НЭМЭЛТ:
Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн дарга дэд хурандаа Д.Дашням:
-Өнөөдөр өглөө 07 :06 минутад цагдаагийн байгууллагын тусгай дугаарын утсанд Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны Сутай хотхонд гал гарч байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Энэ дагуу цагдаагийн байгууллага хэргийн газарт ирж ажиллаж байна. Шалгалтын явцад 2, 5, 10 насны гурван хүүхэд, мөн 39, 40 насны хоёр эмэгтэй амь хохирсон байна. Түүнчлэн угаарын хийн улмаас 27, 40 настай хоёр иргэн эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авах явцдаа амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа.
НЭМЭЛТ:
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч хошууч Т.Түмэннасан:
-Шинэ жилийн баяр ойртож байгаатай холбоотой айл өрх, байгууллагууд гацуур модоо засч, чимэглэж эхэлсэн. Үүнтэй зэрэгцээд ахуйн нөхцөлд гал түймэр гарах тохиолдол, дуудлагууд их ирж байна. Гол шалтгаан нь ихэнх гацуурууд чанарын шаардлага хангаагүй, галд тэсвэргүй материалаар хийгдсэн байдаг. Энийг манай иргэд зөв зүйтэй ашиглаж гэрлийг нь цагийн хязгаартайгаар асаахгүй тогтмол байнгын асаалттай байлгадаг. Удаан асаалттай байснаас чимэглэл болон утсанд нь халалт өгч гал гардаг. Иймээс иргэд гацуур модныхоо гэрлэн чимэглэлийг 1-2 цагийн зайтай асаах, шөнө оройн цагаар салгаж байх хэрэгтэй байна. Мөн бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих үедээ гацуурынхаа гэрлэн чимэглэлийг асаалттай орхисноос болж хүүхдүүд галын аюулд өртөх эрсдэл нэмэгдэж байна.
НЭМЭЛТ:
Орон сууцад гал гарч гурван том хүн, дөрвөн хүүхэд нас барсан талаар бид мэдээлсэн. Долоон хүний нэг нь галын дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэж байсан Онцгой байдлын байгууллагын алба хаагч юм байна. Тэрбээр, галыг унтраахаар ажиллаж байхдаа угаартаж, нас баржээ.
Цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар гацуур модны гэрлэн чимэглэлээс гал алдсан байж болзошгүй гэх мэдээллийг өгөөд буй юм.
Цагдаагийн байгууллагад 2023 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 07:10 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт…… 10 давхар барилгын 4-р давхрын айлд гал гарлаа гэх дуудлага бүртгэгджээ.
Түймрийн улмаас долоон хүн амь хохирсоны дөрөв нь хүүхэд байна. Урьдчилсан байдлаар шинэ жилийн гацуур модны гэрлэн чимэглэлээс үүдэн гал гарсан байж болзошгүй гэнэ. Цагдаагийн байгууллагаас мэргэжлийн байгууллагатай хамтран хойшлуулшгүй ажиллагааг явуулж байна.
Жил бүрийн энэ үеэс эхлэн шинэ он гарах хүртэл айл, албан байгууллага бүр хоймортоо гацуур мод залж баярын уур амьсгал оруулдаг. Гэвч зарим гацуур модны шатамхай чанар өндөр байдаг тул худалдан авахдаа галд тэсвэртэй материалаар хийгдсэн гацуур худалдан авч, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх нь чухал юм.
Иймд Цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
- Гацуур модны гэрлийг байнга асаахгүй байх,
- Бусад төрлийн гэрлэн чимэглэлийг байнга асаахгүй байх,
- Зөвхөн насанд хүрсэн хүнтэй үед асаалттай байлгах,
- Гэрлэн чимэглэл нь гэмтэлтэй эсэх, халалт үссэн эсэхийг тогтмол шалгах,
- Бага насны хүүхдийг цахилгаанд цохиулахаас сэргийлэх,
- Тэжээлийн утасны орооцолдоог гаргаж хэрэглэх,
- Гацуур болон бусад тоглоом, гэрлэн чимэглэлийг тогтвортой байршуулах,
- Мэргэжлийн байгууллагын асаасан бол унтраа, залгасан бол салга гэдэг аюулгүй зарчмыг байнга хэрэгжүүлж, шинэ жилийн гацуур модноос үүсэлттэй галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Б.НАРАНГЭРЭЛ
Холбоотой мэдээ