Төр ямар ч буруугүй, иргэд өөрсдөө л буруутай!

Хуучирсан мэдээ: 2023.12.18-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Төр ямар ч буруугүй, иргэд өөрсдөө л буруутай!

Төр ямар ч буруугүй, иргэд өөрсдөө л буруутай!

…Шатахуун дууслаа, иргэд өөрсдөө дугаарлаж дуусгаад байна…

…Түгжирч байна, иргэд өөрсдөө машин барьж, приус унаж сэлгүүцэж байна…

…Хүйтэрч, ханид томуу дэгдэв,  сургууль, цэцэрлэгийг хаа, цахимд шилжүүлнэ…

…Сайжруулсан түлшнээс болж иргэд угаартаж амиа алдав, иргэд өөрсдөө л буруутай…

…Авлигачидтайгаа тэмцэнэ, шүүх дээр л бүгд гацав…

Бид ийм л хариултгүй асуулттай тулгарсан нь ч өөрсдөө буруутан болоод дуусдаг. Төр ямар ч буруугүй, түгжрэлийг бууруулахын тулд төрөөс менежменттэйгээр хийх ажил байхгүй, сайжруулсан түлшнээс бол угаартаж нас барвал хэн ч буруугүй, зам дээрээ 0 зогссон ч ямар нэг шийдэлгүй  төр удирдаж байгаа хүмүүст ямар ч буруу байхгүй. Ийм л байдалтайгаар бид сүүлийн найман жилийг үдэж байна.

Монгол ардын нам анх эрх барьж, сонгуульд ялалт байгуулахдаа түгжрэлийг, утааг бууруулна, ард иргэдээ сайхан амьдруулж, нийслэлчүүдийг аз жаргалтай иргэн болно гэж найман жилийн өмнө амлаж байв. Түүнийг нь ч иргэд дэмжиж, тэд сүүлийн найман жил төр барьж байна.

Парламентын олонхыг бүрдүүлж, Засгийн газраа ч өөрсдийн дураар байгуулав.  Тэд л зөвхөн төрийн эрх барих дээд байгууллага болж, ард түмнээ аз жаргалтай амьдруулах, иргэдийн аж амьдралыг сайжруулах шийдвэр гаргаж байгаа. Тэгвэл бидний амьдрал, бодит байдал найм, дөрвөн жилийн өмнөхөөс хэр зэрэг өөрчлөгдсөн бэ гэдгийг өөрсдөөсөө нэг асуугаад үзье.

Сүүлийн дөрвөн жилээс хоёр жилийг хасаад цар тахалтай байсан гэж үзвэл зургаан жилд нь МАН Засгийн газар, парламент, хотын удирдлагаар ажиллажээ. Тэд хийнэ, авлигачидтай тэмцэнэ, төрийн хулгайг зогсооно, хүнд суртлыг арилгана гэх мэтээр бидний чихэн дээр цэцэг ургуулсаар иржээ. Өнөөдөр бидэнд гарт баригдаж, нүдэнд харагдах ямар том үйлдвэр нээлтээ хийв, улсын өр нь хэд болов, иргэдийн дундаж цалин, тэтгэвэр хэд болж, ард түмний амьдрал яаж сайжирсан бэ. Энэ хугацаанд тэд гурван ч Засгийн газар шинээр байгуулж, гурван ч Хотын даргыг өөрчилж, өөрсдөө эрх мэдлийн хувиарлалт хийж, өөрсдөдөө зориулж Үндсэн хууль өөрчилж, бүгд л давхар давхар дээлтэй болж үзэж.  Үндсэн хуульд хэд хэдэн удаа гар хүрсэн нь ард түмний амьдрал ахуйд хэрэгтэй байсан уу гэвэл үгүй. Харин ч эрх баригчид ээлжилж сайдын албанд очиж, УИХ-ын гишүүний ажлаа хийхээс илүү сайд болж, салбар салбар удирдсан нэртэй, айл гэр болж тоглож байгаа мэт л байлаа гэхэд хилсдэхгүй. Мэдээж МАН Засгийн эрх барьж байхад сайн сайхан зүйлс бий юу гэвэл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ том зургаараа харвал улсын хөгжилд нэмэр болох аж үйлдвэрийн цогцолборууд хэд баригдав, хэдэн киллометр зам тавив, хэдэн сургууль, цэцэрлэг ашиглалтад орж, бидний амьдралд наалдахуйц өөрчлөлт авчрав гээд хайгаад үзвэл одоогоор мэдэгдэх юм зүйл харагдахгүй байна.

Харин тэд хаана, нураана, торгоно гэсэн уриа лоозонтойгоор ажлаа хийсээр, хийж ч байна. Хамгийн сүүлд гэхэд ОХУ-аас шатахууны крант, эрчим хүчний хязгаарлалт хийсэнтэй холбоотойгоор монголчууд бид 21-р зуунд хэдэн цагаар гэрэл цахилгаангүй, лимиттэй олгож буй шатахуунд хэдэн цагаар дугаарлаж, эмнэлэгт хүүхдүүд нь багтахгүй коридорт зулж хэвтэж буй дүр зурагтай л байна. Дээрээс нь цар тахлаас хойш өргөн хэрэглээний барааны үнэ тогтмол өсч буйг дурдаад ч илүүц биз.

Эцэст нь шинэ жилийн "бэлэг" болгож тэгш, сондгойгоор зорчуулж,  хүүхдүүдийг цахимаар хичээллүүлэх шийдвэрийг амралтын өдөр танилцуулав.

Хүйтний эрч чангарч байгаа дээрээс нь томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсэн гэсэн шалтгаанаар. Гэтэл бага насны хүүхдүүдтэй эцэг эхчүүд хүүхдүүдээ харах уу, амьдралаа залгуулахын тулд ажлаа хийх үү гэдэг сонголтын өмнө ирэв. Амьдралаа бодвол ажлаа хиймээр, үр хүүхдийнхээ аюулгүй байдлыг бодвол чөлөөгөө аваад хүүхдээ хармаар. Монгол Улс залуучуудын орон гэдэг. Залуу гэр бүл, бага насны хүүхдүүдтэй айл өрхүүдэд Монголын төр ийм л тулгалтыг хийв. Түүгээр зогсохгүй 0 зогсолт хийж, түгжрээд байгаа учраас бүтэн хоёр сарын турш зөвхөн тэгш, сондгойгоор зорчих "эрх" олгов. Монголчуудын дийлэнх, олонх нь приус унаад дэмий сэлгүүцдэг гэж боддог төрийн гаргаж байгаа шийдвэр нь энэ. Ингэхдээ мөн л тэгш, сондгойгоор зорчихгүй бол торгоно, жолооны эрх хасна. Ядаж түгжрээд ч хамаагүй машинаа унах эрхийг нь ч олгосонгүй. Ядаж л нийтийн тээвэр нь хүртээмжтэй, цэвэрхэн, дулаахан бол хэн л машинаа унаад тэдний хэлдгээр сэлгүүцээд явах вэ. Бидний сонгосон ардчилал нь хэн нэгнийг хязгаарлаж, хорих, торгох, үг хэлэх эрхийг нь хязгаарлах бишсэн.

Сүүлийн найман жилд төр барьж байсан МАН-д түгжрэлийг шийдэх, утааг арилгах, сурах орчныг бүрдүүлэх хангалттай хугацаа байв. Гэтэл тэд өөр хоорондоо эрх мэдлээ шилжүүлснээс хариуцлага хүлээсэнгүй, хүлээлгэсэнгүй.

Найман жилийн өмнө МАН-д үнэмлэхүй олонход итгэл хүлээлгэж, Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулж байв, удалгүй тэд өөр хоорондоо эрх мэдлээ булаацалдаж, У.Хүрэлсүх Засгийн газар байгуулагдаж, МАН-ынхан Засгийн газраа бүрдүүлж байв. Удаах нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар. Хоёр ч удаа Засгийн газраа бүрдүүлж, давхар дээлтэй сайд нараар багаа бүрдүүлээд явж буй. Хүн амынх нь тал хувь амьдардаг нийслэлд гэхэд хоёр ч Хотын дарга чөлөөлсөн байдаг. Тэдний нэг нь өнөөдөр Шадар сайд хийж буй С.Амарсайхан бол нөгөөх нь Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар. Тэд хариуцлага хүлээсэн үү эсвэл…

Хотын даргаар өдгөө МАН-ын гишүүн Х.Нямбаатар ажиллаж байна. Тэр ажлаа авахдаа шорвог мэт шийдвэр гаргана гэж байсан нь ийн хэрэгжиж эхэллээ. Машиныг хязгаарлаад түгжрэл буурхаар байсан бол, тэгш, сондгойгоор зорчуулаад түгжрэл буурдаг байсан бол өнгөрсөн 10 жилийн хугацаанд буурах л байсан. Энэ бол шорвог шийдвэр биш, энэ бол иргэдийнхээ эрхийг хязгаарласан шийдвэр. Чи машин унана, чи унахгүй гэдэг л тулгалт.

Сонгогчид У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан даргатай Монгол ардын намд нэг биш хоёр ч удаа боломж олгосон. Эцэст нь эрхээ хязгаарлуулж, дур зоргоороо машинаа унаж болохгүй, үр хүүхдүүддээ олигтойхон боловсрол эзэмшүүлж чадахгүй, сайжруулсан түлш гэх угаарт нь хордож, олон зуугаараа эмнэлгийн орон дээр хэвтэх хүүхдүүдээ харахаас өөрийг хийж чадахгүй, хаалгаж, хориулсан л сонгогчид болов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж