"Тэтгэлэгт тэнцсэн бол ажиллахыг биш сурахыг зорилгоо болгоорой”

"Тэтгэлэгт тэнцсэн бол ажиллахыг биш сурахыг зорилгоо болгоорой”

"Тэтгэлэгт тэнцсэн бол ажиллахыг биш сурахыг зорилгоо болгоорой”

Гадаадын их дээд сургуульд тэтгэлгээр суралцах нь ихэнх оюутнуудын мөрөөдөл. Тэр дундаа засгийн газрын тэтгэлэг хамгийн чансаа өндөр, өрсөлдөөн ихтэй байдаг. БНСУ-ын засгийн газрын тэтгэлэгт оюутан Ц.Дархансэлэнгэтэй ярилцлаа.


-Гадаадын шилдэг их дээд сургуульд тэтгэлгээр суралцах нь олон залуусын мөрөөдөл. Та яагаад Өмнөд Солонгос улсыг сонгон суралцаж байгаа вэ? 

-Би арван жилээ төгсөөд МУИС-д элсэж орсон. МУИС-ийн нэгдүгээр курсийн оюутнууд шууд хөтөлбөртөө элсэхгүйгээр олон салбарын ерөнхий суурь хичээл үздэг. Тэр үед надад солонгос хэл сонирхолтой санагдаад сонгон судалсан. Тэгээд л солонгос хэлний хөтөлбөр сонгоод дөрвөн жил амжилттай сураад төгссөн дөө.

-Төгсөөд шууд тэтгэлэгт хүсэлтээ илгээсэн үү? Яагаад энэ сургуулийг сонгосон бэ?

-Төгсөөд гадаад агентлагт хэсэг ажилласан. Тэр үед тэтгэлэгт материалаа явуулж байгаа хүүхдүүдтэй их ажилладаг байсан. Эссэ, хэлний оноо, дүнгийн хуулбар зэргийг нь орчуулаад явж байх үед надад боломж гарч ирсэн гэх үү дээ. Тиймдээ ч ер нь нийтлэг алдаа дутагдлыг нь анзаарчихсан. Эссэгээ бичих тал дээр арай дөртэй болсон. Одоо би Солонгос судлалын төв хүрээлэн сургуульд Солонгосын эртний уран зохиолын хэл шинжлэл хөтөлбөрөөр суралцдаг. Хоёр жилийн буюу дөрвөн семестрийн сургалтын төлбөр, дотуур байр, сарын мөнгөн тэтгэмж гээд нийт 60 орчим сая төгрөгийн тэтгэлэг авсан.

-Танай сургуулийн тэтгэлэгт шалгаруулж авах нөхцөл нь ямар байдаг вэ?

-Манай сургууль жилд хоёр удаа элсэлт авдаг. Эхний шат буюу материал шалгалтын шатандаа тэнцсэн оюутнууд ярилцлагын шатандаа орно. Энэ хоёр шатыг амжилттай давсан оюутнууд сургалтын төлбөрөөсөө чөлөөлөгддөг. Тэгээд нийлбэр дүнгээрээ бусдаасаа илүү оюутан бүтэн жилийн турш сар бүр 800 мянган воны тэтгэмж авдаг. Жилийн дараа голч дүн нь 3,7-оос дээш байвал сарын тэтгэмжээ үргэлжлүүлэн авна.

-Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд шууд гадаадын их дээд сургуульд суралцах хүсэлт илгээх тохиолдол оюутнуудын дунд их бий. Таны хувьд бакалаврын түвшний оюутнууд гадаадад суралцах тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Миний хувьд бакалаврын түвшний оюутнуудыг эх орондоо сурсан нь дээр гэж боддог. Эхний дөрвөн жил бол оюутнууд сурах арга барилаа олж авч төлөвших үйл явц байдаг л даа. Ер нь гадаад хэлийг ч гэсэн анх сурахдаа монгол багшаар заалгах нь хялбар санагддаг.

-Орчинд нь сурвал илүү үр дүнтэй гэдэг шүү дээ? Хэл сурах арга барилаасаа хуваалцаач?

-Би бол яг үүний эсрэг байр суурьтай байдаг (инээв). Яагаад гэхээр ямар ч хэлний мэдэгдэхүүнгүй гадаад оронд ирэх их хэцүү л дээ. Эх орондоо сурвал арай амар байдаг. Орчныг бол өөрөө бүрдүүлчихэж болно шүү дээ. Хүн болгонд гар утас байна. Утсаараа сонсох дасгал хийж болно, эсвэл кино үзэж болно. Тэгээд нэг сурсан дүрмээ өдөржин давтах хэрэгтэй. Өгүүлбэрт хувиргаад л өдөржин амандаа давтаад байвал мартагддаггүй.

-Танай сургуулийн сургалтын систем, давуу тал нь юу вэ?

-Манай сургууль ер нь судалгаанд суурилсан, судлаач бэлтгэдэг сургууль. Тиймдээ ч бакалаврын хөтөлбөргүй, магистр болон түүнээс дээш зэргийн хөтөлбөртэй. Хоёр долоо хоног тутамд нэг жижиг хэмжээний дипломын ажил хийдэг.

-Гэрээсээ хол ганцаараа харь оронд очиж амьдрахад хэцүү зүйл олон байсан байх?

-Амаргүй зүйлүүд байсан. Тэр нь надаас л болсон гэж боддог. Би бүх зүйлээ өөрөө хийж чадна гээд л өөртөө маш итгэлтэй ирсэн. Онгоцны буудал дээрээс найз нөхдөөрөө ч тосуулахгүй, өөрөө явж чадна гээд л. Бас карттай л бол төлбөр тооцоогоо хийж чадна, бэлэн мөнгөний хэрэггүй гээд иртэл бэлэн мөнгөний хэрэгцээ бишгүй гарч байсан. Гэхдээ би багаасаа гэрээсээ хол сураад үзчихсэн байсан болохоор ер нь бие даагаад амьдраад сурсан байсан л даа. Одоо бол ямар нэгэн хэцүү, шантармаар асуудал бараг гардаггүй.

-Сурахын хажуугаар амьжиргааны зардлаа яаж зохицуулдаг вэ?

-Сургуулиас сар бүр 800 мянган тэтгэмж олгодог. Гэхдээ энэ нь амьжиргааны хаана нь ч хүрэхгүй л дээ. Ихэнх оюутнууд ажил хийж амьжиргаагаа болгодог. Би ажил хийхгүй хичээлдээ л бүрэн анхаарлаа төвлөрүүлэхийг хичээдэг дээ. Өөртөө зорилго тавиад за би аяга угаах гэж биш юм сурах гэж ирсэн шүү гээд хоолгүй байсан ч ажил хийчихгүй, урдах хичээлээ хийхийг л боддог. Ажил, хичээлээ болгоод явж байгаа оюутнуудыг буруутгаж байгаа ч юм биш л дээ. Гэхдээ надад бол давхар өөр ажил хийх сонирхол байдаггүй. Харин амралтаараа бол ажил хайж байгаад хийдэг.

-Тэтгэлгийн шалгаруулалтад тэнцэхэд хамгийн чухал шалгуур нь юу байдаг вэ?

-Хичээлийн дүн, хэлний оноо, эссэ гурав чухал байдаг. Гэхдээ дүн, болон хэлний оноо угаасаа ихэнх тэтгэлэг хүсэгчдэд асуудал биш байдаг. Бусдаас ялгарах чухал шалгуур нь ер нь эссэ байдаг.

-Та тэтгэлэгт горилогчдын эссэг орчуулдаг байсан юм байна. Оюутнуудын нийтлэг алдаа нь юу байсан бэ?

-Тэтгэлэг хүсэгчид ихэнхдээ дунд сургуульдаа авч байсан шагнал урамшууллаа бичээд байдаг. Гэхдээ энэ нь шалгаруулагчдын уншихыг хүсдэг эссэ болж чаддаггүй. Тэр эссэн дээр гол нь өөрийнхөө хэн бэ гэдгийг л зөв тодорхойлж бичих хэрэгтэй. Өөрөө юу бичмээр байгаа нь биш шалгаруулагчид юу уншмаар байгаа нь чухал.

-Тэтгэлгээр сурахаар бэлтгэж буй залууст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Өмнөд Солонгост л сурч байвал ямар ч мэргэжил байсан яах вэ гэсэн бодолтойгоор ирсэн залуус олон байдаг. Битгий тэгээрэй гэж хэлмээр байна. Ажиллахыг биш сурахыг гол зорилгоо болгож, чин сэтгэлээсээ суралцаарай гэж захимаар байна.

Б.НАРАНГЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж