“Вонка” шоколадны үйлдвэрийн орчин цагийн эзэн

Хуучирсан мэдээ: 2023.12.21-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

“Вонка” шоколадны үйлдвэрийн орчин цагийн эзэн

“Вонка” шоколадны үйлдвэрийн орчин цагийн эзэн

“Чарли ба шоколадны үйлдвэр” киноноос сэдэвлэн бүтээсэн “Вонка” зөгнөлт мюзикл кино Их Британид арванхоёрдугаар сарын 8-нд, АНУ-д арванхоёрдугаар сарын 15-нд тус тус нээлтээ хийсэн. Ньюс агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС булангаараа тус киноны гол дүр, шоколадны үйлдвэрийн эзэн Вилли Вонка буюу Тимоти Шаламег онцолж байна.


БРОДВЭЙ ТЕАТРЫН ГЭР БҮЛД ТӨРӨВ

Тимоти Шаламе 1995 онд АНУ-ын Нью-Йорк хотод төржээ. Тэрбээр Манхэттэн дүүрэгт ээжтэйгээ хамт амьдардаг байв. Түүний гэр бүлд урлагийн хүн олон. Тухайлбал, ээж Бродвэй театрын бүжигчин, жүжигчин байсан бол аав нь ЮНИСЕФ-т ажилладаг байжээ. Түүний эмээ нь ч бас Бродвэй театрын бүжигчин байв. Харин том эгч Паулин нь баллетчин, жүжигчин байсан.

Аав нь Франц гаралтай учир Тимоти Шаламе францаар чөлөөтэй ярьдаг, франц-америк давхар иргэншилтэй. Мөн зуны амралтаа Францад очиж өнгөрөөдөг аж.

Урлагийн гэр бүлд төрсөн учир Шаламе бага залуугаасаа л жүжиглэх карьераа эхлүүлжээ. Ээж, эгч хоёрынхоо нэгэн адил тэрбээр Нью-Йорк дахь Фиорелло Х.ЛаГуардиа Хөгжим, Урлагийн Ахлах сургуульд сурсан байна. Суралцах хугацаандаа тэр телевизийн жижиг кино, нэвтрүүлгүүдээс гараагаа алгуурхан эхэлжээ. Улмаар 2011 онд “The Talls” инээдмийн драмд тоглосноор Бродвэйд хөл тавих эхлэл нь болсон.

2013 онд ахлах сургуулиа төгсөөд нэгэн тэсрэлт хийсэн нь алдарт “Интерстеллар”-т дүр бүтээсэн явдал байв. Тэрбээр уг кинонд Касей Аффлекийн залуугийн дүрд тогложээ.

Урлагийн сургуулиа төгсөөд тэр коллежид элсэн орсон. Ингэхдээ эхлээд Нью-Йоркийн Колумбын их сургууль, дараа нь Нью-Йоркийн их сургуульд орсон боловч жүжиглэхдээ илүү анхаарснаар сургуулиа орхижээ.

БРОДВЭЙ ТЕАТРААС КИНО УРЛАГТ ЦАХИУР ХАГАЛАН ГАРЧ ИРЭВ

Тимоти Шаламе кино урлагт жинхэнэ утгаар нь цахиур хагалсан нь 2017 он. Тодруулбал, энэ онд тэр “Намайг нэрээр минь дуудаач” гэх алдартай кинонд тоглосон билээ. Энэ нь анхны хайрын тухай романтик кино бөгөөд 1980-аад онд Италид үйл явдал өрнөдөг.

Энэ кино түүнд магтаал, шүүмжлэлийн аль алиныг авчирсан юм. Тэрбээр Академийн шагнал гардуулах ёслолын шилдэг эрэгтэй жүжигчин номинацид нэр дэвшсэн хамгийн залуу жүжигчин болсон. Тэртээ 80 жилийн өмнө буюу 1931 онд Жэки Күүпер “Skippy” киногоор энэ шагналыг хүртэж байсан. Тухайн үед Жэки Күүпер есөн настай байв.

Вуди Аллены найруулсан "Нью-Йорк дахь бороотой өдөр" кинонд Шаламе тоглосон. Уг кино 2018 онд нээлтээ хийхээр төлөвлөсөн ч "Me Too" хөдөлгөөн идэвхжсэнээр хойшлогджээ. Тэр жил Шаламе киноныхоо цалинг Нью-Йорк дахь ЛГБТ төв болон “RAINN” сүлжээнд хандивлахаа зарласан юм. Кино хожим нь 2019 онд нээлтээ хийсэн.

Түүний тоглосон бусад алдартай киноноос дурдвал “Бяцхан эмэгтэйчүүд”, “Манан”, “Хатагтай шувуу” зэрэг бий.

ТҮҮНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

Шаламе жүжиглэлтээсээ гадна хувцаслалтаараа олны анхаарлыг татдаг. Улаан хивсний ёслолуудад хүрэлцэн ирэхдээ тэр стилисттэй хамтран ажилладаггүй, өөрөө сонголтоо хийдэг аж. Гэхдээ Хайдер Акерманн, Александр МакКуин, Стелла Маккартни зэрэг загвар зохион бүтээгчдийг тэр хүндэлдэг. Олон гайхалтай дүр төрх бүрдүүлсний үр дүнд тэр 2021 оны “Met Gala” наадмыг хамтран зохион байгуулах боломжтой болсон.

Шаламе ахлах сургуулийн сурагч байхдаа дуучин Мадоннагийн охин Лола Леонтой үерхдэг байв. Лола Леон, Шаламе нар нэг оны төгсөгчид.

“Вонка” кинонд Шаламегийн дуулах ур чадварын багшаар ажилласан Эрик Ветро түүний хоолойг биширсэн гэдэг. “Түүнд нэг л зүйл бий. Тэр үнэхээр төрөлхийн хөгжмийн мэдрэмжтэй. Энэ мэдрэмжээ дуулалтдаа шингээж  өгдөг гайхамшигтай жүжигчин. Дүрээ амилуулж, дуугаа амьдруулдаг жүжигчин” гэж Ветро ярьжээ.

“Вонка” мюзиклын найруулагч Пол Кинг дүрийн сонгон шалгаруулалт огт хийлгүйгээр Тимоти Шаламег сонгожээ. Тэрбээр Шаламегийн ахлах сургуулийн үеийн тоглолтуудыг интернетээс үзээд эргэлзэлгүй сонголтоо хийсэн байна.

Шаламе энэ оны есдүгээр сард Бейонсегийн тоглолтыг Кайли Женнертэй хамт үзжээ. Цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгээс харахад Шаламе, Женнер нар тоглолтын үеэр үнсэлцэж, инээлдэж байв.

Эх сурвалж: PEOPLE, BRITANNICA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж