Хойд Солонгос улс өнөө өглөө /2023.12.20/ тив алгасагч Хвасон-18 баллистик пуужинг амжилттай харважээ. Үүнээс өмнө Ням, Даваа гаригуудад хол, ойрын тусгалтай баллистик пуужин харвасан тухай бид мэдээлсэн билээ.
Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Мягмар гаригт яаралтай хуралджээ. Хуралдааны үеэр Хойд Солонгос, Орос улсууд АНУ, Өмнөд Солонгос болон тэдний холбоотнуудтай сөргөлдсөн байна.
Хойд Солонгосын НҮБ дахь Элчин сайд Ким Сонг хэлэхдээ "Энэ жил бол Солонгосын хойгийн цэргийн аюулгүй байдлын хувьд хамгийн аюултай жил" гэжээ. Мөн тэрбээр АНУ, Өмнөд Солонгосын цэргийн сургуулилалт эрчимжиж, цөмийн дайны аюулыг нэмэгдүүлж буйг онцлов. Учир нь АНУ бүс нутагт цөмийн шумбагч онгоц болон бусад цөмийн зэвсгээ байршуулж байгаа гэлээ.
ОХУ-ын төлөөлөгч Анна Евстигнеева "Пёньяныг буруушаах гэсэн оролдлого нь хэт нэг талыг барьсан хандлага" гэв. Мөн "Нөхцөл байдал аюулын ирмэгт байна. АНУ бүс нутагт асар том цэргийн техник байршуулж байна. Өөрсдөө дайсагнасан зорилгогүй гэж мэдэгдэж байгаа ч энэ нь довтолгооны ажиллагаанд бэлтгэж буйгаас ялгаагүй. Солонгосын хойгийн асуудлыг гадны дарамт шахалтгүйгээр улс төрийн, дипломат аргаар зохицуулахыг уриалж байна" гэжээ.
Харин АНУ болон холбоотнууд энэ онд таван удаа тив алгасах баллистик пуужин, 25 удаа баллистик пуужин, гурван удаа хиймэл дагуул хөөргөсөн Хойд Солонгосыг шүүмжлэв. Энэ үйлдэл нь Аюулгүйн зөвлөлийн олон удаагийн тогтоолыг зөрчиж, хөршүүд болон олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлж байгааг онцолжээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл чимээгүй байгаа нь Хойд Солонгос болон цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэгч бусад улсад буруу мессеж илгээж байгааг Албани, Эквадор, Франц, Япон, Мальта, Өмнөд Солонгос, Словени, Швейцарь, Их Британи, АНУ гэсэн 10 улс мэдэгдэв. Тэд Хойд Солонгосыг хууль бус цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрөөсөө татгалзаж, оронд нь ард түмнээ тэжээхэд хөрөнгө оруулалт хийх, дипломат үйл ажиллагаа явуулахыг уриалжээ.
Эх сурвалж: YONHAP, AP
Холбоотой мэдээ