Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Д.Эрдэнэбаатар, М.Адъяаням нарт холбогдох “НТӨ VII-III зуун, Эртний Ромын үе буюу НТ IV зууны үеийн археологийн олдвор болох соёлын биет өвд хамаарах эд зүйлсийг хууль бусаар худалдаалахыг завдсан" гэх хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо.
Тэднийг урьдчилан үгсэн тохиролцож, археологийн олдвор болох соёлын биет өвийг худалдахаар завдсан гэх хэрэгт буруутгажээ. Нийслэлийн прокурорын газраас Д.Эрдэнэбаатар, М.Адъяаням нарт Эрүүгийн хуулийн 25.5-1-т заасан “Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Хүннү гүрний үеийн нэн ховор олдворыг гадаадын иргэнд хагас тэрбум гаруй төгрөгөөр худалдах гэж байсан хүмүүсийг Эрүүгийн цагдаагийн албаны ажилтнууд 2021 оны гуравдугаар сард үйлдэл дээр нь дайчлан баривчилсан байдаг.
Тухайн үед Б.Хаш-Эрдэнэ, М.Адъяаням, А.Дэлгэрням, Б.Баярцэнгэл гэсэн дөрвөн залуу Чингэлтэй дүүргийн нутагт өмнөд хөршийн иргэнд 650 гаруй сая төгрөгөөр худалдахаар тохиролцсон өгч, авалцах гэж байсан талаарх мэдээлэл цацагдаж байв.
Тодруулбал, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс тус хэргийг 2023 оны арванхоёрдугаар сарын 14-нд прокурорын эсэргүүцлийн дагуу хянан хэлэлцээд, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагааг хийлгэхээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байна.
Холбоотой мэдээ