Covid-19 цар тахал, үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт зэрэг томоохон хүчин зүйлээс улбаалаад дэлхийн хоёр дахь том эдийн засаг сүүлийн жилүүдэд хүндхэн нөхцөлд байлаа. Тэгвэл ирэх онд Хятадын эдийн засагт элдэв сорилт, бэрхшээл гэхээсээ илүү таатай нөхцөл, сайхан боломжууд нэмэгдэх төлөвтэй байгааг Хятадын Коммунист намын санхүү, эдийн засгийн чиглэлийн албаныхан мэдэгдэв.
Энэ сарын 11-12-ны өдрүүдэд Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төв хорооны ажлын албаныхан хуралдаж, ирэх жилийн эдийн засгийн зорилтоо тодорхойлсон нь энэ юм.
Хятад улс тахлын дараах сэргэлтээс хэрэглээний тогтвортой өсөлт рүү шилжихийг ирэх жилийн гол зорилгоо болгожээ.
Ажлын албанаас мэдээлснээр, макро эдийн засгийн бодлого нь эдийн засгийг сэргээхэд дэмжлэг үзүүлсээр байх аж. Гэвч эрэлт, хэрэглээ, аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт сул хэвээр байгаа тул дотоодын эдийн засагт түгжрэл байсаар байна.
Олон улсын валютын сан өнгөрсөн сард Хятадын эдийн засгийн өсөлтийн таамаглалыг 5.4 хувь болгон нэмэгдүүлсэн. Үүнийгээ Covid-19-ийн дараах хүчтэй сэргэлттэй холбон тайлбарлажээ. Угтаа бол Хятадын засгийн газар эдийн засгийн өсөлтөө таван хувь орчим байхаар таамагласан байсан.
Төрийн сангийн бонд гаргах, зээлийн хүүг бууруулах, татвар хураамжийг бууруулах гэх мэт энэ онд баримталж буй бодлогын үр нөлөө ирэх онд ч үргэлжлэнэ гэж Олон улсын валютын сангийн тайланд дурджээ. Мөн үл хөдлөх хөрөнгийн зах зээлээ үргэлжлүүлэн хянаж, энэ салбарын компаниудын санхүүжилтийн хэрэгцээг хангах болно гэж таамаглав. Цаашилбал, амралт зугаалга, аялал жуулчлал, спорт арга хэмжээ зэрэг нь хэрэглээний шинэ өсөлтийг бий болгох төлөвтэй байна.
Эсрэгээрээ, орчин үеийн авто зам, боомт, төмөр зам, орон сууцны төслүүдээс орж ирэх ашиг, цемент, ган болон бусад үйлдвэрлэлийн салбарын хүчин чадал нь эдийн засагт төсөөлж байснаас бага өсөлт авчрах төлөвтэй байна.
ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ
Хятадын эдийн засаг оны эхний гурван улиралд 5.2 хувиар өсч, үйлдвэрийн үйлдвэрлэл болон жижиглэнгийн борлуулалт нэмэгдсэн. Жижиглэнгийн борлуулалт л гэхэд арваннэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар өссөн нь итгэл найдварын гялбаа болов. Аравдугаар сард энэ үзүүлэлт 7.6 хувьтай байв. Гэхдээ энэ өсөлт тогтвортой байх эсэх нь тодорхойгүй.
Харин үйлдвэрлэлийн өсөлт арваннэгдүгээр сард 6.6 хувьтай байв. Энэ нь 2022 оны есдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт байлаа.
Гэвч үл хөдлөх хөрөнгийн салбарт оруулсан хөрөнгө оруулалт 9.4 хувиар буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн байна. Энэ салбарын хөрөнгө оруулалт сүүлийн хоёр жилд 18 хувиар буурсан гэж Дэлхийн банкны тайланд дурджээ. Энэ оны эхний 10 сард шинэ үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын үнэ өмнөх оны мөн үеэс таван хувиар буурсан бол худалдаа нь 25 хувиар буурчээ. 1.4 тэрбум хүн амтай улсын зах зээлийн 80 орчим хувийг бүрдүүлдэг жижиг хотуудад үл хөдлөхийн салбарын уналт хамгийн ихээр нөлөөлсөн гэхэд болно.
Үүний зэрэгцээ зах зээлийн эрэлт хангалтгүй байгааг эдийн засагчид хэлж буй.
Хятадын эдийн засаг өргөн уудам зах зээлтэй, аж үйлдвэрийн дэвшилтэт баазтай гээд давуу талууд ч их бий. Эдийн засгийн сэргэлтийн явцад бий болсон ажлын байруудын ихэнх нь үйлчилгээний салбарын бага ур чадвар шаардагдах, бага цалинтай ажил байжээ.