Тоглоомын дүрэм: Цөөнхийн эрх ашгаас илүү үндэсний аюулгүй байдал чухал!

Хуучирсан мэдээ: 2023.12.19-нд нийтлэгдсэн

Тоглоомын дүрэм: Цөөнхийн эрх ашгаас илүү үндэсний аюулгүй байдал чухал!

Тоглоомын дүрэм: Цөөнхийн эрх ашгаас илүү үндэсний аюулгүй байдал чухал!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн яриад байгаа Монголд цоо шинэ 30 жилийг эхлүүлэх шинэ тоглоомын дүрэм нь сонгуулийн бүсчилсэн тойрог болох нь нэн ойлгомжтой болов. Нэг ёсондоо, мөнгөтэй цөөнхөд үйлчилдэг авлигажсан төрийн тогтолцоог халахад томсгосон тойрог томоохон үүрэг гүйцэтгэнэ гэх МАН-ын саналыг АН-ын Удирдах зөвлөлөөс дэмжиж гаргасан шийдвэртээ “УИХ-ын сонгуулийн тойргийг бүсчилсэн хэлбэрээр тогтоосноор улс орны болон бүс нутгийн хөгжлийн бодлогыг уялдуулан нэгтгэж, төсөв, хөрөнгө оруулалтыг оновчтой болгох боломжтой. Сонгуульд мөнгөний хүчин зүйл буурч, танил тал, жалга довны хэлхээ холбооноос илүү бодлогод суурилсан улс төрийн орчин бүрдэнэ” гэжээ.  Харин хэдэн мандаттай байх, яаж бүсчилж хуваахаа намууд хоорондоо ярьж тохирох юм байна.

МАН-аас санал болгож буй хувилбараар  орон нутгийг долоон бүсэд хуваахдаа Баян-Өлгийг нэг тойрог болгож, бусад 20 аймгийг  хоёр: Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, гурав: Хөвсгөл, Орхон, Булган, дөрөв: Архангай, Баянхонгор, Өвөрхангай,тав: Дундговь, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, зургаа: Хэнтий, Дорнод, Сүхбаатар, долоо: Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг гэж бүсчилж байгаа аж.  Харин Улаанбаатар хотыг таван бүсэд, нэг: Багахангай, Багануур, Налайх, хоёр: Баянзүрх, гурав: Сүхбаатар, Чингэлтэй, дөрөв: Хан-Уул,  Баянгол, тав: Сонгинохайрхан гэж хуваажээ. Гэхдээ энэ нь зөвхөн МАН-ын зурсан зураг.  Хэдийгээр парламентад суудалтай намууд бүсчилсэн  тойргийг дэмжиж байгаа ч МАН-ын тоглоомын дүрмээр тоглох эсэхээ шийдээгүй.  Хэн хүчтэй нь дүрмийг тогтоодог гэвэл МАН-ын дэвшүүлсэн хувилбарыг АН, ХҮН эс дэмжлээ ч хүслээ гүйцээх хангалттай кноп эрх баригчдад бий.

Бүсчилсэн том тойргийн нэг давуу тал нь улстөрчид ганцаарчилсан тоглолт хийх боломжгүй. С.Ганбаатар Орхондоо л босоо байдаг юм аа гэхэд Хөвсгөл, Булганаас гарч ирэх шаанс бий эсэх нь эргэлзээтэй. Хэнтийд Б.Бат-Эрдэнэ аварга гурвантаа “туг тойрсон” ч тэрбээр Дорнод, Сүхбаатарт шинэ хүн байна.

Мөн мөнгөөр зодож, ялалт байгуулах бараг боломжгүй. Өмнө нь хэн мөнгөтэй, хэн их попорсон нь ялалт байгуулдаг байсан. Тэгвэл бүсчилсэн тойрогт намууд зөвхөн бодлогоор уралдана. Томсгосон тойрог нь шинэ залуус, эмэгтэйчүүдэд халтай гэдэг ч өнгөрсөн 30 жилийн авлига, луйвар мажоритори тойргоос эхлэлтэй. Жижиг тойргийн сул тал нь улсаа 76 тойрог болгож хуваадаг. Тэнд хэн мөнгөтэй нь ноёрхлоо тогтоодог. Увсыг гэхэд Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн хоёр бараг “хувьчлаад” авчихсан байх жишээний.

Энэ удаад МАН ийм хэмжээний эр зориг гаргасан нь улсаа бодсон уу, өөрсдийгөө дүгнэсэн үү, мэдэхгүй. Ямар ч байсан бүсчилсэн тойргийн эцсийн хожил нь Монгол Улсад ирэх ёстой. Гээд МАН-ын зурсан зургийн гол эрсдэл нь Баян-Өлгийг нэг тойрог болгож буй явдал. Үндэсний цөөнхийн эрх ашиг чухал ч үндэсний аюулгүй байдал гэж илүү чухал зүйл байдаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг, 14 дүгээр зүйлийн 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж заасан. Хэрэвзээ Баян-Өлгийг нэг тойрог гэж үзвэл хүнийг үндэс угсаа, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал байдлаар нь ялгаварлан гадуурхсан үйлдэл болно. Явж, явж Үндсэн хуулийн цэц дээр унах биз.

АН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрээс харахад Баян-Өлгийг нэг тойрог болгох МАН-ын саналыг дэмжихгүй байх өнцөг нь “Улс төрийн зөвшилцлийн хүрээнд Үндсэн хуульд заасан Монгол Улс төрийн тогтолцооны хувьд нэгдмэл байх зарчмыг алдагдуулахгүйгээр, сонгуулийг шударга зохион байгуулах шаардлагатай” гэх өгүүлбэр.

Өөрөөр хэлбэл, казак, торгууд, уранхай, халх ямар үндэс угсаатай байхаас үл хамаараад Монгол Улсын Үндсэн хуульд бүгд захирагдах ёстой. Үндсэн хуулиас давуу эрхтэй үндэсний цөөнхийн эрх ашиг гэж хаана ч, хэзээ ч байх ёсгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж