"Сайд хүн гарын үсэг зурахаас нааш нүүрсний бүлэг хулгай гарах боломжгүй"

Хуучирсан мэдээ: 2023.12.18-нд нийтлэгдсэн

Live"Сайд хүн гарын үсэг зурахаас нааш нүүрсний бүлэг хулгай гарах боломжгүй"

"Сайд хүн гарын үсэг зурахаас нааш нүүрсний бүлэг хулгай гарах боломжгүй"
Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат өнөөдөр /2023.12.18/ болж байна.

14 : 27
2023-12-18

Нүүрс тээврийн жолооч Б.Лхагвасүрэн:

-Бидний хувьд гаалийн бүрдүүлэлт дээр огт ордоггүй. Гаалиас зөвшөөрөл олгохоор зорчилтоо эхлүүлдэг. Дарга нарынхаа чиглэлийн дагуу л явдаг гэсэн үг. Бидний цалин эргэлтээрээ ордог. Нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар бүгд л төлөгдөж байгаа. Гол асуудал нь гаалийн бүрдүүлэлтгүй гарсан гэдэг дээр бол би мэдэхгүй байна. НАБТ хашаанд нүүрстэйгээ зогсч байхад зөвшөөрлөөр бид гардаг. 

Жасмин ложистик компанийн гүйцэтгэх захирал Н.Ариунболд:

-Манай жолооч нар дээр бүртгэгдсэн нийт зорчсон тоо. Тухайн үед бид "Эрдэнэс таван толгой" хувьцаат компанид бүртгэгдээд тухайн НАБТ-аас дундын тээврийн машинд ачигдаж, дараагийн машин руу ачигддаг байсан. Жолооч нар дундын тээврийг хийж байсан нь өнөөдрийн бүртгэл дээр гарч байгаа. Бид С зөвшөөрлөөр нүүрсний экспортод оролцдог. Сард дунджаар 3-4 удаа л нэвтэрдэг. 

Гаалийн бүрдүүлэлтийг жолооч бүр, машихн тус бүр дээр хийдэг. 

Хянан шалгах түр хорооны гишүүн М.Оюунчимэг:

-Жолооч нар ямар бүрдүүлэлт хийдэг талаар мэдэхгүй гэж байна. Жолооч нар хэдэн тонн нүүрс ачиж байгаа талаар огт мэдэхгүй гэсэн үг үү. Шинжээчид 5,2 сая тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсан байна гээд байгаа. Нэг жолооч өөр, өөр компани дээр бүртгэгдсэн байх боломжтой юу.

9149 УНЭ машины жолооч н.Эрхэмбаяр:

-Жин, тонны тухайд падаан дээрээ бичээстэй байдаг. 179, 184 гэхчлэн янз бүр хэлзэлдэг. Тэр ачааны тонноо бол мэдэж байгаа. 

 

13 : 33
2023-12-18

Гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс гаргасан 15 компанийн удирдлагыг сонсголд дуудсан

Түр хорооны дарга Б.Энхбаяр:

-Шинжээчдийн танилцуулгыг сонслоо. Одоо гэрчүүдийн саналыг сонсъё. Гэрчүүдээс асуулт асууж, хариулт авна. Б.Цогтгэрэл гишүүнээс эхлээд асуултаа асууж, хариултаа авъя. 

Түр хорооны гишүүн О.Цогтгэрэл:

-40 их наяд гэх тодотголтой том дүнтэй нүүрсний хулгай асуудлууд цочир яригдсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бүх монголчууд нүүрсний мэргэжилтэн болох шахуу мэдээлэлтэй боллоо. Үнийн асуудал, нүүрсний хэмжээ дарж гарах, тээвэрлэлт, борлуулалт гээд нүүрсний чанартай холботой гээд яриад байвал дуусахгүй. Монгол Улсаас гарсан нүүрсний хариуд эргээд мөнгө орж ирэх ёстой. Экспорт яригдаж байгаа учраас шинжээчээс асууя. Монголбанктай холбоотой, мөнгөн урсгалтай холбоотой таамгууд хэр баталгаажиж байгаа вэ? Хөнгөлөлттэй үнэ нууц байгаа учир үнийн дүнг таамаглаж байна гэдэг утгагүй. 

Гаалийн бүрдүүлэлт хийдэг, хил гаалийн мэргэжилтнүүд гэрчээр ирсэн бол хариулж өгөхийг хүсье. 

Хянан шалгах түр хорооны гишүүн Г.Ганболд:

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байгаа тоог гишүүн бүр л ярьж байна. Гол статистик мэдээгээр баталгаажих ёстой. Гэтэл статистикийн дүн мэдээ нь хоорондоо зөрүүтэй байгаа гэх хариуцлагагүй зүйл ярьж болохгүй. Мэдэхгүй, нууц гэдэг үгнээс болоод Монголын ард түмэн нэг жилийн хугацаанд бүгд хулгайд өөрсдийн эд зүйлээ алдсан юм шиг амьдарч байна. Хажуугийн хүн бүрээ хардсан бүтэн жил байлаа. Энэ нь мөн Монголын төрд итгэх иргэдийн итгэлийг маш их буулгаж байна. 

Бирж дээрх үнэ, уурхайн аман дээрх үнэ хоёрыг хооронд нь харьцуулсан талаар л шинжээчид ярьж байна. 

Урт, богинын тээвэр зэрэг дээр хариуцлагатай анхаарч ажиллах хэрэгтэй. Монголын гаалийн мэдээ, Хятадын статистиктай харьцуулахад 5,2 сая тонн нүүрсний зөрүү гарч байна. Тэгэхээр шинжээчид бол сайн ажиллаж байна. Харин хилээр тодорхойгүй гарсан нүүрсний компаниуд тайлбар өгөхийг шаардаж байна. Үнэхээр ачаатай гарчихаад хоосон бүртгүүлдэг бол яагаад ийм нөхцөл байдал үүсэв. Жолооч нар мөн хариулт өгнө үү. 

9149 УНЭ машины жолооч н.Эрхэмбаяр:

-Монгол Улсын хилээр гаалийн бүрдүүлэлт хийлгүйгээр нийт 133 удаа 18,3 мянган тонн нүүрс тээвэрлэсэн гэх дүгнэлтийг шинжээч тогтоож ажилласан байна. Жасман логистик ХХК-ийн жолооч. Би энэ компанид ороод 1,5 жил ажиллаж байна. Нүүрс тээвэрлэлт хийхэд жолооч нар админ, тээврийн ахлахын үгийн дагуу хөдөлдөг. Өнөөдөр хуваарьтай очиж ачуулаарай гэвэл НАБТ руу очиж, гаднаас нь хөдөлдөг. Тэгэхээр бүрдүүлэлттэй эсэхийг нь тодорхой мэдэхгүй байна. 

Эко глобал логистик ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Халиун:

-192 мянган тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан гэдэг дүгнэлт гарсан байна. Шинжээчийн дүгнэлтийг анх удаа харлаа. Тиймээс тодорхой танилцаж байж хариу өгөхийги хүсч байна. Гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс гаргах боломжгүй. 

Хянан шалгах түр хорооны гишүүн Д.Ганболд:

-Шинжээчид бол сайн байна. Байгаа тоо баримт дээр шинжилгээ хийсэн байна. Тээврийн жолооч нараас мэдээлэл авах нь зүйтэй. Гаалийн бүрдүүлэлтгүй тээвэрлэлт хийсэн компанийн төлөөлөл бүгд тайлбар өгөх нь зүйтэй.

11 : 59
2023-12-18

Сонсгол: Шинжээчид дүгнэлтээ танилцуулав

Шинжээчдийн танилцуулгын дараагаар түр хорооны гишүүд асуулт, тодруулга авч байна. 

Түр хорооны дарга Б.Энхбаяр:

-Өнөөдөр бид нүүрс тээвэр, С зөвшөөрөл, хил гаальтай холбоотой асуудлыг ярина. Үүний өмнө 40 их наядын хулгай хаанаас гарч ирсэн болох хянан шалгагчийн дүгнэлттэй танилцлаа. С.Ганбаатар гишүүнээс мөн тодруулга авахыг хүсч байна. Учир нь тэрбээр, 40 их наяд биш 440 их наядын хулгай болсон гэж ярьсан. Өөрөөр хэлбэл монгол хүн бүрд 126 сая төгрөгийн өр үлдсэн гэж мэдээлсэн. Тиймээс гэрчийн мэдээлэл авахыг хүсч байна. Мөн Т.Доржханд гишүүн 40 их наядыг шалгуур үзүүлэлтээр гаргасан гэж мэдэгдсэн. Тиймээс хянан шалгагчтай санал нийлж байгаа эсэхээ хэлж, тооцоолол үндсэн мэдээллээ өгөхийг хүсч байна. 

Гэрч Т.Доржханд:

-40 их наядын хулгай бараг 330 их наядаар хэмжигдэж байна. Шинжээчийн танилцуулж байгаагаар тоон дүн маш зөрүүтэй байна. Тоонуудаа маш сайн харсан байх. Нэг жилийн зөрүү байгаа. Тооцоолол арванхоёрдугаар сарын 8-нд гарсан. Тооцооллын багт шинжээчид, олон улсын судлаачид багтсан. Ийм тооцоолол гаргаж байгаа тохиолдолд шинжээчдэд итгэл боломжгүй. Эдийн засгийн хэллэгээр байж болох магадлалын онол дээр үндсэлэж хийсэн тооцоолол гэдгийг хэлэх нь зүйтэй. Хоёрдугаарт, 40 их наяд яг хаанаас гарсан тоо болохыг түүхтэй нь ярина. 2022 оны дөрөвдүгээр сарын 5-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд хандаж мэдээлэл хийсэн. Энэ мэдээлэлдээ “Эрдэнэс монгол” ХК-тай холбоотой асуудлыг гаргаж ирж байгаагаа онцолсон. Тодруулбал, төрөөс гадуур хяналтгүй их хэмжээний мөнгө эргэлдэж байна. "Тавантолгой" ХК дээр өнөөдрийг хүртэлх сүүлийн 17-20 жилийн хугацаанд аман дээрээс 60 орчим ам.доллараар ачигдаж байж, хилийн цаанаа 180 гаруй ам.доллар болгодог. Эндээс 60-70 ам.долларын зөрүүг цавчиж байсан бүлэглэлийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. 

Ингэснээр далд байгаа эдийн засгийг ил болгож дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин нэмэгдэхээр байгаа гэдэг мэдэгдлийг хийж байв. 

Энэ мэдэгдлийн дараагаар бид эдийн засагчид судалж үзсэн. 2021 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдээс харахад ДНБ 46 их наяд байсан. Өөрөөр хэлбэл тийм хэмжээний орлогыг бид хилийн цаана алдсан гэсэн үг. 

Одоо хоригдож байгаа Б.Ганхуяг гэдэг нөхөр нүүрсний хэргийн талаар мэдэхгүй байна гээд байгаа. Мэддэг хүн нь ирнэ гээд ирсэн хүн нь Н.Удаанжаргал байсан. Хоёр том тортой зүйлийг нь 20-хан минутад танилцуулаад нууцад хамаарна гээд гарын үсэг зуруулсан. Тэр тортой зүйлстэй нь танилцах гэтэл удаан танилцаж болохгүй гэсэн. УИХ-ын гишүүд нь түүнийг мэдэхгүй байсан. Тухайн үед би Зам тээврийн сайдыг Л.Халтарыг ч дуудсан. Мөн Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон зэрэг нөхдүүдийг дуудаж мэдээлэл авч ир гэхэд сайд нар нь ч мэдээллээ мэдэхгүй байсан. 

Тухайн үеийн нууцлалтай гэрээгээр нүүрсний тонн тутмаас их хэмжээний мөнгө авч, гэрээгээр халхавчилсан. 

Өнөөдрийн сонсголын үеэр шинжээчид ч танилцуулж байна. Статистик мэдээлэл нь зөрүүтэй. Тэгсэн мөртлөө эзэн холбогдогч, баримт материал нь далд. Тиймээс энэ асуудлыг шинжээчдийн хувьд нухацтай авч үзэх ёстой. 

Гэрч С.Ганбаатар:

-Ямар том хулгай яригдаад байна вэ? гэдгийг ойлгуулах гэж 440 их наяд гэдгийг хэлсэн. Хулгайгаагаар гарч байгаа машинууд хэдэн мянга байхад цагдаа, тагнуул, гаалийн ажилтнууд нь хаана байсан юм.Гадуур явж байгаа тоо баримтуудыг би ард түмэнд илэрхийлж л хэлсэн төдий. Монгол Улс 200 мянган малчинтай. 76 гаруй сая тоо толгой малтай. Нэг малчин өрх 2000 хоньтой тэнцэх хэмжээний хулгай бол эрх баригчдын хулгай. 

Сайд хүн гарын үсэг зурахаас нааш нүүрсний бүлэг хулгай гарах боломжгүй. 

Энэ бол эрх баригчдын хулгай. МАН-ын хулгай гэдэг нь маш тодорхой. 

Хянан шалгах шинжээчид:

-Нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааны өгөгдлийн дүн шинжилгээ. Тодруулбал, 

1. Борлуулалтын гэрээ

2. Уурхайн пүү

3. Хяналтын цэг-уртын тээвэр 230 км

4. Хяналтын цэг 219 км

5. НАБТ овоолго 

6. НАБТ-ын пүү-С зөвшөөрөл

7. Хяналтын цэг 

8 Гашуунсухайт 

9. Ганц мод  буюу богинын тээвэр рүү тээвэрлэлт хийдэг. 

Тус тээвэрлэлтийн тухайд олон улсын С зөвшөөрөлтэй тээвэрлэгч л хийнэ гэсэн үг. Энд ямар процесс болох вэ? гэхээр НАБТ-ын талбай дээр байгаа С зөвшөөрөлтэй аж ахуй нэгжийн машин орж ирж овоолгоос нүүрс ачиж, пүүгээр хэмжилтээ хийлгэж Ганц мод боомтын чиглэлд хөдөлдөг. Үүний дараагаар гаалийн бүрдүүлэлт хийж Хятадын Ганц мод боомт руу явж, нүүрсээ буулгаж, буцаж нүүрс ачиж буулгах талбай руу явдаг. Энэ процесс тасралтгүй 24 цаг үргэлжилдэг. Хянан шалгагч шинжээч нар "Эрдэнэс таван толгой" ХК болон "Тавантолгой" ХК -ийн уурхайн пүүний программ дата, НАБТ эрхлэгч 36 аж ахуй нэгжийн дата, Гашуунсухайт боомтын гаалийн бүрдүүлэлтийн датаг КАЙС цахим системээр боловсруулж, өгөгдлийг цуглуулсан. Гэвч цуглуулсан өгөгдлүүд маш их алдаатай байна. 

Өгөгдлийн шинжилгээний явцад пүүний программ, бусад датаг тулган баталгаажуулсан. Гэвч НАБТ-аас гарч байгаа тээврийн хэрэгсэл пүүний програм дээр пүүлүүлж гарсан мэдээлэл зарим оных нь устсан. 

2013-2022 оны датаг өгсөн. Нийт 262 мянган бичлэг, 2,8 сая өгөгдөлтэй файл байсан. Гэвч түүхий программын өгөгдөл дата менежментгүйн улмаас өгөгдлийн шинжилгээ шууд хийх боломжгүй байсан. Худалдан авагч, тээвэрлэгч компаниудын мэдээлэл зөрүүтэй байгаа юм. Өгөгдлийн сан дахь мэдээлэл дутуу.

Гаалийн бүрдүүлэлтгүй 5,2 сая тонн нүүрс гаргасан байж болзошгүйгээс 1,1 сая тонн нүүрс тээвэрлэгчийг тогтоох боломжгүй байна. 

10 : 24
2023-12-18

Нүүрсний сонсгол: Коксжих, түүхий нүүрсний үнийн зөрүүг ижил үнээр тооцсон нь үндэслэлгүй

Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор “Эрдэнэс таван толгой” ХК болон "Тавантолгой" ХК-ийн тээврийн үйл ажиллагаа, нүүрсний экспорт, нүүрс тээврийн "С" зөвшөөрөлтэй холбоотой асуудал, гааль, хилийн цэргийн албан хаагч нартай холбоотой асуудлаар нотлох баримтыг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтуудыг танилцуулж, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт аван, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авах юм.
Сонсголд оролцуулахаар дээрх гурван асуудалтай холбогдуулан нийт 128 гэрчийг дуудуулсан байна.
Нотлох баримтыг шинжлэн судалсан шинжээч:
-Монгол Улсын Их хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор "Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад ажил, үйлчилгээ худалдан авалтын ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах тухай заасан бөгөөд "Эрдэнэс таван толгой" ХК-ийн экспортын тоо хэмжээг шалгасан болно. Нийт экспортын 27,4 хувийг "Эрдэнэс таван толгой" ХК хийсэн байна. Шалгалтын хамрах хүрээтэй холбоотой тус компанийн нийт экспортын хүрээг дөрвөн эх сурвалжаас авч, статистик гаргасан. Гаалийн ерөнхий газраас гашуунсухайт боомтын мэдээгээр 2011-2022 оны дүн мэдээг гаргасан байгаа. Тухайлбал, 2011 он 280,8 мянган тонн, 2012 онд 2356,6 мянган тонн гэхчлэн задаргаатай гаргасан бөгөөд нийт хугацаанд 67,5 сая тонн нүүрс экспортолсон байна. Монголбанкны мэдээг Гаалийн ерөнхий газраас мөн эх сурвалж болгож авсан. 2016-2022 онд 70116 мянган тонн нүүрс экспортолсон. "Эрдэнэс таван толгой" ХК-ийн уулын ажлын тайлангаар нийт экспортод гаргасан нүүрснхий хэмжээ бол 73 сая тонн, Татварын ерөнхий газраас ирүүлсэн АМНАТ-ын тайлангаар баталгаажсан дүнгээр харахад нийт 73 сая тонн нүүрс экспортолсон байна.
Статистик мэдээнээс харахад Монголд тоон мэдээг нэгтгэн гаргадаг эх сурвалж дутагдалтай байна. Учир нь дөрвөн эх сурвалжийн дата мэдээлэл бүгд зөрүүтэй байгаа юм.
Зөрүү тооцсон дүнгээр тооцооллыг хийсэн. Сүүлийн 10 жилийн дундаж үнээр Ганц мод боомтын үнээр зөрүүг тооцож гаргасан. Ингэхдээ хоёр төрлийн нүүрс буюу коксжих, түүхий нүүрсийг адил үнээр зөрүүг тооцож гаргасан байгаа нь тооцооллын хувьд үндэслэлгүй зөрүү гарсан байна. Мөн нүүрсний үнээс гадна хоёрдугаарт, тээврийн хохирлын тооцоолол гэж бий. Тээврийн үнийн зардлыг 2020 оныхоор дундажлаж аваад бусад бүх онууд дээр хасч тооцож, нийт хохирлыг 8,9 их наяд гэж тооцсон. Нүүрсний тээврийн зөрүү нь бусад улс орон руу гарсан нүүрсний тоо хэмжээгээр ерөнхийдөө танилцуулна. Гэвч тооцооллын хувьд авч үзвэл "Эрдэнэс таван толгой" ХК зардлын тооцоолол дээрээ зөвхөн 2020-2022 оныг тооцсон байгаа юм. Уурхайн амнаас Ганц мод боомт хүртэл гардаг зардлыг задалсан байна. Тодруулбал, хилийн хураамж, агуулахын зардалд 5,9, татвар 15-20 хувь, бусад тооцоологдоогүй зардалд гурван хувь, Ганц мод боомт болон Цагаан хад хоорондын тээврийн зардалд тонн тутамд 18,6-30,2 ам.долларыг, Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсийн агуулах болон ачиж, буулгах зардалд 1,7-1,9 ам.доллар тээврийн болон талбайн хорогдолд нэг хувь, уурхайн ам болон Цагаан хад хоорондын тээврийн зардалд 12,4-14,3 хувийг зарцуулсан байна. 2020 оныг дундажлаж нийт үнийг 45 ам.доллараар тооцсон байгаа юм.
2013-2022 оныг бодитоор тооцоолж үзвэл 75 ам.доллар гарч байгаа. Тэгэхээр тооцооллын хувьд нэгдүгээрт, нийт нүүрсний хэмжээгээр, хоёрдугаарт, хасагдах зардлыг тооцсон байна.
Дундаж тооцоолол биш учир тооцооллын зөрүүг өндөр болгож байна. Гурав дахь алдагдсан боломж, алдагдсан нүүрс. Алдагдсан нүүрсийг тооцоолохдоо эх сурвалж дээр Үндэсний статистикийн хорооноос нийт экспортлосон нүүрсний хэмжээг авсан. Хоёрдугаарт, news.mn сайтад нийтлэгдсэн УИХ-ын гишүүн Г.Ганболд гишүүний өгсөн ярилцлагын дунд дурдсан тооцооллын таамаглалыг дэвшүүлсэн байна. Үүнд, 2013 онд 380 мянган тонн, 2018 онд 890 мянган тонн нүүрс алдагдсан байж болзошгүй гэсэн ярилцлагыг үндэслэл болгож энэхүү тооцооллоор тухайн онуудад нүүрсний экспортын хэмжээг харьцуулж эзлэх хувийг таамаглаж авсан байгаа. Баримтын хүрээнд Үндэсний аудитын хорооны "Эрдэнэс таван толгой" ХК-ийн 2018-2022 оны тоон мэдээллийг нэгтгэсэн. Тайланд Монгол Улсын Засгийн газар, Хятадын Засгийн газар хоорондын 1993 оны хэлэлцээрт түүний хэрэгжилтийг хангах тухайд 2010 онд байгуулсан Засгийн газар хоорондын протокол хөтөлж, эрчимтэй хамтарч ажиллах гаалийн байгууллагын ач холбогдол харилцан холбоотой болохыг онцолсон. Тухайн аудитын тайланд хамрагдсан хоёр байгууллагын мэдээлэл, хөндлөнгийн эх сурвалжийн мэдээлэл зөрүүтэй байгаа нь статистик мэдээ зөрүүтэй байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж