"Нийслэлд 2300 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна"

Хуучирсан мэдээ: 2023.12.19-нд нийтлэгдсэн

"Нийслэлд 2300 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна"

"Нийслэлд 2300 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна"

Эрүүл мэндийн яамнаас томуу томуу төст өвчний нөхцөл байдал болон идэвхжилийн үед авч байгаа нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.


Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд:

-Томуугийн вирусийн идэвхжил дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст байрлах улсууд, ялангуяа Европын орнууд, Хойд Америк, Зүүн болон Баруун Азийн улс орнуудад эрс нэмэгдэж байна. Тухайлбал АНУ-д томуу, томуу төст өвчлөл болон амьсгалын замын цочмог халдвар нэмэгдэж улирлын босго үзүүлэлтээ давсан байна. Зүүн Азийн орнууд болох БНХАУ, БНСУ зэрэг орнуудад өвчлөл тогтвортойгоор нэмэгдэж байгаа. Энэ жил томуугийн А хүрээний H3N2 болон H1N1 вирус давамгайлж байгаа.

Монгол Улсын хувьд энэ жил улирлын томуугийн А хүрээний H3N2 амьсгалын замын реновирус, синцитиаль  гэх хоёр вирус давхар эргэлтэд орсон байгаа нь бага насны хүүхдийн ханиад хүндрэх шалтгаан болж байна. 2023 оны 49 дэх долоо хоногийн мэдээгээр амбулаторид 274 мянган хүн үйлчлүүлснээс 7,1 хувь буюу 19484 тохиолдол нь томуу, томуу төст өвчтэй хүмүүс байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 1,5 хуваар  нэмэгдсэн үзүүлэлт юм.

Нийт түргэн тусламжийн дуудлагын 23,7 хувь нь томуу томуу төст өвчний дуудлага байсан нь мөн өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 4,5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчлөлийг улирал хооронд, идэвхжилийн  түвшин, алаг цоог, аймгийн түвшинд дэгдэлт нэмэгдсэн, тахал тархалт гэсэн 5 түвшинд авч үздэг. Одоогоор 14 аймаг идэвхжилийн түвшинд, Улаанбаатар хот болон 7 аймаг гуравдугаар түвшин буюу алаг цоог түвшинд шилжсэн байна. Томуугийн харагдан тандалтын мэдээгээр 21 аймаг есөн дүүргийн эмнэлэг болон мэргэшсэн мэргэжлийн эмнэлэгт 8854 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 91,4 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд, үүнээс 80 хувь 0-4 насны хүүхэд байна. Нийслэлийн хэмжээнд сүүлийн долоо хоногт 2300 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нь өмнөх долоо хоногоос 500 гаруй хүүхдээр нэмэгдсэн тоо юм. Энэ нь 15 хүртэлх насны хүүхдийн өвчлөл их байгааг харуулж байна. Улирлын томуу эхлэхтэй холбогдуулан ЭМЯ-д холбогдох байгууллагуудын төлөөллүүд орсон шуурхай штаб идэвхжиж ажилладаг. Үүнтэй холбогдуулан

  • Томуугийн эсрэг вакцинаар бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насны хүмүүс, архаг хууч өвчтэй хүмүүс, эрүүл мэндийн байгууллага болон хүчний байгууллагын ажилчдыг вакцинд хамруулдаг. Өнөөдрийн байдлаар 91,7 хувийг нь дархлаажуулалтад хамруулсан байна.
  • Өвчний зүй тогтол, тархалт, хандлага, вирусийн хувилбарыг тогтоох, хариу арга хэмжээний заавар журмыг хэрэгжүүлэх, нөөцийн бэлэн байдлыг хангах зэрэг ажлыг гүйцэтгэж иргэдэд чиглэсэн заавар зөвлөгөө, сургалт сурталчилгааг эрчимжүүлэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явуулж байна.
  • Нийслэлийн хэмжээнд дүүргийн эмнэлэг болон мэргэшсэн мэргэжлийн эмнэлгүүд дээр ажиллаж дэмжлэг үзүүлж байгаа. Түүнчлэн, эмнэлгүүдийн ачаалал маш их байгаа учраас их дээд сургуулиудын сувилахуйн мэргэжлээр төгсөх курсийн оюутнуудыг дайчлан ажиллуулж байна.
  • Өрхийн эмнэлгүүдийг амралтын өдрөөр ажиллуулан, дүүргийн эмнэлгүүдийн амбулаторийг 21 цаг хүртэл ажиллуулж байна. Өвөлжилт хүндэрч байгаа учраас орон нутгийн иргэдэд учирч болзошгүй эрсдлээс сэргийлж, оторлож буй малчдад эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх зорилгоор төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлэг болон тусгай мэргэжлийн төв эмнэлгүүд, аймгийн нээгдсэн эмнэлгүүдийн газрын дарга нарт Эрүүл мэндийн сайдын тушаалыг хүргүүлсэн. Мөн эмнэлгүүдийн эм тарианы нөөцийг ханган, хамгийн багадаа 30 хоногийн нөөц, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
  • Хүүхдийн 1000 гаруй ор Улаанбаатарын хэмжээнд байдаг. Улирлын чанартай ачаалал нэмэгддэг учраас нэмж эмнэлэг барих шаардлага байдаггүй. Орны зохицуулалт хийгээд явж болдгийг ковидын үед бид сурсан. Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийг цахимаар ажиллуулах саналыг маргаашийн засгийн газрын хуралдаанаар оруулна.

"Зинт клиник" эмнэлгийн хүүхдийн эмч Т.Навчаа:

-Томуу бол дэлхий нийтээр өвлийн улиралд дэгддэг өвчин. Манайд сүүлийн хоёр долоо хоног дэгдээд эхэлсэн байна. Гэхдээ томуу бол урьдчилан сэргийлж болдог өвчин. Өвлийн эхээр вакцинаа хийлгэсэн байхад нэг бол өвчлөхгүй, нэг бол хөнгөн өвчилдөг. Томуу болон томуу төст өвчнийг ялгах хамгийн анхны мэдлэг бол огцом эхэлдэг. 38-39 градус хүртэл халуурч хүүхэд  ёолоод гиншээд эхэлдэг, хоолны дуршил буурдаг.

3, 4 хоног юу ч идхээ болиод шингэний дутагдалд орж, ханиах зэрэг шинж тэмдэг илэрдэг ба бага насны хүүхдэд уушгины бус шинж тэмдэг илэрдэг.

Жишээ нь суулгалт, баас шингэрэх зэрэг шинж тэмдэг нь томуугийн шинж тэмдэг. Томуу төст өвчний үед барагтай бол ийм шинж илрэхгүй. Гурван сар хүрээгүй хүүхэд 37,5 градус хүрч халуурвал яаралтай эмчид хандана. Гурван сараас дээш хүүхэд 38 градус хүрч халуурвал эмчид хандана. Халуураагүй бол 3 хоног гэртээ ажиглаж болно. 3 хоногоос дээш эдгээр шинжүүд илэрвэл эмчид хандана.

Эмч эмнэлгийн байгууллагаас ид шидийн юм хүсэхгүй энгийн заавар зөвлөгөөг дагаарай. Микофлазмын халдварыг хүмүүс их асууж байгаа. Тэр бол айхтар аюултай халдвар биш.  Дийлэхдээ 45 дээш насныхан өвддөг учраас хүүхдүүд өвдөх нь ховор.

4-7 жилдээ нэг удаа дэгдэж байна гэх судалгаа байдаг. Нэг их хүнд өвчлөл биш.

Харин хамгийн аюултай өвчлөл бол томуу байна. Түүний дараагаар синцитиаль  вирус байна. Энэ нь нэгээс доош насны хүүхдүүдэд маш хүнд. Амьсгалын зам их бөглөрнө, амьсгалын зам нарийсаад шуугиантай амьсгалах шинжээр илэрдэг. Энэ тохиолдолд эмчид хандах ёстой.

Мөн ковидийн өвчлөл их яригдаж байна. Ковид бол сүүлийн үед ларингитаар их илэрч байна. Ларингит бас хяналтад орчихсон өвчин. Томуу томуу төст өвчин ковид уушгины хатгалгаа 1-2 долоо хоногт эдгэнэ. Дутуу, жин багатай төрсөн, ой хүрээгүй хүүхдүүдэд 3-7 долоо хоног хүртэл сунжирч болно. 1-2 долоо хоногт хүүхэд эдгэж, цовоо болно. Тэгээд хоосон ханиалга үлдэж болно. Үүнд санаа зовох зүйлгүй гэж хэлмээр байна. Манай зарим эцэг эхчүүд манай хүүхэд буцаад ханиаж эхэллээ гэж эмнэлэгт ирээд байгаа нь ахиад ханиадыг нь хүндрүүлэх эрсдэл болоод байна. Тиймээс 4 долоо хоног хүртэл үргэлжилж болно.

Харшлын эмнүүд өөрөө салст хуурайшуулж, хүүхдийг унтааруулдаг. Үүнээс болоод хүүхэд нас барсан тохиолдлууд ч байдаг учраас харшлын эмийг дангаар нь хэрэглэж болохгүй.

Өдийд бол харшлын ханиалга байхгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Маш их нус цэртэй үед хавсарсан найрлагатай хүч багатай эмийг зөвлөж байгаа. Аливаа эмэнд олон улсын нэршил болон худалдааны нэршил гэж байдаг. Эмч ямар ч эмийг олон улсын нэршлээр нь бичих ёстой. Эмийн санд орохоор амоксицилин хэдэн янзын сонголттой байдаг. Үйлчлүүлэгч тэндээс өөрөө сонгоод авдаг. Мөн, сонгино сармис бол вирусийг устгах найрлагатай гэдэг нь шинжлэх ухаанаар нотлогдсон. Дэлхий нийтээрээ хэрэглэдэг. Мөн аньс, чацаргана ч хэрэглэж болно. Антиоксидант агуулж байдаг. Мөн вирус, нянтай тэмцэхийн тулд уураглаг хүнс хэрэглэх хэрэгтэй.

Б.НАРАНГЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж