Украиныг Европын холбоонд элсүүлэх тухай хэлэлцээг эхлүүлэхийг зөвшөөрсөн түүхэн дээд хэмжээний уулзалтын үеэр Германы канцлер Олаф Шольцийн гаргасан "заль мэх"-ийг Украйны Гадаад хэргийн сайд Дмитро Кулеба магтлаа.
"Унгарын хоригийг цуцлуулахын тулд Германы канцлер Олаф Шольц дээд хэмжээний уулзалт дээр хийсэн зүйл нь Германы удирдагчдын Европыг дэмжсэн жишээ болон түүхэнд үлдэх болно. Энэ долоо хоногт канцлер украинчуудын зүрх сэтгэлд маш их чин сэтгэлээсээ, гавьяат биширлийг төрүүллээ" гэж Кулеба хэлэв.
Мөн тэрбээр "Германд цэргийн тусламжаас эхлээд санхүүгийн дэмжлэг хүртэл талархах олон шалтгаан бий. Гэхдээ Украиныг Европын холбоонд гишүүнээр элсүүлэх тухай улс төрийн тодорхой байдал нь Берлинээс өгч буй Зул сарын баярын хамгийн сайхан бэлэг байж магадгүй. Европт цаашид саарал бүс гэж байхгүй. Европын газрын зураг бүхэлдээ Европын холбооны өнгөөр будагдаж, бүх европчуудын аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг баталгаажуулах эсвэл Путин үүнийг цусаар будаж, илүү их зовлон зүдгүүр, тогтворгүй байдал, сүйрлийг авчрах болно. Энэ долоо хоногт бид бүгд илүү аюулгүй, илүү итгэлтэй болсонд баяртай байна" гэжээ.
ОХУ-ын бүрэн хэмжээний түрэмгийллийн эхэн үед зэвсэг нийлүүлэхдээ хойрго хандсан, дараа нь хүнд зэвсэг илгээх талаар удаан хэлэлцсэн гэж Берлинийг шүүмжилдэг. Гэвч АНУ Киевээс зайгаа барьж байна гэсэн болгоомжлолын дунд Герман санаачилга гаргаж байна.
Европын зөвлөлөөс Украиныг Европын холбоонд элсүүлэх тухай хэлэлцээг эхлүүлэхээр санал хураалт явуулахын зэрэгцээ Гүржид нэр дэвшигчийн статус олгохоор санал хураалт явууллаа гэж Европын зөвлөлийн дарга Чарльз Мишель арванхоёрдугаар сарын 14-нд мэдэгдсэн. Унгар улс Украиныг Европын холбоонд элсүүлэх яриа хэлэлцээг эхлүүлэхэд саад болж байсан юм.
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан шийдвэр гаргах явцад түдгэлзсэн. Украинтай гишүүнчлэлийн асуудлаар яриа хэлэлцээ эхлүүлэх үед танхимыг орхин гарсан тухай хэвлэл мэдээллийн хэд хэдэн эх сурвалж мэдээлсэн. Дээд хэмжээний уулзалтын өмнө хэд хэдэн удирдагч Орбантай уулзсан байна. Унгар улс Украинд 50 тэрбум евро буюу 54.5 тэрбум ам.доллар олгоход хориг тавьсан. Уг асуудлыг 2024 оны нэгдүгээр сард дахин хэлэлцэх юм.
Европын холбооны зарим нэг чухал шийдвэрт Унгар хориг тавих болгонд Виктор Орбаныг "кофе завсарлага" авахыг оролдох нь боломжгүй зүйл гэж Германы канцлер Олаф Шольц арванхоёрдугаар сарын 15-нд сануулжээ. Тэрбээр Унгарын Ерөнхий сайдад бусад 26 гишүүн Украиныг элсүүлэх яриа хэлэлцээг эхлүүлэхийг зөвшөөрсөн тухай тайлбарлаж, ятгасан байна.
ЭХ СУРВАЛЖ: THE NEW VOICE OF UKRAINE
Холбоотой мэдээ