Т.Пүрэвдорж: Аз жаргал түгээдэг ажилдаа би өөрөө ч их хайртай

Т.Пүрэвдорж: Аз жаргал түгээдэг ажилдаа би өөрөө ч их хайртай

Т.Пүрэвдорж: Аз жаргал түгээдэг ажилдаа би өөрөө ч их хайртай

Дүрийн өмсгөлөө нэг бүрчлэн нямбайлан өмсчхөөд тайзнаа гарахаар зэхэх хүн бол бидний ярилцлагын зочин МУСТА Т.Пүрэвдорж. Өвлийн жавар орж, энд тэндгүй шинэ жилийн уур амьсгал орохтой зэрэгцэн түүний ажил эхэлдэг. Шинэ жилийн салшгүй нэг хэсэг болсон өвлийн өвөөгийн дүрд 35 дахь жилдээ хувирч буй түүнтэй танилцъя.


Та хүүхэд насныхаа тухай яривал? Тэр үед өвлийн өвгөн гэхээр ямар  төсөөлөлтэй байсан бэ?

-Би Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрж, хүүхэд насаа энгийн малчны амьдралаар өнгөрүүлсэн. 1979 онд цэргийн алба хааж ирээд аймгийнхаа ардын дуу, бүжгийн Алтай чуулгад бүжигчнээр орж урлагийн салбарын гараагаа эхэлж байлаа. Хүүхэд байхдаа өвлийн өвөөг Ардын жүжигчин Г. Гомбосүрэн гуайгаар төсөөлж биширдэг байлаа. Шинэ жил дөхөхөөр өвлийн өвгөнөөс бэлэг авахыг хүсэж хүлээнэ. Тэр үеийн хамгийн гоё мэдрэмж нь бэлэг авах байсан.

-Өвлийн өвгөний дүрд 35 жил хувирч байгаа гэхээр та их залуугаасаа энэ ажлыг хийх болсон байна шүү дээ. Анхны бүхэн мартагдашгүй гэдэг. Анх хэрхэн, яаж өвлийн өвгөн болж байсан бэ?

-1986 оноос Цогт сумын соёлын төвийн захирлаар томилогдож бүхий л урлаг, уран сайхны үзүүлбэрийг удирдах болсон. Тэр өвөл сумын хөдөлмөрч малчдад зориулсан шинэ жилийн арга хэмжээнд өвлийн өвгөнд тоглох хүнгүй болчхоод сүүлдээ би өөрөө дээл хувцас, бүх зүйлээ бэлдэж анх удаа өвлийн өвгөн болж байлаа. Одоо дурсахад сайхан цаг үе байж шүү.

-Анх удаа өвлийн өвгөн болоод арга хэмжээнд оролцож байсан үеийнхээ мэдрэмжийг хуваалцвал?

-Тэр үедээ зааж зөвлөх хүнгүй бүх зүйлээ зөвхөн өөрийн төсөөлөл, мэдлэгийн хүрээнд бэлтгэж өвлийн өвгөний дүрээ бүтээсэн учраас шинэ, содон мэдрэмж байсан. Жаахан байхдаа биширдэг байсан Ардын жүжигчин Г. Гомбосүрэн гуай шиг болсон мэтээр өөрийгөө мэдэрч байлаа.

-Та гэртээ он гаргаж амжихгүй байсан үе тохиолдож байсан уу? Гэр бүлийнхэн дээрээ өвлийн өвгөний дүрээр очиж баярлуулдаг уу?

-Тийм үе тохиолдож байгаагүй санагдаж байна. Ихэнх байгууллагууд шинэ жилээ 31-нээс өмнө тэмдэглэчихдэг. Харин цэнгээний газрууд хүлээн авалтуудаа дуусгаад нэгдүгээр сарын нэгэнд байгууллагын шинэ жилээ нөхөж тэмдэглэх тохиолдол гардаг. Гэртээ өвлийн өвгөний дүрээр очиж баярлуулахын хувьд гэвэл хүүхдүүд, ач зээ нарт миний энэ дүр хэзээний танил болчихсон учраас энгийнээр хүлээж авдаг.

-Өвлийн өвгөн гэхээр цагаан сахалтай инээд хөөр бэлэглэдэг хүн санаанд буудаг байх. Та өвлийн өвгөний хувьд өөртөө ямар ямар шаардлага тавьдаг вэ?

-Хүмүүсийг сайхан үгсээр ерөөдөг учраас хамгийн түрүүнд өөрөө маш сайхан энергитэй байх учиртай. Сайхан энергиэр хэлсэн үгс жинхэнэ ерөөл болно шүү дээ. Бусдыг мялаадаг уран үгс шигээ сайхан хүн байх ёстой гэх юм уу даа. Бас эрүүл чийрэг, хурц тод үг хэллэгтэй байх нь чухал. Ядаж л ахиад хэдэн жил энэ ажлаа үргэлжлүүлэхийн тулд өвдөхгүй байхыг хичээдэг.

-Таны ажлын хамгийн сайхан нь хүмүүст аз жаргал бэлэглэх гэлээ шүү дээ. Тэгвэл эсрэгээрээ хүнд хэцүү зүйл бий юу?

-Ихэвчлэн арванхоёрдугаар сарын 20-ноос 30-ны хооронд л өвлийн өвгөний ажлаа хийдэг учраас харин ч өвөл болохтой зэрэгцээд энэ үеийг хүлээдэг. Аз жаргал түгээдэг ажилдаа би өөрөө их хайртай. Орой бүр тоглолттой байгаасай гэж хүсдэг.  Бэрхшээлтэй үе тохиож шантарч байсангүй ээ. Харин шинэ жил арга хэмжээ улам төрөлжиж, төгөлдөржиж байгаагийн хувьд уран бүтээлчдийн ханш, санхүүгийн асуудал тулгардаг. Миний залууд соёлын төвд урлагийн цомхон үзүүлбэр үзээд л баяраа тэмдэглэчихдэг байсан нь одоо ард хоцорсон доо.

-Шинэ жилтэй холбоотой хөгжилтэй эсвэл сэтгэлд тод үлдсэн дурсамжаасаа хуваалцаач?

-Олон жил энэ ажлыг хийж байгаа учраас сайхан дурсамж их үлдсэн. 80, 90-ээд оны  үед дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаагаас эхлээд Харанга хамтлаг, эстрадын Баянмонгол чуулга гээд олон уран бүтээлчидтэй хамтран арга хэмжээнд орж байсан нь эргээд дурсахад сайхан. Харин хорин дөрөв тавтай залуу өөрөө өөртөө цагаан дээл, нөмрөг оёж, хөвөнгөөр сахал хийж, лоовууз малгай өмсөөд дүр бүтээж байсан үе санаанаас гардаггүй юм. Тухайн үедээ хуучны ном сонин дээрээс үг олж, цээжлээд л тайз руу гарч байлаа шүү дээ.

Түүнийг ээлжит арга хэмжээндээ бэлтгэх зуур ийн ярилцав. Төд удалгүй хөтлөгч өвлийн өвгөнийг зарлахад тэрбээр цасан охидоо дагуулсаар тайз руу яаравчиллаа. Гарах хаалга руу дөхөх тусам хүйтэн салхи үлээх нь нэмэгдэнэ. Тэгж ахуйд өвлийн өвгөний “Буцаад ирэхэд булаг шиг, дайраад ирэхэд далай шиг арвин байгаарай, хүүхдүүд минь” гэж ерөөх нь сэтгэлд дулаан сонстоно.

Б.Хорлоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Pupa 2023-12-21 174.204.72.166

Oros orkuudaas sursan ene uvliin uvgun, tsasan ohin gedeg shog garaagaa bolivol taarna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж