АН: Цахим хичээл, дугаарын хязгаарлалтыг эргэн харах шаардлага хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2023.12.18-нд нийтлэгдсэн

АН: Цахим хичээл, дугаарын хязгаарлалтыг эргэн харах шаардлага хүргүүлэв

АН: Цахим хичээл, дугаарын хязгаарлалтыг эргэн харах шаардлага хүргүүлэв

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2023.12.18/ мэдээлэл хийлээ.


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ:

-Монгол Улс сүүлийн жилүүдэд эрх баригчдын бодлогын дүнд хязгаарлалтын, хомсдлын социалист нийгэмд амьдарч байна. Эрчим хүч хомсдож байна, бензин шатахуун хомстож байна. Системийн шинжтэй олон асуудал үүсч байна. Бүх салбарт үнэ барьдаг, бүх салбарт төр оролцдог, бүх салбарын ажлыг төр хийдэг болсны үр дүнд хомсдол нүүрлэдэг.

Сүүлийн үед эрх баригчдын зүгээс явуулж байгаа бодлого үнэхээр хачирхалтай байна. Шатахуун хангалттай байна гэдэг, тасалдал бий болдог, нэг сайд нь татвар нэмнэ гэдэг, нөгөө сайд нь нэмэхгүй гэж хэлдэг. Нэгдмэл төр засаг, нэгдмэл бодлого байгаа юм уу. Дур, дурын засаглал  бий боллоо. УИХ-ын дарга нь чуулганы индэр дээр үл үзэгдэгч хүчний тухай, далд хүчний тухай яриад ард иргэдээрээ таавар таалгаад сууж байдаг.

Нийслэлийн Засаг дарга нь бүх дүрэм журмыг өөрчилнө, 12 цагийн дараагаас тэгш сондгойгоор хөдөлгөөний хязгаарлалт хийнэ гээд тулгаж байна. XXI зуунд холыг байг гэхэд долоо хоног, сараар төлөвлөж амьдардаг баймаар байна.

Ардчилсан намын улс төрийн зөвлөл хуралдаж, бүсчилсэн хөгжлийн үзэл баритмлалын хүрээнд УИХ -ын тойргуудыг томсгох тухай санал санаачлагыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Ардчилсан намын хувьд ашиггүй хувилбар ч гэлээ, цаг үеийн хувьд шийдэх боломж байж магадгүй гэж үзсэн.  Энэ хүрээнд сонгуулийн тойрогтой холбоотой дээрх саналыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг дэмжээд явна.

Гэхдээ Ардчилсан намын гишүүдээс янз бүрийн байр суурь гарсан. Тухайлбал, миний хувьд “Бүсчилсэн тойргийн асуудал олон зүйл дагуулна. Монгол нэг тойрог гэдгээр явъя. 48 гишүүн нь жагсаалтаар, 78 гишүүн нь гишүүнийхээ нэрээр гарч ирье гэдэг санал гарсан ч бүсчлэх нь зүйтэй гэдэг саналыг Улс төрийн зөвлөлөөс гаргасан” гэв.

Монголын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо/МАЭХ/-ны ерөнхийлөгч Б.ЖАРГАЛАН:

-Амралтын өдөр гэнэт Засгийн газар, нийслэлийн удирдлагаас тодорхой шийдвэр гаргаж, сургуулийг цахим сургалтад шилжүүлж, дугаарын хязгаарлалтыг хавтгайрууллаа. Үүнтэй холбоотойгоор МАЭХ-ноос Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна.

Шаардлагад “МАН -ын Засгийн газар, Нийслэлийн удирдлагын хариуцлагагүй үйл ажиллагаа, олон удаагийн алдаатай шийдвэр иргэдийн амьжиргаа, аюулгүй байдал, эрүүл мэнд, ирээдүйд аюул занал учруулсаар байна. Эрх баригчид эрчим хүч, шатахууны хомстол, агаар хөрсний бохирдол, замын түгжрэл, нийтийн тээврийн хүртээмж, төрийн үйлчилгээний доголдол, боловсрол эрүл мэндийн салбарын уналт зэрэг төрийн бодлогоос шууд хамааралтай, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чадвар чадамжгүй болох нь нотлогдлоо.

Төрийн дарамт, төсвийн хулгай хэрээс хэтэрснээр ардчилсан тогтолцоо, чөлөөт эдийн засаг зэрэг Үндсэн хуулиар бтаалгаажсан монголчуудын суурь үнэт зүйлсэд заналхийлж, төрд итгэх итгэлийг үгүй хийж байна.

Түүнчлэн 2023 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн гэнэтийн шийдвэр хүүхдүүдийн сурч боловсрох эрхэд халдаж, эрсдэлд оруулаад зогсохгүй, эцэг, эхийн ажиллаж хөдөлмөрлөх боломжийг боомилж,  гэр бүлийн орон зайд хүртэл сөргөөр нөлөөлөх үр дагавартай байна. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн танхимын хичээл сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах тухай тушаал нь цаг хугацааны хувьд бэлтгэл хангах боломжгүй, сурагчдын болон багш сурган хүмүүжүүлэгчдийн хэрэгцээг уландаа гишгэсэн шийдвэр боллоо. Хэдхэн хоногийн өмнө сургалтын амжилтын олон улсын үнэлгээгээр Монгол хүүхдүүд мэдлэг чадварын хувьд 2.5 жилийн хоцрогдолтой гэж гарсан.

Цахим сургалтын хүртээмж, чанар хангалтгүй байгаа талаар олон судалгаа хийгдсэн байдаг.

Гэтэл боловсролын салбарыг нөхөх, чанарын үзүүлэлтийг сайжруулах чиглэлд бодлого боловсруулах үүрэгтэй сайд хоцрогдлыг ийнхүү улам бүр даамжруулах шийдвэр гаргасанд харамсаж байна.

Гэнэт зарлагдсан шийдвэрийн улмаас хүүхэд хараа хяналтгүй орхигдох, ахуйн осолд бэртгэж гэмтэх, хүчирхийлэлд өртөх зэрэг олон эрсдэл бий болох магадлалтай байна.

Цар тахлын үед ахуйн хүрээний осолд өртөж бэртэж гэмтсэн хүүхдийн тоо эрс өссөн байдаг. Тиймээс цар тахлын бус үед хүүхдүүдийг нэмэлт эрсдэлд оруулахгүй байх нь чухал гэж үзэж байна.

Гуравдугаарт, цахим сургалтад шилжих, дугаарын хязгаарлалтыг тэлэх зэрэг цочир шийдвэрүүд нь иргэдийн ажиллаж хөдөлмөрлөх эрхэд халдсан үйлдэл болж байна. Энэ нь залуу гэр бүл тэр дундаа эмэгтэйчүүдэд маш хүндээр тусдаг. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал, цар тахлын хөл хорионы улмаас бага насны хүүхэдтэй ээжүүд албан ёсны хөдөлмөр эрхлэлтээс шахагдан, эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны төвшнөөс буурсаар байна. Энэ нь урт хугацаанд эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхи, нийгмийн идэвх оролцоонд сөргөөр нөлөөлдөг хортой үзэгдэл юм. Тиймээс иргэдийн амьдрал ахуйд хүндрэл учруулах эдгээр шийдвэрүүдээ залруулж, урт хугацааны бодлогоо танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ таниас шаардаж байна” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж