“ХАППИ ВЕРИТАС” ЭМНЭЛГИЙН ЗӨВЛӨХ ЭМЧ Ж.АМАРСАНААТАЙ АРХИНЫ ЦОЧМОГ ХОРДЛОГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА.
-Архины хамаарлыг донтолт, эсвэл өвчин хоёрын алинд нь хамааруулж үздэг юм бэ?
– Архины хамаарал нь донтолт. Донтолт нь өөрөө өвчин. Хэнд ч тохиолдож болох өвчин гэж үздэг.
-Архины хамааралтай хүмүүсийн нас залуужиж байгаа гэдэг үнэн үү. Сүүлд эмэгтэйчүүд ихээр хамааралтай болж байна гэх байдаг?
-Өнгөрсөн 2019 онд байх аа. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс нэг судалгаа хийсэн байсан. Тэр судалгаагаар бол Монголын насанд хүрэгчдийн дунд архинд донтох эмгэг 6.2 хувь байна гэж гарсан байсан санагдаж байна. Өөрөөр хэлбэл, 93 мянган хүн архинд донтох эмгэгтэй байна гэсэн үг.
Харин хүйсийн байдлын хувьд эрчүүд дийлэнх буюу эрэгтэйчүүдийн 51 хувь нь архины хэтрүүлэн хэрэглээтэй гэж тухайн судалгаанд дурьдсан байсан. Энэ бол эмгэнэлтэй дүн.
Эмэгтэйчүүдийн тухайд гэвэл Монголын эмэгтэйчүүдийн архины хэрэглээг бусад орны эмэгтэйчүүдийн архины хэрэглээтэй харьцуулахад 100 мянган хүнд ногдох тоогоороо бол дэлхийд дээрээсээ гуравт яваа шүү дээ.
-Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан Монголд анх удаа архи согтууруулах ундааны хэрэглээ буурсан үзүүлэлт гарсан талаар танилцуулж байсан?
-Өнгөрсөн 2022 онд 1071 хүн архины гэнэтийн хордлогоор нас барсан байна. Энэ үзүүлэлт 2020 онд 650, 2021 онд 856, 2022 онд 1071 гээд сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөн байгаа юм. Зарим эрдэмтэд архины хордлогын нас баралт нь нийгмийн байдлын индикатор гэж үзэх нь бий. Архины хэрэглээ гэнэтийн хордлогын нас баралтын хооронд ямар хамаарал байдгийг судлаж үзэх нь зүйтэй байх.
-Архины цочмог хордлогын нас баралт элэгний хатуурлын нас баралтаас өндөр байна гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?
– Элэгний хатуурал буюу цирозын шалтгаант нас баралт нь хоол боловсруулах замын шалтгаант нас баралт дотроо нэгдүгээрт ордог хамгийн өндөр нас баралттай өвчин. Өнгөрсөн 2022 оны байдлаар элэгний хатуурлын шалтгаант нас баралт 656 байгаа нь архины хордлогын шалтгаант нас баралтаас даруй 40 гаран хувиар бага байгаа юм. Хэдэн жилийн өмнө бол ийм дүр зураг харагддаггүй байсан. Голдуу хатуурлын нас баралт нь өндөр байдаг байлаа.
Хатуурлын нас баралтын гол шалтгаан нь элэгний В, С вирус,архи гурав эзэлдэг. Хатуурлын нас баралт буурч буй хэд хэдэн шалтгаан байж болох.
Үүнд, элэгний В,С вирусийн архаг болон цочмог халдвартай хүний тоо тууштай буурч, вирусын эмчилгээнд хамрагдах хүний тоо нэмэгдэж байгаа. Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирч, эх орондоо элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох хүн олширсонтой холбоотой.
-Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний дараа хүмүүс шартлаа гэж их ярьдаг шүү дээ?
-Анагаах ухааны талаас бол шарталт нь спиртийг элгэнд задлах явцад үүсдэг хорт бодис. Ялангуяа ацетилалдегид нь хүний биед үзүүлж буй хордлогын шинж тэмдгүүдийг хэлнэ.
Гэхдээ зарим хүмүүс улаан дарсны хувьд багахаан уусан ч толгой нь өвддөг. Тэр өвдөлтийн гол шалтгаан бол quercetin /кверцетин/ хэмээх бодис гэдгийг эрдэмтэд дөнгөж энэ жил тогтоосон. Энэ бодис цусанд орохоороо quercetin glucuronide болж хувирах ба тэр нь спиртийг задлагч ферментийг гацааж орхидог гэж үзээд байгаа. Тиймээс зарим хүмүүс дарс уухаар илүү шартдаг гэж ярьдаг.
-Тэгвэл архийг юутай хольж, даруулж уухаас татгалзах вэ?
-Ер нь ямар ч хэлбэрээр уухаас татгалзах хэрэгтэй. Манайхан архи согтууруулах ундаанд юу юу ордогоо ч сайн мэдэхгүй байх шиг санагддаг. Шинжилгээн дээр нь илт хордлого илэрчихээд "Та архи уусан уу" гэхэд үгүй гэдэг. Тэгвэл "Айраг уусан уу" гэхээр тиймээ гэдэг. Хоёр хувиас дээш алкохол агуулсан бүх төрлийн зүйлс согтууруулах ундааны төрөлд ордог. Намрын айраг л гэхэд 12-20 орчим хувийн алкохол агуулдаг.
-Согтууруулах ундаа нь хүний биед ямар, ямар өвчлөлүүдийг үүсгэдэг вэ?
-Нийт бүртгэгдэж байгаа зүрх судасны өвчин, улаан хоолой, ходоод, нойр булчирхай, элэгний хорт хавдар, элэгний хатуурал, цаашлаад осол гэмтэл, гэмт хэргийн нэлээдгүй хувь нь архины хэрэглээтэй холбоотой. Архи, спиртийн төрлийн ундаа хүний уураг тархи сэтгэцийг мансууруулах үйлчилгээтэй донтуулагч бүтээгдэхүүн бөгөөд удаан хугацаагаар хэрэглээд байвал архийг хэрэглэхгүйгээр байж чадахгүй байдалд хүрэх буюу архины хараат байдалд ордог.
Архи, согтууруулах ундааны буруу хэрэглээ нь өөрийгөө хянах чадварыг алдагдуулж санамсаргүй гэмтэл бэртэл, зуурдын үхлийн томоохон шалтгаан болгодог.
Ихэнх хүмүүст анх архи уугаад өөртөө итгэлтэй болох санаа зовох байдал буурдаг. Учир нь тархинд буй санаа зовоодог хэсгийг дарангуйлж эхэлсэнтэй холбоотой. Гэвч хүн их уух тусам тархинд гарах өөрчлөлт төдий чинээ их гарна. Архи эхний мөчид эерэг мэдрэмж төрдөг ч, архины тун хэмжээ нэмэгдсэнээр сайхан мэдрэмжээс илүүтэй сөрөг сэтгэл хөдлөлийн хариу улам гардаг. Архи нь хүнийг улам догшин болгох буюу илүү ууртай, ширүүн авиртай болж, сэтгэл санаа тогтворгүй болох сэтгэл гутралд ч хүргэдэг.
Олон жил архи уусан хүнд хуурай согтолт буюу огт архи уугаагүй байхад дараах зан аашны өөрчлөлтүүд илрэх нь бий.
-Эмчийн зүгээс архины хамааралтай хүнд та хамгийн түрүүнд юуг зөвлөдөг вэ?
-Аль болохоор уухгүй байхыг зөвлөдөг. Архинд зохистой хэрэглээ гэж байхгүй. Над дээр ирдэг архины хамааралтай хүмүүс бүгд элэг, ходоод, улаан хоолой, нойр булчирхайн ямар нэг асуудалтай, хамгийн багадаа эдгээр эрхтнүүдийн архаг үрэвсэлтэй, хатууралтай байдаг. Цаашлаад хавдартай болсон байдаг. Ер нь бага багаар архинаас гарна гэж байхгүй ээ. Архиа шууд хая, өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ бүү хуур гээд хэлчихдэг.
Холбоотой мэдээ