Олны анхаарлыг татсан хэд хэдэн хэргүүд Авлигатай тэмцэх газар болон Улсын прокурорын байгууллагад шалгагдаж буй. Тэгвэл тэдгээр хэргүүдээс арваннэгээс арванхоёрдугаар сард шүүхэд шилжээд байгаа онцлох хэргүүдийг нэгтгэн сануулж байна.
АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН 9 ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ
Прокурорын байгууллага энэ сарын 11-15-нд нийт 361 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 156, Өмчлөх эрхийн эсрэг 111, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 30, Хүрээлэн байгаа орчны эсрэг 26, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 14, Авлига, албан тушаалын 9, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах болон Мөрийтэй тоглоом зохион байгуулах, Хүний амьд явах эрхийн эсрэг тус бүр таван хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Нийслэлийн прокурорын газраас “Монголросцветмет” Төрийн өмчит үйлдвэрийн газрын охин компани болох “Шижир алт” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Б нь өөрийн хөрөнгө орлогыг их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сургалтын албан дарга А.Д нь ажилд оруулж өгнө гэж бусдаас хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд. Дархан-Уул аймаг дахь Онцгой байдлын газрын Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн салбар ангийн дарга Б.Г, нярав Ц.А нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Ө”, “Ж” ХХК-иудад улаан буудайг хууль бусаар олгосон, мөн “А” ХХК-д үрийн буудай нийлүүлнэ гэж залилсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 2 /Залилах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд. Төв аймгийн прокурорын газраас тус аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын мэргэжилтэн Г.Г нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий “Т” ХХК-иар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт засвар үйлчилгээ хийлгэн, төлбөрийг өөртөө авч, давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
"ЭРДЭНЭТ"-ИЙН Х.БАДАМСҮРЭНГИЙН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ
Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар ажиллаж байсан Х.Бадамсүрэн нарын хэргийг шүүхэд шилжүүлээд буй. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар ажиллаж байсан Х.Бадамсүрэн, Худалдан авах ажиллагааны хэлтсийн орлогч дарга Ж.Ганзориг болон мэргэжилтэн нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, худалдан авалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй бүтээгдэхүүнийг зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдан авч, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарын хэргийг шүүх рүү шилжүүлээд буй. Тодруулбал, Б.Энх-Амгалан, З.Энхболд нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн онд /2022.12.13/ нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарласан.
Нийслэлийн прокурорын газраас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын дарга асан О.Магнай нарын 11 хүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Өнгөрсөн 2020 онд О.Магнай Ливaн Улсын иргэн Мoxaмaд Зуxуэр Итaны дөрвөн тэрбум төгрөгийн үл xөдлөx xөрөнгө буюу Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт 3000 мкв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг нь өмчлөх эрхийг Шүүxийн шийдвэр гүйцэтгэx гaзрын дөрвөн aжилтны туслaмжтaйгaaр 724 сaя төгрөгөөр үнэлэн ээжийнхээ эзэмшлийн кoмпaнидaа шилжүүлж aвсaн туxaй мэдээлэл цaцaгдаж байв. Энэ талаарх дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж уншина уу.
Үүнтэй холбоотойгоор хохирогч А.Оюун-Эрдэнийн гомдлоор АТГ-аас Шүүxийн шийдвэр гүйцэтгэx гaзарт ажиллаж байсан Г.Идэрчулуун нарын дөрвөн хүнийг шүүж эхэлсэн байдаг. Тэгвэл О.Магнай нарын албан тушаалтнууд бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, их хэмжээний хохирол учруулсан гэх 11 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 13.5 дугаар зүйлийн 3.1 /Заналхийлэх/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 21.2 дугаар зүйлийн 1 /Худал мэдүүлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Холбоотой мэдээ