Солгой сэтгэдэг сайд, дарга нарын хөлд чирэгдэж явсаар хэд маань үхэж, үрэгдэж, хэд нь үргэлжлүүлэн үхэж, үрэгдэж, хэд нь үлдэж, сэхэхийг бүү мэд. Зуны гурван сард МАН-наас өмнө Монголд хүн байгаагүй, сармагчин л байсан гэх нь холгүй 100 жилийн ойгоо тэмдэглэн солиорсон аймгуудад ч, хотод амьдрал хэцүүдэв. Монголыг шатахууны, эрчим хүчний, бараа бүтээгдэхүүний хараат орон гээд өвөл өнжсөнгүй. Нийслэлчүүд хэдэн мянгаараа угаартаж, хавдраар, ханиадаар үхэж, үрэгдэж байхад эрх баригчид өөрсдийнхөө буруугаас болсон гэдгийг хэлсээр өдийг хүрэв. Одоо харин хөлдөж үхэх эрсдэлд оров. Нүүрсийг хориглож, туршилтын шахмал түлшний үйлдвэр байгуулан тэд ашиг олсон бол тэдний төлөөсөнд иргэд амиа, эрүүл мэндээ “өргөв”. Их наяд руу дөхсөн өртэй атал Тавантолгойн түлшийн удирдлагууд 1,1 тэрбум төгрөгийн урамшууллыг өөрсдөө хувааж авсан нь Нүүрсний сонсголоор ил болов.
Цар тахлыг дарсан баатар гэж хилээ хааж, төсвийн мөнгийг түрийвчээ түнтийлгэх хэрэгсэл болгосны гайгаар хэдэн мянган айл хагацалд унаж, эрүүл мэндээрээ хохирсныг бүрэн гүйцэт гаргасан тооцоо алга. Шахмал түлшээр утааг 50 хувь бууруулсан гээд байсан "баатрууд" эхнэр, хамаарал бүхий этгээдийнхээ данс руу сая саяар нь шилжүүлэг хийж, ямар ч тендергүйгээр байнга худалдан авалт хийдэг байжээ.
Ж.Батбаясгалан, Т.Бадамжунайн охид ч энэ хулгайгаар хойш суугаагүй бололтой. Эрх баригчдын хулгай энд хүрээд дуусахгүй. Эрүүл мэндийн салбарын нэрийг барьж, их хэмжээний зээл тусламж, төсвийн мөнгийг тэд “залгиснаа” одоо хүртэл тайлагнаагүй байна.
Нийтийн тээвэр хүрэлцээ муутай, хүйтэнд хөлдөөчих гээд, халуун шатчих гээд байна гэвэл дампуурсан үйлдвэрийн төмрийн сэг авчраад тэрбумаар нь луйвардана. Авлига хороолол барих зөвшөөрлийг өгсөн хэр нь шүүх рүү бухаж, буусан болоод бушуухан зугтдаг адгийн шаарнууд ёолкноор нэгнээ шагнаад баярлаж байхад бидний бяцхан үрсийг цахилгаан, дулаан нь хэзээ ч тасарч мэдэх хотод цахимаар хичээллүүлэх шийдвэр гаргагчдийг ямар эрүүл ухаантан гэх вэ?
Түүнтэй, түүнгүй шатахуунаа авч чадахгүй иргэд тэг зогсолт хийхдээ тулаад байхад нэг нь “тэвчээрэй” гэж тэнэглэдэг бол нөгөө нь тэгш, сондгойгоор нь явуулснаа асуудлын шийдэл гэж муйхарлаж, эсэргүүцсэн иргэнд гоморхож, томорхож, энгийн иргэдийг гарц ярих бядгүйгээр нь доромжлогч өөрөө тийм чадвартайдаа ийм шийдвэр гаргаад байгаа нь тэр үү?
Тэд ийнхүү сүүлийн найман жил монголын татвар төлөгчдийн татварыг нэмж байгаад цөлмөв. Он гармагц нийслэлчүүдийн татварыг нэмнэ. Татварыг бууруулна гэсэн чинь яасан гэвэл "2016 оны амлалт. 2020 оны амлалтад тийм байхгүй" гэж ам тагладаг л болж. Энэ хооронд 2011 он гэхэд ердөө 4 их наяд 673 тэрбум төгрөгийн хөрөнгө байсан бол арван жилийн дараа 12 дахин өсөх хүртлээ данхайсан бөгөөд 53 их наяд 482 тэрбумын хөрөнгөтэй гарчээ. Энэ тоо өнгөрсөн жилийн байдлаар 2 их наядаар нэмэгдсэн бол оны төгсгөлд хэд гэж гарахыг чөтгөр бүү мэд. Гэтэл эдгээр 105 хуулийн этгээдийн өр нь 18 их наяд, 127 тэрбум төгрөг бол ашиг нь ердөө 1 их наяд аж. Төр бизнестэй хутгалдах болсон төдийгүй ямар ч ашиггүй, өр тавин үйл ажиллагаа явуулж, түүнийг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс төлдөг болсны тод жишээг бид харсаар л сууна. Хамгийн аймшигтай нь тэд өрөө нэмэгдүүлж, өөрсдөө хэрхэн урамшуулал авдаг, яаж ойр дотныхондоо нэг ч тендергүйгээр төрийн данснаас хэдэн тэрбум, саяар нь шилжүүлдэг вэ гэдгийн ердөө ганцхан жишээ нь "Тавантолгойн түлш" ХХК-ийн жишээ болов.
Цар тахлын үед тендергүйгээр шууд худалдан авалт хийх хууь гаргаж байгаад юу хийсэн нь улам бүр тодорхой болох учраас ковидын үеийн төсвийн зарцуулалт, гадаадаас авсан зээл, тусламжийн их наядаар тооцогдох мөнгөний зарцуулалтыг одоо хэр нь тайлагнахгүй байгаагийн шалтгаан энэ.
Одоо байгаад ирэх онд Хүнсний 19 нэр төрлийн бүтээгдэхүүний татварыг 5-20 хувиар нэмэгдүүлэх тухай ярьж сууна. Дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чаддаггүй үндэсний үйлдвэрлэгчдийн лобби ийнхүү эхэлсэн бөгөөд үр дүнд нь бид бараа бүтээгдэхүүний хомсдолд орохгүй гэхэд үнийг өсөлтийн хүчтэй давалгаанд өртөх нь. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нь үүнийг зөвтгөл болгож 1990-д онд гаалийн татварыг өндөр тогтоогоогүйгээс Монголын үйлдвэрүүд дампуурсан гэх түүхий юм яриад сууж байгааг харвал энэ улсыг удирдаж байгаа хүмүүс түүхийн баримтыг ч ойлгох сөхөөгүй түүхий нөхөд санж.
Асар өндөр үнээр тэд ийнхүү дарга болж тогтлож байна. Утааг багасгахыг шаардвал туршилтын түлш хийж, түүнээсээ ашиг олоод иргэдийг угаартуулж ална. Зам талбай халтиргаа их байна гэвэл тоос соруулагч авах бөгөөд хэт хүйтэрсний улмаас давс нь хүртэл хайлахгүй байна гэж хачин хөгийн тайлбар хэлнэ. Нийтийн тээврээ шинэчлээч гэвэл төмрийн хог дээр аваачих болсон хуучны автобусыг гадны дампуурсан компаниудтай нийлж мөнгө угаахыг урьтал болгоно. Монголыг ганц тэжэээж буй нүүрсээ ад үзэх төдийгүй түүнээс олох орлогыг нь хүртэл бүлэглэн дээрэмдэнэ.
Батгана суусан газар өттэй, бадарчин явсан газар балагтай гэгчээр эрх баригчдын хүрсэн газар болгонд эрүүл өрсөлдөөн, хэвийн үйл ажиллагаа алдагдаж, тухайн салбар дампуурал руугаа ордог бол тэндээс тэрбум тэрбумаар нь идсэн баримт л үлдэх нь олон олон жишээнээс тодорхой болов. Тэгсэн хэр нь түрэмгийг нь яана. Тэдэнд нэгдсэн бодлого байтугай амьдралын хар ухаан ч алга. Амьдралаас дэндүү гэхэд дэндүү хол шийдвэр гаргаж байгаагийн горыг яг эл өдрүүдэд бид хөлдөж үхэх шахаад амсаж байна.
Үгэнд орохгүй байгаа хүүхдээ зодно гэсэн шиг хойноос авдаг шатахуунд ч асуудал гарав. Энд ОХУ-ыг буруутгах нь утгагүй. Газрын тосоо цагаан дээлийнхээ энгэрээ мялааж зогссон тэр цагаас хойш боловсруулах үйлдвэр бариагүй арчаагүй эрх баригчдын л буруу.
…Гээд тэдний хөгжүүлэхийг харж дахин дахин сонгосоор суухад эмэгтэйчүүд эрүүл хүүхэд тээх боломжгүй, төрсөн хүүхэд эрүүл торних аргагүй, торнилоо ч боловсрол эзэмших боломж хаалттай, хорт хавдраар өвчлөгсдөөр тэргүүлж, ахмадууд санаа амар нүд аньж чадахгүй, залуус боломжоо хулгайлуулж, бушуухан гадагш гарч зугтахыг зорилгоо болгожээ.
Тэд түүхий, дээр нь түрэмгий байна. Харин энгийн иргэд хүлээцтэй, хүлцэнгүй байна.
Холбоотой мэдээ