Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны зүгээс өнгөрсөн долоо хоногт "Монгол Улсын хөлбөмбөгийн хэтийн төлөв" форумыг Төрийн ордонд зохион байгуулжээ. Бодлого, стратеги, төлөвлөгөө гэх уриан дор болсон тус форумыг нээж, хөлбөмбөгийн холбооны шинэхэн ерөнхийлөгч М.Болд мэндчилгээ дэвшүүлэн хөлбөмбөгийн соёлыг бий болгон шинжлэх ухаанч хандлагаар стратегийн богино дунд урт хугацааны төлөвлөгөө оновчтой боловсруулж Монгол уудам нутагтаа хөлбөмбөгийн хөгжлийг хамтдаа бүтээхэд би биш бид гэсэн уриан дор хамтран ажиллахыг уриалсан аж.
Мөн тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж хөлбөмбөгийн соёлыг хөгжүүлэх замаар Монгол Улсын үнэ цэнийг нэмэгдүүлэх, богино дунд урт хугацааны алсын хараа, мэргэжлийн байдал ёс суртахуун, нэгдмэл байдал, шударга ил тод байх, эв зүйг эрхэмлэх, үл ялгаварлах, хүндэтгэлтэй хандах зорилтыг баримтлах, стратегийн тэргүүлэх чиглэлийн талаар илтгэл тавьсан юм.
Түүний илтгэлд дурдсанаар хөлбөмбөгийн холбооны төлөвлөлт нийт гурван үе шаттай гэнэ. Тухайлбал,
- Богино хугацааны – 2028 оны AFC-U17 АШТ-ий финалын шатанд шалгарна.
- Дунд хугацааны – 2035 оны AFC-Asian Cup тэмцээний финалын шатанд шалгарна.
- Урт хугацааны – 2050 оны FIFA World Cup финалын шатанд шалгарна.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2011 онд Швейцарьд айлчлах үеэрээ тухайн үеийн олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Зепп Блаттертэй уулзсан. Уулзалтын үеэр тэд 2035 оны Азийн аварга, 2050 оны дэлхийн аваргыг Монгол Улсад зохион байгуулна гэж мөрөөдлийн гэрээ байгуулж байв. Тэрхүү мөрөөдлийн гэрээ одоо ч олимпийн хорооны музейд хадгалаастай бий.
Тэгвэл мөрөөдлийн гэрээг бодит ажил хэрэг болгох зорилгыг одоогийн хөлбөмбөгийн холбооны удирдлагууд тавьжээ. Амлалт, зорилт тавих амархан. Гагцхүү түүндээ яаж хүрэх, хэрхэн хөгжих дэвших талаар тодорхой хөтөлбөр, стратеги хэрэгтэй. Тамирчид руугаа чиглэсэн юу хийх, клуб, дэд бүтэц, цэнгэлдэх, барилга байгууламжийн хүрэлцээг хэрхэн хангах талаар нарийн судалгаа, урт хугацааны төлөвлөгөө шаардлагатай биз.
Өдгөө Монголын хөлбөмбөгийн чансаа FIFA-д бүртгэлтэй 210 улсаас 190 дүгээрт бичигдэж байна. Азидаа зөвхөн Гуам, Шри Ланк, Зүүн Тимор, Пакистан, Бруней зэрэг улсуудын дээр л бичигдэж буй. Эмэгтэйчүүдийн чансаа арай дөнгүүр буюу 210 улсаас 128 дугаарт жагсчээ. Одоо 190 дүгээрт бичигдэж байгаа улс 20 гаруй жилийн хугацаанд үсрэнгүй хөгжиж, Азидаа Япон, Солонгос, Ираныг давж, дэлхийн аваргад эрхээ авч оролцоно гэдэг шүдний чигчлүүрээр гүний худаг ухахтай адил. Харин зохион байгуулах эрхийн төлөө хүч үзэж, өрсөлдвөл арай үнэмшилтэй биз.
Монгол Улстай ойр Киргизстан, Узбекистаны хөлбөмбөг сүүлийн үед асар хурдацтай хөгжиж байна. Саяхан болж өнгөрсөн 17 хүртэлх насны дэлхийн аваргад Узбекистаны шигшээ баг Англи, Канадыг хожиж, Испанитай тэнцэж, шөвгийн наймд үлдэн эцэст нь Францад 0-1 гэсэн харьцаатай хожигдсон. Харин Киргизстан улс эх орондоо Испанийн алдарт Барселона клубын хүүхдийн академийг нээв.
Хоромхон клубын тоглогч Ц.Мөнх-Эрдэнэ форумд оролцох үеэрээ лигийн тамирчдын ирц муу байгааг онцолж, хөлбөмбөгийнхөө хөгжлийн төлөө форумд ирж, үзэл бодлоо илэрхийлэхгүй байна гэж бухимдсан юм.
Мөн Монголын хөлбөмбөгийн оны шилдгийг тодруулдаг "Алтан бөмбөг" ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болж, оны шилдэг эрэгтэй хөлбөмбөгчнөөр Улаанбаатар клубын Г.Бат-Оргил тодорсон бол эмэгтэй шилдгээр шигшээ багийн ахлагч О.Цасан-Охин шалгарсан юм.
Дашрамд дурдахад, Улаанбаатар клуб Монголын хөлбөмбөгийн түүхэнд гайхалтай амжилтын эзэд болсон бөгөөд тэд AFC Cup тэмцээний хүрээнд дөрвөн хожил байгуулан хэсэгтээ аман хүзүүдэж, дараагийн шатанд шалгарахад ердөө ганцхан гоол дутсан билээ.
Ямартай ч хөлбөмбөгийн холбоо өнгөрсөн долоо хоногт форумаа хийж, оны шилдгүүдээ тодрууллаа.
Холбоотой мэдээ