NEWS агентлаг энэ удаагийн 76:1 булангаараа УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулсан Жигжидсүрэнгийн Чинбүрэнг танилцуулж байна.
“Элэгний Чинбүрэн” гэж нэрлэгдэх хүртлээ ард олныхоо хүндлэлийг хүлээж, эрүүл мэндийн салбарт нэрээ дархалсан мэс засалч бол УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн юм.
Улс төрд орж ирэхээсээ өмнө тэрбээр элэгний хорт хавдрын 1200 гаруй удаагийн хагалгаа, нойр булчирхайн хорт хавдрын 300 орчим мэс засал, 110 гаруй удаагийн цөсний замын хорт хавдрын хагалгаа, элэг солих 21 мэс заслыг хийсэн нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарт оношилгоо, эмчилгээний шинэ арга технологи нэвтрүүлэх суурь болсон байдаг.
Мөн элэгний хавдрын бүх шатны эмчилгээ Монголд өнөөдөр нутагшсан нь түүнийг Хавдар судлалын үндэсний төвийг удирдаж байхдаа хийсэн хамгийн том гавьяа гэж үнэлдэг. Монгол Улсын төр ч энэхүү хөдөлмөрийг нь үнэлж, гавьяат эмч цолыг 2019 онд хүртээсэн. Гэвч тэр хавдартай тэмцэх ажлаасаа завсарлага аван, Ардын намд элссэн нь 2020 оны УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэх болсонтой нь холбоотой байв .
“Монгол Улсыг хорт хавдартай тэмцэж чадсан жишиг орон болгоно” гэх PR нь сонгогчдод ч хүрч, итгэл хүлээсэн. Гэвч парламентад гишүүнээр сонгогдчих л юм бол эрүүл мэндийн салбарт үгүйлэгдэж буй эрх зүйн орчныг нь бүрдүүлэхээс эхлээд олон зүйлийг хийх тухай амлалт нь биеллээ олсон нь цөөн. Харин ч “УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн эхнэр С.Төгсдэлгэрийгээ Эрүүл мэндийн яамны газрын дарга болгохоор сайд С.Энхболдтой тохирчээ”, “УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нь П.Мэндсайханы барилгыг 40 тэрбумаар үнэлж, улсад худалдан авах тохироо хийжээ”, “Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн сайд болохоор зүтгэж байна” гэх мэдээлэл цацагдсан нь “МАН дахь Женко” гэх тодотгол зүүхэд ч хүргэж байв. Түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэх яриа ч дагадаг нь ийм учиртай.
Засгийн газар бүрдэх, сэлгээ хийх бүрт “Эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн хүн болох УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн л авч явж чадна” гэдэг PR сошиалаар цацагддаг нь нийгмийн хүсэлт гэхээс илүү Ж.Чинбүрэн гэдэг хүний сайд болох амбиц гэж харахад буруудах зүйлгүй.
Гэхдээ тэр нийгмийн сүлжээгээр хөвөрч байдаг энэ чиглэлийн сэвээнд тайлбар хийхээ ч андахгүй. Тухайлбал, МАН 2020 оны УИХ-ын сонгуульд 62 суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулан, Засгийн газраа байгуулах болоход сайдын суудлын төлөөх өрсөлдөөн болж, тэр дунд Ж.Чинбүрэн гишүүний нэр багтаж, нийгмийн сүлжээнд “Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбарыг авч явж чадна, чадахгүй” гэдэг хоёр талын маргаан үүсэхэд тайлбар хийж байсан юм. Энэ тухайгаа тэрбээр “Үндсэн хуулиар Засгийн газраа дангаараа байгуулах Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шилдэг сайн засаглал байгуулах орон зайнд бүү халд! Сонгуулийн өрсөлдөөний үеэр үзээгүй энэ их хар PR-ийг сандал суудал горилогч, өөрийгөө голдоггүй хэдхэн хүнээс л харж, үзэж сууна.
Эрүүл мэндийн салбарыг өөд татах амаргүй энэ их ажлыг мөнгөний нүдээр хардаг, ард иргэдийн зуурдын өнчрөл хагацлыг зоосны нүхээр хардаг бусармаг хүмүүс гараа тат!. Цөөхөн Монголоо эрүүл байлгаж, өвдөж шаналах, хайрт аав, ачит ээж, халамжит ханиа алдах гашуун зовлонгоор тоглох санаатнууд савраа тат!. Би сайд болох гэж хэн нэгний үүдийг сахиж элдэв хов жив хийж явсангүй, хийх ч үгүй!.
Энэ мэт башир аргаар талцуулж араас нь хараад инээж суугаа танд харин хэлчихье. Ийм улс төр одоо газар авахгүй, Хүрэлсүх гэдэг хүний шударга, хүнлэг сэтгэлийг нь таньж би улс төрд орсон” гэж мэдэгдсэн. Гэвч тэрхүү мэдэгдлээс нь хойш Эрүүл мэндийн сайдаар томилогдсон хоёр ч мэргэжлийн хүн огцорч, УИХ дотроос тус салбарын сайдыг томилох тухай яриа хөөрөө гарахад нэлээн хөөлцөлдлөгөөтэй, хөдөлгөөн хийж гүйсэн гишүүн нь Ж.Чинбүрэн гишүүн байдаг. Харин Ардын намын гишүүд түүнд боломж олгоогүй ч тэр одоог болтол бууж өгөөгүй, сайд болох сонирхлоо цухалзуулсаар ирсэн юм.
Уг нь тэр улс төрийн карьер хөөснөөс салбартаа үлдсэн бол илүү олон тустай зүйлийг хийх байсан гэж олон нийт үздэг. Гэвч сонголтыг нь яалтай. Улс төрд орохоор бусаддаа уусдаг уу, аль эсвэл улс төрийн амьдралаа үргэлжлүүлэх хүсэл, шунал нь эвдээд байна уу, поп С.Ганбаатараасаа дутахгүй улс төр хийх нь бий.
Засгийн газар өнгөрсөн долдугаар сарын 1-ээс ахмад настнуудын тэтгэврийг нэмсэн. Эл нэмэгдэл ахмадуудын нэг хэсгийг баярлуулж, нөгөө хэсгийг гомдоосон гэхэд үнэнээс хол зөрөхгүй. Учир нь, дарга даамал хийж явсан хүмүүсийн тэтгэвэр 550 мянган төгрөгөөс 1 сая гаруй болж өссөн бол хар бор ажил хийж явсан ахмадуудынх 10 хувиар өссөн. Энэ үед УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Сайхан бороотой зуны өглөөний мэнд. Ханийн минь аав жирийн инженерээс сум орон нутгийн удирдлагын алба хашиж, төрийн албанд тасралтгүй 40 гаруй жил ажиллаад тэтгэвэр нь 550 мянган төгрөг байсан. Өглөө босоод бөөн баяр хөөр сууж байна. Яав юу болоов гэтэл тэтгэвэр 1 сая 39 мян төгрөг болсон байна, ач зээ нартаа хишиг хүртээнэ гээд сууж байна.Улс эх орноо хөгжүүлэх үйлсэд гар бие сэтгэл зүрхээ зориулсан азай буурлууд Та бүхэн минь сэтгэл хангалуун, эрүүл саруул, #элэг_бүтэн урт удаан наслаарай!” гэж нүүр номын хуудсаараа дамжуулан жиргэсэн нь сошиал орчинд шуугиан дэгдээж, амжсан. Дуулианыг намжаахын тулд Ж.Чинбүрэн гишүүн хадамж аавынх нь тэтгэвэр хоёр дахин нэмэгдэж, 1 сая 39 мянган төгрөг болсон нь зөв үү гэдгийг шалгуулахаар Нийгмийн даатгалын газарт хандаж буйгаа мэдэгдэн, эргэн талаар тайлбар хийх болсноо зарласан ч таг болсон юм.
Түүний УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа гүйцэтгэсэн хамгийн том ажил нь “Новартис аксесс” хөтөлбөрийн хүрээнд 19 төрлийн эмийг 1 ам.доллараар худалдан авч, Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдэд 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгодог болох санаачлага гарган оролцсон хүний нэг гэж үздэг. Эл хөтөлбөр Монгол Улсад 2022 оны сүүлээс эхлэн хэрэгжсэнээр 20-иод тэрбум төгрөгийн хэмнэлт бий болгосон гэсэн тооцоо бий. Ингэхдээ таван тэрбум орчим төгрийн хэмнэлт нь иргэдэд шууд утгаараа хүрсэн гэж үздэг. Мөн энэхүү 19 төрлийн эм нь хамгийн чанартай гэдгээрээ онцлогтой. “Новартис аксесс” хөтөлбөр нь буурай болон дунд хөгжилтэй орнуудад хэрэгждэг юм.
Тэрбээр Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хороог даргалж байна.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1990 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль
- 1991-1997 онд АУИС, хүний их эмч
- 2000-2001 онд Хавдар судлалын төв, хавдар судлаач эмч
- 2001-2002 Швейцари Улс, Лозаны их сургууль, мэс заслын эмчийн резентур
- 2013-2015 онд Япон, Токиогийн Анагаах ухааны эмэгтэйчүүдийн их сургууль, анагаах ухааны доктор
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1997-1998 онд Анагаах ухааны хүрээлэн, шинжлэх ухааны туслах ажилтан
- 1998-2008 онд ХСҮТ, ерөнхий мэс заслын тасаг, мэс заслын эмч
- 2008-2016 онд ХСҮТ, Элэг цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч
- Бүгд Найрамдах Казахстан Улсын Шымкент хотын хавдрын төв, сургагч багш
- 2014-2016 онд АШУҮИС, Хавдар судлалын багш
- 2015 оноос Монголын элэг цөс, нойр булчирхайн нийгэмлэгийн тэргүүн
- 2016.04-11 сард ЭМЯ, Хавдрын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга
- 2016-2019 онд ХСҮТ-ийн ерөнхий захирал
- 2020 онд ХСҮТ-ийн зөвлөх эмч
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ
- 2015 онд Алтан гадас одон
- 2019 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- 2019 онд Монгол Улсын Гавьяат эмч
ГАДААД ХЭЛ
- Англи, Орос
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ