Украины армийн ерөнхий командлагч Валерий Залужный болон түүний хэд хэдэн ажилтны албан өрөөнөөс дуу бичлэгийн төхөөрөмж олсон тухай тус улсын Аюулгүй байдлын алба мэдэгдэв. Чагнах төхөөрөмж олдсон өрөө нь Залужныйн удахгүй шинээр орох өрөө байжээ. Шинэ байранд ээлжит шалгалт хийх явцад эдгээр төхөөрөмжийг илрүүлсэн байна. Урьдчилсан мэдээллээр төхөөрөмж идэвхгүй байсан гэж Аюулгүй байдлын алба мэдэгдсэн юм.
Энэ хэрэгтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэв. Украины эрүүгийн хуульд заасан "Мэдээлэл олж авах техникийн тусгай хэрэгслийг хууль бусаар олж авсан, худалдсан, ашигласан" гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Дайны талаарх Залужныйн үзэл бодол ерөнхийлөгч Зеленскийтэй таарахгүй байгаа гэх мэдээлэл сүүлийн үед гарсан. Тодруулбал, Украин дахь сунжирсан дайн Москвад ашиг тусаа өгч, цэргийн хүчээ зузаатгах боломж олгож байна гэж Залужный үзжээ. Харин ерөнхийлөгч Зеленский дайн мухардмал байдалд орсон гэх санаатай санал нийлэхгүй байна.
Эх сурвалж: THE KYIV INDEPENDENT