Хятадад өвөлжилт хүндрэв

Хуучирсан мэдээ: 2023.12.18-нд нийтлэгдсэн

Хятадад өвөлжилт хүндрэв

Хятадад өвөлжилт хүндрэв

Хятад даяар өнгөрсөн амралтын өдрөөр агаарын температур огцом буурч, зарим хэсэгт хүчтэй салхи, аадар борооны улмаас олон тооны осол, гэмтэл гарчээ. Тухайлбал, Бээжинд метро мөргөлдөж, олон зуун хүн гэмтэж бэртсэн байна.

Ер бусын дулаан намрын дараа хүйтний эрч чангарснаар ард иргэдийн амьдралд хүндрэл үүсгэжээ. Өнгөрсөн аравдугаар сар нь тус улсад сүүлийн хэдэн арван жилд болоогүй дулаахан намар тохиов. Бээжин хотноо агаарын дундаж температур цельсийн -9 хэм хүрч буурсан нь өнгөрсөн долоо хоногийн турш цельсийн 10 хэм дулаан байснаас огцом хүйтэрчээ.

Хятад даяар бямба гаригт цаг уурчид бага температур, хүчтэй салхины сэрэмжлүүлгийг гаргасан. "Эрс хүйтний давалгаа" энэ долоо хоногт үргэлжлэх төлөвтэй байгааг анхааруулжээ. Түүнчлэн  Хятадын зарим бүс нутагт агаарын температур түүхэн доод хэмжээнд хүртэл буурч магадгүй гэж Хятадын цаг уурын газраас мэдээллээ. Мөн Хятадын хойд хэсэгт оны эцэс хүртэл дунджаас илүү хүйтэн байх төлөвтэй байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин баасан гаригт хүйтэн, цастай холбоотой онцгой нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авахын тулд "бүх хүчин чармайлт" гаргахыг уриалсан гэж Коммунист намын "People’s Daily" сонинд бичжээ. Их хэмжээний бороо, цас орсны улмаас тус улсын эрчим хүчний хангамж, тээврийн сүлжээнд хүндрэл учруулж байгаа тул нүүрс, цахилгаан, газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг албаныханд үүрэг болгосон байна.

Өнгөрөгч долоо хоногийн эхээр Хятадын хойд хэсэгт өвлийн хатуу ширүүн уур амьсгал орж, улирлын анхны цас өнгөрсөн ням гаригт орсон байна. Хоёр хоногийн дараа Бээжингийн цаг уурчид цасан шуурга шуурахыг анхааруулсан. Хот даяар галт тэрэг, автобусны чиглэлийг зогсоосон. Мөн лхагва гаригт ихэнх сургуулиуд зайн сургалтанд шилжсэн.

Дараа өдөр нь оройн ачаалалтай үед метроны хоёр галт тэрэг осолдож, 515 хүн эмнэлэгт хүргэгдсэний 102 нь яс хугарсан гэж Бээжингийн тээврийн газраас баасан гарагт мэдэгдсэн. Хальтиргаа гулгаанаас болж галт тэрэг яаралтай зогсоход хүрч, ард нь өөр галт тэрэгтэй мөргөлдсөн байна.

Тус улсын бусад хэсэгт хүйтэн температур, хүчтэй салхины улмаас эрх баригчид бямба гаригт зүүн өмнөд эргийн Гуандун муж дахь олон арван зорчигч тээврийн гатлага онгоцны чиглэлийг түр зогсооход хүрчээ. Өмнөд Солонгос болон Японы зарим хэсэгт энэ амралтын өдрүүдэд агаарын температур мөн адил огцом буурсан байна.

ЭХ СУРВАЛЖ: THE NEW YORK TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж