиас илүү сулруулж чадахгүй байх. Тиймээс Мөнгөний бодлогын төсөлт тусгасан зорилтот инфляцийн түвшин буюу 6-8 хувийн инфляци байх боломж бага. Одоогоор валютын ханшш тогтвортой, импортын шинж чанартай инфляийн нөлөөлөл харьцангуй буурч байгаа ч гэсэн ирэх онд эдийн засгийн өсөлттэй холбоотой эрэлтийн шинж чанартай инфляци өдөөгдөж магадгүй. Ер нь төсвийн тэлэлт, төрийн оролцооны түвшин 40 орчим хувь руу орчихсон. Төсвөөр дамжуулсан төрийн оролцоо өндөр байна. Сүүлийн 20 гаруй жил төсөв дэхь төрийн оролцооны түвшин 10 гаруй хувиар өссөн. Өөрөөр хэлбэл 2000 -аад оны эхэнд төсвийн зарлагыг ДНБ-д эзлэх хувь хэмжээ 23-25 орчим хувь байсан. Харин сүүлийн жилүүдэд энэ тоо хэмжээ 35-аас дээш буюу 40 хувь руу ойртож байна. Төсөв дэх төрийн оролцоо тогтмол өсөх нь хувийн хэвшлийн орон зайг хязгаарлаж, үйл ажиллагаагаа тэлэх боломжийг нь сааруулна. Улстөрчдийн хэлж байгаагаар “Төсвөөр дамжуулж эдийн засгийн дэмжинэ” хэмээн ярьдаг боловч энэ нь урт хугацаанд эдийн засагт үзүүлэх эерэг үр дүн нь сул байх юм. Эцэст нь хэлэхэд Монгол Улсын эдийн засгийг гэрлэн дохиогоор зүйрлэвэл тогтмол шар асаалттай байна. Монгол Улсын эдийн засаг, төсвийн орлогын бүтэц, экспортын бүтэц гэх мэт эдийн засгийн бүтцийн хувьд өндөр эрсдэлтэй, бүтцийн гажуудалтай байгаа. Тийм учраас Монгол Улс ойрын жилүүдэд тоштмол эрсдлийг тооцсон, хязгаарласан, болгоомжилсон эдийн засгийн төлөвтэй байна.
ИРЭХ ОНД ИНФЛЯЦИ ӨСНӨ
Эдийн Засагч Б.Лакшми:
-2024 онд Монголын эдийн засгийг долоон хувь, инфляцийг 8.5 хувьтай байхаар төсөөлсөн.Төсвийн орлогын 29 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлэхээр байна.Нүүрсний үнийг хэт өөдрөг төсөөлөхөөс гадна хэмжээний тухайд 60 сая тонн экспортлохоор төсөөлсөн. Монгол Улсын экспорт нэг орноос хараат хэвээрээ байгаа. БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг ихэнх олон улсын байгууллагаас бууруулсан байгааг анхаарах хэрэгтэй. Энэ оны эцэст үүсэж буй шатахууны хомсдол инфляцид нөлөөлнө гэж харж байна. Бас төсвийн орлого бүрдэхгүй бол алдагдал нэмэгдэнэ.Шатахууны хомсдол, төсвийн өсөж буй алдагдал, цалингийн нэмэгдэл зэрэг олон асуудлуудаас болж инфляци өснө гэж харж байна
Холбоотой мэдээ