Украиныг Европын холбоонд элсүүлэх хэлэлцээг албан ёсоор эхлүүлэх шийдвэр өнгөрсөн долоо хоногт гарсан. Энэ нь холбоотнуудын дэмжлэгийг нэмэгдүүлэхийг хичээж буй Украины хувьд сайн мэдээ, чухал амжилт. Гэвч сайныг дагаад саар гэгчээр уг шийдвэрийн хариу арга хэмжээ болгож Унгар улс Европын холбооноос Украинд үзүүлэх санхүүгийн тусламжид хориг тавилаа.
Украинд 50 тэрбум евро буюу 52 тэрбум ам.долларын санхүүгийн тусламж үзүүлэх санал гарсан. Гэвч холбооны 27 орноос ганц Унгар л санал нэгдээгүй гэж Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель хэлэв. Санал нэгтэй тохиролцоонд хүрэхийн тулд удирдагчид ирэх сарын эхээр дахин хуралдах болжээ.
Унгарын ерөнхий сайд Виктор Орбан бол Европын холбооны гэр бүл дэх Путины хамгийн ойрын холбоотон. Өнгөрсөн хугацаанд Орбан Оросын эсрэг хориг арга хэмжээнүүдэд хэд хэдэн удаа саад болж байв. Тэрбээр Европ даяар болох зуны сонгуулийн дараа л Украинд үзүүлэх тусламжийг шийдэх ёстой гэж мэдэгджээ.
Украины ерөнхийлөгч Зеленскийн хувьд Конгресс дахь улс төрийн хагаралын шалтгаан болоод буй. АНУ дахь айлчлал нь амжилтгүй өндөрлөсний дараахан Европын холбооны гишүүнчлэлийн хэлэлцээ яригдаж байна.
Европын холбоонд элсэх үйл явц урт удаан хугацаанд үргэлжлэх ч гэлээ Пүрэв гаригийн мэдэгдэл нь Украины хувьд Путиныг хилэгнүүлж дөнгөх ач холбогдолтой, бэлгэдлийн чанартай мэдэгдэл байв. Украины Европын холбоонд элсэх үйл явцыг Путин түрэмгийллийн нэг хэлбэр гэж нэрлэсэн удаатай. Харин Зеленский Европын холбооны Пүрэв гаригийн мэдэгдлийн дараа "Энэ бол Украины ялалт. Бүх Европын ялалт. Урам зориг өгч, хүчирхэгжүүлэх ялалт" гэж жиргэжээ.
"Украин холбоонд элсэхэд бэлэн биш байна. Тэдний нэгдэл эвсэл болон Унгарт муугаар нөлөөлнө" гэж Виктор Орбан үзсэн байна.
"Бид энд бизнес хийх гэж ирээгүй. Худалдаа наймаа, эсвэл хэлэлцээр хийх гээгүй. Бид зарчмын асуудал ярьж байна. Унгар улс Украин болон бусад асуудлыг өөрсдийнхөө асуудалтай хольж хутгадаггүй" гэж Орбан хэлжээ.
Холбоонд элсэх хэлэлцээ ихэвчлэн 10 ба түүнээс дээш жил үргэлжилдэг. Тухайн нэр дэвшигч улсыг Европын холбооны стандарттай уялдуулахын тулд дүрэм журам, тогтолцооны томоохон шинэчлэл хийх шаардлагатай болдог. Украины тухайд өндөр магадлалтай нэр дэвшигчид тооцогдож буй. Гэхдээ холбоонд элсэхийн тулд засаглалынхаа зарим хэсгийг үндсээр нь өөрчилж, эдийн засаг, засаг захиргаа, хууль зүйн тогтолцоондоо хатуу дүрэм журам хэрэгжүүлэх шаардлагатай хэвээр байна.
Дашрамд дурдахад, Пүрэв гаригт Молдавыг Европын холбоонд элсүүлэх хэлэлцээрийг эхлүүлэхийг мөн зөвшөөрсөн.
Европын холбооны шинэ тусламжийн багцыг 2024-2027 онд Украинд зориулна гэж төлөвлөжээ. Орбан энэхүү багцад хориг тавьсаар байвал Украиныг дэмжигчид дунд хагарал үүсч, Путины магнай тэнийнэ гэж үзэж байна.
АНУ ЦААШИД БҮХНИЙГ ХИЙХГҮЙ
Улс төрийн ширүүн шуурга дунд АНУ болон Европын холбооны дарамт шахалт нэмэгдсээр байна. "Европын аюулгүй байдал эрсдэлд орлоо гээд хэлэхэд хилсдэхгүй. Америкчууд бид Оросыг зогсоохын тулд Украинтай хамтран ажиллахгүй бол Европт дахин томоохон дайн хийхээс өөр аргагүй болно" гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан хэлэв.
Гэхдээ Украинд үзүүлэх нэмэлт тусламжаа баталж буй улс орон ч бий. Тухайлбал, Германы канцлер Олаф Шольц өнгөрсөн Лхагва гаригт Украинд үзүүлэх нэмэлт тусламжаа бараг хоёр дахин нэмэгдүүлж буйгаа зарлав. Ингэснээр тусламжийн хэмжээ ойролцоогоор есөн тэрбум ам.доллар болно.
АНУ ямар нэг байдлаар Украинаас нүүр буруулсан ч Европт тийм боломж байхгүй гэдгийг Италийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал Натали Токчи онцолжээ.
"Ерөнхийлөгч асан Дональд Трамп албан тушаалдаа эргэн ирдэг ч юм уу ямар нэг байдлаар АНУ Украинаас нүүр буруулж болно. Гэхдээ Европт тийм тансаглал байхгүй. Бид ядарч гүйцлээ, оросууд аа та нар дахиад жаахныг ав ав гэж хэлж бид чадахгүй. Бидний тусламж хангалтгүй байлаа ч туслах оролдлогоо зогсоож чадахгүй" гэж тэр хэлэв.
"Америкчуудын өмнө хүндхэн сонгууль хүлээж байна. Тиймээс Европ хариуцлагаа үүрэх ёстой. АНУ цаашид бүх зүйлийг хийхгүй" гэж Германы шинжээч Ульрих Спек мөн хэллээ.
Эх сурвалж: NY TIMES
Холбоотой мэдээ