Сайжруулсан түлш үйлдвэрлэх нэрийн дор “Тавантолгой түлш” төрийн өмчит компанийг байгуулсан ч жилд 300-400 тэрбум төгрөгийн татаасыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас авч, үйл ажиллагаа эрхэлж буй. Тус компанийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-д төлөх өрийн хэмжээ 1 их наяд гаруй төгрөг болоод буйг тус компанид Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Ж.Ганбат мэдэгдсэн.
Тэгвэл өрөндөө баригдсан “Тавантолгой түлш” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд өнгөрсөн хугацаанд 1.1 тэрбум төгрөгийг урамшуулал хэлбэрээр авчээ. Нийт 30 гаруй Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн жил бүр урамшуулал хүртсэн байна. Тухайлбал, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан 64 сая төгрөгийг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр 2018-2022 онд ажиллахдаа цалин, урамшуулал хэлбэрээр авчээ.
Мөн “Утааны эсрэг ээж, аавууд” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Пүрэвхүү 78.3 сая төгрөгийг цалин, урамшуулал хэлбэрээр авсан байна.
Хэдэн жилийн өмнө Ц.Пүрэвхүү нь агаарын бохирдлын эсрэг тэмцэнэ хэмээн “Утааны эсрэг ээж аавууд” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулснаа зарлаж, Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулж байв. Гэвч төд удалгүй нам жим болсон. Харин Улаанбаатар хотын агаарын бохирдол буураагүй, хоруу чанар нь улам ихэссэн болох нь мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр батлагдсаар ирсэн.
Тиймдээ ч эрх баригчид “Эрдэнэс Тавантолгой” ХК-д нэрмээс болж буй “Тавантолгой түлш” компанийн түлш үйлдвэрлэх тоог бууруулж, гэр хорооллыг барилгажуулах замаар агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ авна гэдгээ мэдэгдээд буй.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилогдсон Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Тавантолгой түлш” компанийг нийслэлд өгөхөөр Засгийн газрын төвшинд ярьж байна гэдгийг өчигдөр сонсголд оролцох үеэрээ хэлсэн. Харин Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Тавантолгой түлш” компани нь асар их өртэйн дээр маш их хүнийг цалинжуулдаг. Тэр том нүсэр компанийн зардлыг бууруулж, орон тоог нь цомхотгоогүй цагт нийслэл өөрийн харьяанд авах боломжгүй” гэдгээ зарласан. Иймээс Засгийн газар “Тавантолгой түлш” компанид менежмент хийхгүй бол өр нь ч нэмэгдсээр Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нэрийн дор хэдэн хүн урамшуулал авч, ачаа үүрүүлдэг буруу тогтолцооноосоо салахгүй нь.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ