Хэрэв та хэзээ нэгэн цагт алдарт "A380" супержамбо онгоцны нэг хэсгийг эзэмшихийг хүсч байсан бол танд ийм боломж гарлаа. Эмиратын агаарын тээврийн "Airbus A380" болон "Boeing 777" онгоцны эд ангиудыг дахин боловсруулан тансаг зэрэглэлийн цүнх, дагалдах хэрэгслүүдийг цөөн тоогоор үйлдвэрлэх гэж байна. Дубай дахь Эмират инженерийн байгууламжийн оёдолчдын багийн гараар урласан коллекцид чемодан, үүргэвч, цүнх, картны сав, ариун цэврийн хэрэглэлийн цүнх, бүс, гутал зэрэг багтах гэнэ. Ирэх 2024 оноос худалдаанд гаргахаар төлөвлөж буй энэхүү коллекцийг зөвхөн захиалгаар урлах гэнэ. Энэ нь үйлчлүүлэгчид хувийн шаардлагад нийцүүлэн урлах, түүнчлэн нэрний үсгээ сийлбэрлүүлэх боломжтой гэсэн үг юм. Харин худалдаанаас олсон орлогыг Эмиратын агаарын тээврийн буяны санд төвлөрүүлэн тусламж хэрэгтэй хүүхдүүдэд хандивлах гэнэ.
Энэхүү санаачилга нь цоо шинэ интерьертэй болж байгаа 120 нисэх онгоцыг хамарсан томоохон шинэчлэлийн төслийн нэг хэсэг юм. Хуучин бүхээгийн эд ангиудыг ихэвчлэн дахин боловсруулдаг боловч Эмиратын агаарын тээвэр энэ коллекцид зориулж нэгдүгээр болон бизнесийн ангиллын материалыг ашиглахаа мэдэгджээ.
Одоогийн байдлаар цуглуулсан зүйлсэд хамгаалалтын бүс, толгойны түшлэг, "A380" онгоцны амралтын өрөөний арьс, бүхээгийн суудлын доторлогооны үслэг эдлэл багтсан байна. Одоогийн байдлаар 16 онгоцноос 30,000 гаруй фунт материал гаргаж авсан бөгөөд шинэчлэгдсэн онгоц тус бүрээс 595 фунт арьс, 1382 фунт суудлын даавуу авахаар төлөвлөж байна гэв.
Коллекцоос өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон Дубайн агаарын шоуны үеэр нэгдүгээр зэрэглэл, бизнес ангилал болон буйдан төрлийн арьсан, мөн толгойны түшлэгийн хөнгөн цагаанаар хийсэн зүйлсийг дэлгэн үзүүлсэн.
Эмиратын инженерийн хэлтсийн ахлах дэд ерөнхийлөгч Ахмед Сафа хэлэхдээ, "Бид гар тээш, үүргэвч зэргийг үйлдвэрлэсэн бөгөөд энэ нь хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байна. Арьсыг манай хамтрагч үйлдвэрт угааж, дараа нь гараар гүн цэвэрлэж, хайрцаг, цүнхэнд хийхээс өмнө сайтар ариутгадаг. Янз бүрийн загварын санааг манай багийнхан гаргаж, одоогийн хэв маяг, ачаа тээшний тренд хэлбэр, функциональ үүргэвчний загваруудыг судалж, хэсэг тус бүрт хээ угалзыг бий болгосон" гэжээ.
Урлах ажлыг инженерийн засвар үйлчилгээний туслахууд гэж нэрлэдэг групп гүйцэтгэдэг бөгөөд ихэвчлэн бүхээгийн тоноглолын засвар үйлчилгээ хийдэг 14 оёдолчид байдаг. Тэдний дөрөв нь одоогоор зөвхөн санаачлагаар ажиллаж байна гэж мэдэгдэв.
Ашиглалтын хугацаа дуусахад нисэх онгоцны материалын 90 хүртэлх хувийг мэргэжлийн компаниуд дахин боловсруулдаг байна. Эмиратын агаарын тээвэр өмнө нь ашиглалтаас хасагдсан "A380" онгоцныхоо хэдэн зуун зүйлийг буяны зорилгоор дуудлага худалдаанд оруулж байжээ. Гэхдээ шинэ коллекцид ашигласан материалууд нь одоог хүртэл үйлчилгээнд байгаа онгоцнуудаас иржээ.
Бусад агаарын тээврийн компаниуд өмнө нь хуучин "A340-600" онгоцноос авсан эд анги бүхий гэрийн тавилга, дагалдах хэрэгслийн цувралыг гаргаж байв.
ЭХ СУРВАЛЖ: CNN
Холбоотой мэдээ