Украин 2024 онд нэг сая дрон үйлдвэрлэхээр зорьж буйг ерөнхийлөгч Зеленский Мягмар гаригт мэдэгдлээ.
"Нисгэгчгүй нисэх онгоцыг үр дүнтэй үйлдвэрлэхэд хүнд суртал болон ложистикийн саад бэрхшээлийг даван туулах нь чухал ач холбогдолтой. Бид ложистикийн асуудлаа даван туулах болно. Манай цэргүүд дотоодод үйлдвэрлэсэн нисгэгчгүй онгоц хүлээн авах болно. Бид ирэх жил нэг сая дрон үйлдвэрлэнэ" гэж Зеленский хэллээ.
Мөн 26 мянган нисгэгчгүй онгоц агуулахад гацаж, фронтын шугамд хүрч чадаагүй тохиолдол гарсныг тэр онцлов.
Украин их бууны сумны хомсдолыг нөхөхийн тулд камиказэ нисгэгчгүй нисэх онгоцны үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байгааг дэслэгч генерал Иван Хаврилюк өмнө нь хэлж байсан. Нисгэгчгүй нисэх онгоцны үйлдвэрлэл энэ онд ч өмнөх онтой харьцуулахад өсчээ. Тодруулбал, 2023 онд өмнөх оноос 100 дахин олон дрон үйлдвэрлэснийг Дижитал өөрчлөлтийн сайд Михайло Федоров есдүгээр сард мэдэгдсэн билээ.
Украинд 200 орчим компани нисэгчгүй нисэх онгоц үйлдвэрлэх чиглэлээр ажилладаг. Тус компаниуд нь хамгийн жижиг, хамгийн хямд нисгэгчгүй онгоцноос эхлээд алсын тусгалын нисгэгчгүй нисэх онгоц хүртэл фронтын шугамд ашигладаг дронуудын ихэнхийг үйлдвэрлэж байна.
Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE
Холбоотой мэдээ