Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын шийдвэрээр өнгөрөгч Даваа гаригаас буюу арванхоёрдугаар сарын 18-наас хоёрдугаар сарын нэгэн хүртэл нийслэлийн авто замын хөдөлгөөнд оролцож буй авто машинууд тэгш сондгой дугаарын хязгаарлалтаар оролцохоор болсон. Тэгвэл сөрөг хүчний зүгээс Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын хүний эрх, хөрөнгөнд халдаж байна гэж шүүмжилж, огцруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Энэ долоо хоногийн VS буландаа талуудын байр суурийг онцоллоо.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар:
-Нийслэлийн Засаг даргын захирамжаар арванхоёрдугаар сарын 18-наас эхлэн 2024 оны хоёрдугаар сарын 1-нийг хүртэл автомашины дугаарыг тэгш, сондгойгоор зорчуулна. Өнгөрсөн хоногуудад шөнө, өглөө, өдөр гэсэн хуваарьтайгаар зам дээр давс цацаж байгаа боловч -40 хэм давж хүйтэрч байгаа учраас үйлчлэл нь гарахгүй байна. Хот тохижилтын ажилчдыг хайрга дайрга болон давсыг зэрэгцүүлж цацах үүрэг өгсөн. Гулгаа арилахгүй хэт их хүйтэн байгаа учраас машины хурд эрс саарч, түгжрэлийг үүсгэж байна. Ийм зохицуулалтыг авахаас өөр арга алга. Дугаарын хязгаарлалт урт хугацаанд хэрэгжих ба энэ үеэр 2800 гаруй замын цагдаа хяналт тавина. Хэрэв зохицуулалтыг зөрчвөл жолооны эрх хасах хүртэлх арга хэмжээг авна.
Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт:
–Х.Нямбаатар нь нийслэлийн Засаг даргаар томилогдон ажилласан 66 хоногийн хугацаанд хүний эрх, эдийн засгийн эрх чөлөө, бусдын өмч хөрөнгөнд халдаж, хуулиас давсан шийдвэр гаргаж, хуулиас давсан эрх мэдэл хэрэгжүүлж байна. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээ авах тухай захирамж гаргахдаа 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны хоёрдугаар сарын 1-н хүртэл 43 хоногийн турш автомашиныг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаар болсон нь иргэдийн эрхэнд халдаж байна. Нийтийн тээврийн үйлчилгээ хүртээмжгүй, парк шинэчлэл хийгээгүй, хасах 30 градусын хүйтэнд иргэдийг хувийн унаагаараа зорчих эрхийг хязгаарласан нь эрүүл мэнд, амь насанд нь заналхийлсэн үйлдэл. Монгол Улсын засаг захирган, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 65.1.2 дахь заалтад нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж, тус хуулийн 65-р зүйлд заасны дагуу засаг даргад хариуцлага тооцох, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарыг огцруулах шаардлагыг НИТХ-ын төлөөлөгчид уриалах, гарын үсэг цуглуулах, цаашлаад Ерөнхий сайдад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг огцруулах шаардлагыг хүргүүлж ажиллана
Б.БАТ
Холбоотой мэдээ