Зеленскийн амьд үлдэхийн төлөөх ТЭМЦЭЛ

Хуучирсан мэдээ: 2023.12.19-нд нийтлэгдсэн

Зеленскийн амьд үлдэхийн төлөөх ТЭМЦЭЛ

Зеленскийн амьд үлдэхийн төлөөх ТЭМЦЭЛ

Тусгаар тогтносон, ардчилсан Украин улс өдгөө түүхэндээ хамгийн бараан цаг үеийг туулж байна. Дайны хүчин чармайлт суларч, барууныхны болгоомжлол, таамаглал нэмэгдсэнээр Украины хувь заяа хутганы ирэн дээр ирэв. Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн долоо хоногт Вашингтонд хийсэн айлчлалаас бараг гар хоосон эргэж ирсний дээр Европын холбоо Киевт амласан тусламжаа хойшлуулсаар байна. Гэхдээ Украиныг Европын холбоонд элсүүлэх яриа хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцсон нь итгэл найдварыг төрүүлэв.

Газарзүй, түүхийн хүлээсэнд орших бардам ард түмний зоригт удирдагч Владимир Зеленскийн хувьд Зул сарын баяр гэж үгүй. Оросын довтолгооны эхний өдрөөс хойш түүнийг Киевийн гудамжинд алуурчдын баг мөшгиж байгаа. Дайны эхний өдрүүдэд АНУ-аас түүнд орогнол олгох санал тавьсанд  Зеленскийн хариуд нь “Тэмцэл энд байна. Надад зугтах унаа биш тулалдах сум хэрэгтэй байна” гэжээ.

Дайн эхлээд хоёр жил өнгөрч байгаа ч Зеленский сум гуйсан хэвээр. Энэ долоо хоногт оросууд Киев, Одесса болон бусад хотууд руу өндөр өртөгтэй "Кинжал" хэт авианы пуужин зэрэг зэвсгүүдээ гаргаж, агуулахаа хоосолж эхэлжээ. Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин чадал буурч, АНУ, Европын холбооны зэр зэвсгээр дутагдаж байна. Вашингтон, Брюссель морин хуур тоглож байхад Киев шатаж байна. Хэрэв оросууд Киевийн хамгаалалтын зэвсгийг шавхаж чадвал АНУ-аас нийлүүлсэн хоёрхон ширхэг өндөр үнэтэй Патриот пуужингийн батарейнууд үзүүлэн болж хоцорно.

УЛСЫН ХУВЬ ЗАЯА

Украин улс, Зеленский хоёр дэлхийн нүдэнд хоорондоо нягт холбоотой болсон. Дайны түүхэнд улс үндэстний хувь заяа нэг хүний ​​мөрөн дээр ийм хүнд жинтэй туссан нь ховор. Сүүлийн хэдэн өдөр Зеленский Атлантын далайг гаталж, дайснуудтайгаа нүүр тулж, Конгресст гацсан цэргийн санхүүжилтийг тайлж өгөхийг найз нөхдөөсөө царайчилж, Нордикийн орнуудыг нэгтгэхээр Осло руу буцаж очоод, дараа нь Европын холбооноос бадар гуйв.

Оросууд хүүхдийн эмнэлгийг бөмбөгдөж, Киев, Одесса хотууд руу пуужин, нисгэгчгүй онгоцоор дайрч байх үед Украины ерөнхийлөгч Конгрессын танхимын Бүгд найрамдахчуудад нэн шаардлагатай 61 тэрбум ам.долларын цэргийн тусламжийг яаралтай олгохыг гувшсан. АНУ-д түүний хүчин чармайлт ердөө 300 сая ам.долларын үнэд хүрчээ. Жилийн өмнө Зеленский Путины түрэмгийллийн эсрэг дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байж, Конгрессын хоёр танхимд үг хэлэхээр баярлан хөөрч байсан.

АНУ-ын нөлөө бүхий стратегич Майк Райан “Зеленскийн гэр рүүгээ буцах аялал ямар хэцүү байсныг би төсөөлж ч чадахгүй байна” гэж бичжээ. Үнэхээр тийм байж болох юм. Гэхдээ түүний үгэнд ч, биеийн хэлэнд ч цөхрөлийн шинж алга.

Ослод ирэхдээ Зеленский эсрэг тэсрэг мэдэгдэл хийжээ. "Украин хоёр жилийн өмнө оросууд довтлох үед байсан шигээ тустай ч бай, тусламжгүй ч бай тэмцэнэ.  Эхний өдрүүдэд… бид үнэхээр ганцаараа байсан. Гэхдээ бид зугтаагүй, тэмцэж эхэлсэн.  Энэ бол зүгээр нэг эр зориг биш байсан. Мэдээжийн хэрэг, тусламжгүйгээр ялж чадахгүй. Гэхдээ бид ялагдахгүй. Учир нь чамд байгаа цорын ганц зүйл бол таны эх орон" гэж Зеленский  хэлэв.

Виктор Орбан 50 тэрбум еврогийн тусламжийн багцыг хориглосон боловч Европын холбоонд нэгдэх яриа хэлэлцээнд хориг тавиагүй Брюссель дэх ахиц дэвшил Вашингтонд гарсан ухралтыг нөхөж чадахгүй. Хэдийгээр Европын холбоонд гишүүнээр элсэх нь түүний урт хугацааны зорилго боловч тулаан ширүүсч байгаа үед энэ нь бэлгэдлийн шинж чанартай юм.

Украины сөрөг довтолгоо энэ жил далайд нэвтэрч, дайныг зогсоож чадаагүй нь цэргийн мэргэжилтнүүдийг гайхшруулаагүй. Гэхдээ  ерөнхийлөгчийн өөдрөг үзэл нь дотоод болон гадаадад урам хугарахад хүргэв. Дайны хажуугаар Зеленскийн өрсөлдөгчид болон дайснууд дотоодоос нь хямрал өдүүлж эхэлжээ.

Зеленскийн хамгийн том шүүмжлэгч нь Киев хотын захирагч Виталий Кличко юм. Боксын хүнд жингийн дэлхийн аварга асан тэрбээр Зеленскийг "дарангуйлагч, чадваргүй" гэж үздэг бөгөөд ерөнхийлөгчийг солих хүсэлтэй байгаагаа нуудаггүй.

Дайн эхэлснээс хойш Кличко Зеленскийтэй бараг л зэргэлдээ оффистой ч "уулзаагүй" хэмээн гомдоллож,  Украины хүнд байдалд орсны бурууг шууд ерөнхийлөгчид тохож, “Хэн нь үр дүнтэй, хэн нь болохгүй байгааг хүмүүс харж байна. Мөн маш их хүлээлт байсан. Одоо ч байгаа. Зеленский хийсэн алдааныхаа төлөөсийг төлж байна" гэх мэтээр шүүмжилжээ.

Кличкогийн хувьд бурууг бусдад тохох аюултай тоглоом тоглож байгаагаа мэдэж байгаа. Гэсэн ч хотын дарга Зеленскийг хошин шогийн жүжигчин гэдгээр нь доромжилж, олон улсад удирдагчийнхаа нэр хүндийг унагасаар байна. Кличко бол ерөнхийлөгч асан Порошенкогийн талын хүн бөгөөд Украины зартай авлигын хэргийн сэжигтэн.

ДОТООДЫН ДАЙСАН

Зеленскийн талаар илүү ноцтой шүүмжлэл өөр хэсгээс ирсэн. Энэ бол арми. Ерөнхий командлагч, генерал Валерий Залужный улс төрийн амбиц хөөж эхэлсэн гэх шум таржээ. "Дэлхийн нэгдүгээр дайны үеийнх шиг биднийг мухардмал байдалд орууллаа" гэж тэрбээр хэлээд гацаанаас гарахын тулд агаарын шинэ хүчийг байгуулахыг уриалж, "Зеленскийн өөдрөг үзэл нь зүгээр л хүсэл тэмүүлэл, гадаадад дэмжлэг үзүүлэх оролдлого нь хангалтгүй байна" гэж шүүмжилжээ.

Ерөнхийлөгч дайны талаар командлагчийнхаа үнэлгээг эсэргүүцэж, "Хүмүүс ядарч байна. Гэхдээ энэ нь мухардмал байдал биш" гэж хэлжээ. Генерал Залужный "Экономист" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, "Барууны олон нийтийн санаа бодлыг өөртөө татах кампанит ажил хамгийн их хохирол учруулах болно" гэсэн тайлбарыг хийсэн нь Зеленскийн дургүйцлийг төрүүлжээ.

Гэсэн ч Украины арми дүрэмт хувцастай иргэдээс бүрдсэн хугацаат цэргийн арми учраас, мөн өөрсдийгөө "дорно зүгийн дарангуйлагч" дэглэмийн эсрэг "Европын түшиг тулгуур" гэж үздэг учраас ардчилалд аюул учруулахгүй. Украины улс төр, цэргийн эрх баригчдын хооронд ямар ч хурцадмал байдал үүссэн бай, сунжирсан мөргөлдөөн болгонд гарч ирдэг үзэгдэл.

Зеленскийг төрийн эргэлтээр түлхэн унагаж магадгүй гэж эмээх шалтгаан бараг байхгүй.

Ийм цэргийн хяналтыг ихэвчлэн ялалт эсвэл ялагдлын дараа л хийдэг. Наполеон Бонапарт өөрийгөө Анхны консул, эцэст нь эзэн хаан болгосон 18-р Брумерийн анхны төрийн эргэлт нь түүний гайхалтай ялалтууд нь иргэний захиргаатай зөрчилдсөний улмаас л болсон юм.  Украины хувьд арми үндэснийхээ оршин тогтнох баталгааг хангахын тулд хангалттай сайн тулалдаж байсан ч одоогийн байдлаар Зеленскийгээс илүү алдартай Залужный Наполеон биш нь лавтай. Эсрэгээр нь Зеленский бол өнөө үеийн хамгийн жинхэнэ баатар болжээ. Түүний хүн татах чадварыг түүнтэй уулзсан хүн бүр гэрчилдэг бөгөөд Украинд зөв зүйл хийсэн хүмүүст үнэнч байдаг. Тэрбээр өөрийгөө улстөрч биш, харин “тогтолцоог нураах гэж ирсэн энгийн хүн” гэж үзднг.

Зеленскийг авторитар хандлагатай гэж буруутгаж байгаа хүмүүс түүнд яагаад онцгой байдлын эрх мэдэл хэрэгтэй байгааг санах хэрэгтэй. Эцсийн эцэст тэрбээр улс орныхоо оршин тогтнолын төлөө харийн түрэмгийлэгчдийн эсрэг ард түмнээ удирдан чиглүүлэх үүрэгтэй. Киевийн энгийн иргэд Зеленскийд илүү их дэмжлэгийг өгдөг.

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
13
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж