Аливаа улс орны амбицыг цагаачлалын хөтөлбөрөөр нь хэмжиж болно. Төрөлтийн түвшин буурахын хэрээр Австрали шиг улсуудын хувьд шаардлагатай ур чадварыг гаднаас хэрхэн импортолж байгаа нь чухал асуудалд тооцогдох юм. Цагаачлалын хөтөлбөр нь хөгширч буй хүн амтай улс орны хувьд чухал стратеги. Эндээс харвал Австрали багагүй амбицтай улс.
Тус улс цагаачлалын хатуу хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тэгвэл холбооны засгийн газар өнгөрсөн долоо хоногт цагаачлалын шинэ стратегиэ гаргажээ.
Цагаачлалын хөтөлбөрөөр дамжуулан улс оронд шаардлагатай чадавхийг бүрдүүлэхэд саад болдог хэд хэдэн хүчин зүйл бий. Цагаачлалын эсрэг тулгамдаж буй асуудал, эсэргүүцлийг шийдвэрлэхийн тулд эдийн засаг, соёл, аюулгүй байдлын асуудлыг харгалзан үзсэн цогц арга барил шаардлагатай.
Шинэ стратеги нь Австралийн цагаачлалын эвдэрсэн тогтолцоог засч, шилжилт хөдөлгөөнийг тогтвортой, хэвийн түвшинд нь буцаах зорилготой. Засгийн газар энэхүү стратегиэ энэ цаг үеийн хамгийн том шинэчлэл гэж үзэж байна. Шинэчлэлээс гол анхаарууштай нь цагаачдын тоог эрс бууруулах шийдвэр юм.
26 сая хүн амтай Австрали улс орон сууц, дэд бүтцийн хувьд барилга байгууламж барих дургүй байдаг нь хүн амын өсөлтөд сөргөөр нөлөөлдөг. Австрали хүн амын нягтаршил багатай өргөн уудам орон боловч орон сууцны хүртээмжийг хүндрүүлдэг янз бүрийн хүчин зүйл бий. Эдгээрээс дурдвал, хотын төвлөрөл, дэд бүтцийн дутагдал, бүсчлэл, төлөвлөлтийн дүрэм, газар өмчлөх, газар чөлөөлөх бодлого, байгаль орчны асуудал, зах зээлийн динамик, санхүүжилт зэрэг юм.
Сүүлийн хэдэн арван жилд орон сууцны үнэ огцом нэмэгдсэнээр Австрали дахь үл хөдлөх хөрөнгийн эзэд чамгүй хөлжсөн. Улстөрчид ч хөрөнгийн зах зээлд асар их хөрөнгө оруулалт хийж, өмчийн үнэ цэнийг хэт хөөрөгдүүлдэг. Үүний үр дүнд залуучууд орон сууц өмчлөх эрхгүй болж, шулуухан хэлбэл, эцэг эхээ нас барахад л сая нэг орон байртай болдог аж. Тэгвэл Австрали руу чиглэсэн цагаачлалын хөдөлгөөн тус улсын гол хотуудад төвлөрч байгаа нь орон сууцны дарамтыг улам нэмэгдүүлж байна.
Дэд бүтцийн хувьд Австрали удаан бөгөөд өндөр өртөгтэй гэдгээрээ алдартай.
Цагаачлалын шинэ стратегиар дамжуулан орон сууц, дэд бүтцийн эргэн тойрон дахь улс төрийн болон бүтцийн асуудлуудыг шийдвэрлэхийг хичээжээ.
2022-2023 оны санхүүгийн жилд Австралийг зорьсон цагаачдын тоо 510 мянга хүрсэн. Ирэх санхүүгийн жилд энэ тоо 375 мянга орчим болж буурах төлөвтэй байна. Үүнээс хойш Австралийн засгийн газар 250 мянга гэсэн тоон дээр тогмол барихыг зорьж байна. Энэ тоог багасгахын тулд тогтолцоо нь зөв зүйтэй явахгүй байгаа газарт анхаарал хандуулахаар шийдсэн.
Тухайлбал, хөдөлмөрийн мөлжлөгтэй тэмцэхэд чиглэсэн хууль тогтоомж, бүтцэд гарсан өөрчлөлтүүд нь шударга, ёс зүйтэй цагаачлалын тогтолцоог бий болгох юм. Шинэ хууль нь байнгын шилжин суурьших хүсэлтэй, өндөр ур чадвартай хүмүүст илүү ээлтэй байна.
Үүний зэрэгцээ гадаад оюутнуудад тавих шаардлагыг чангатгах бөгөөд төгсөлтийн виз мэдүүлэх насыг 50-аас 35 болгон бууруулна.
Түүнчлэн оюутны болон түр визэнд тавигдах англи хэлний шаардлагыг нэмэгдүүлэх болжээ. Энэ нь цаагуураа оюутны болон төгсөлтийн түр виз ашиглаж, ур чадваргүй цагаач ажилтны үүрэг гүйцэтгэж буй хүмүүүсийг онилох санаа юм.
Мөн худалдаачин, машин механизмын оператор, жолооч гэх мэтээс бусад мэргэжлээр дор хаяж 135 мянган ам.долларын цалин авдаг өндөр ур чадвартай ажилчдад зориулсан шинэ тусгай виз нэвтрүүлэхээр болжээ.
Энэхүү шинэ стратегийн гол санаа нь зөвхөн цагаачдын тоог цөөрүүлэхдээ биш, харин шилжилт хөдөлгөөний тогтолцооны ерөнхий шинж чанарыг өөрчлөхөд оршино. Өөрөөр хэлбэл, түр шилжилт хөдөлгөөн бус байнгын оршин суух, иргэншил рүү шилжүүлэхийг зорино.
Австралийн ерөнхий сайд Энтони Албанез шинэ стратегийн талаар хэлэхдээ "Бид Австралийн эвдэрсэн цагаачлалын системийг засч байна. Илүү сайн ажлын байр, илүү шударгаа тогтолцоотой болно. Ажилчдын хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсөнд илүү их анхаарал хандуулна. Хүний нөөцийн хомсдолтой байгаа бизнесүүд рүү ур чадвартай цагаач ажилтны шилжилт хөдөлгөөнийг чиглүүлнэ. Ингэснээр ажил олгогчид шаардлагатай мэргэжилтэй ажилчдаа авч, бизнесээ өргөжүүлэх боломжтой болно. Энэ төлөвлөгөөг бизнес эрхлэгчид болон үйлдвэрчний эвлэлүүд аль аль нь дэмжиж байгаа. Ажилчдад ээлтэй, бизнесүүдэд ээлтэй, хөгжин цэцэглэсэн тогтвортой Австралийн төлөө" гэжээ.
Холбоотой мэдээ