Сурвалжлага: Бага насныхан ханиалгахгүйгээр 2-3 хоногт хатгаа болж хүндэрч байна

Хуучирсан мэдээ: 2023.12.18-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Бага насныхан ханиалгахгүйгээр 2-3 хоногт хатгаа болж хүндэрч байна

Сурвалжлага: Бага насныхан ханиалгахгүйгээр 2-3 хоногт хатгаа болж хүндэрч байна

Хүйтний улиралд томуугийн тархалт ихэсдэг. Гэвч энэ жил өмнөх онуудтай харьцуулахад томуугийн тархалт их байгаа бөгөөд мөн богино хугацаанд хатгаа болж хүндэрч байгааг Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж буй. Мөн халдварын тархалт ихэсч байгаа учир анхан шатны эмнэлгүүдийг уртасгасан цагийн хуваариар ажиллуулах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс илүүтэй аль болох гэрээр эмчлэх арга зөвлөгөө өгөх зохицуулалтыг эрүүл мэндийн салбар хийж байна. Харамсалтай нь, зохицуулалт хийж, зөвлөгөө өгсөн ч бодит нөхцөл байдал дээр бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хохирч, хүүхдийн өвчлөл огт буурахгүй байгаа гэх. Тиймээс энэ удаагийн сурвалжлагаар дүүргүүдийн өрхийн эмнэлэг, яаралтай түргэн тусламжийн тасгийн ачаалал болон ханиад томуугаар өвдсөн бага насныхан эмнэлгийн байгууллагад хэр их хандаж байгааг онцоллоо.

ЭМНЭЛГҮҮДЭД ОР НЭМСЭН Ч ХҮҮХДИЙН ӨВЧЛӨЛ БУУРАХГҮЙ

НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган, Нийслэлийн эрүүл мэндийн газрын 49 дүгээр долоо хоногийн мэдээгээр амбулаторийн 109 мянга 423 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 9326 тохиолдолд оношлогдсон. Өнгөрсөн 48 долоо хоногтой харьцуулахад эрс өссөн үзүүлэлт гарлаа.Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 57 гаруй хувийг 0-4 насны хүүхдүүд эзэлж байна. ХӨСҮТ-өөс мэдээлж буйгаар сүүлийн долоо хоногт томуугийн тархалт нийслэл болон долоон аймагт улбар шар түвшинд хүрсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлд 2263 орон дээр томуугаар өвдсөн хүүхдүүдэд тусламж үзүүлж байна. Мөн хүүхдийн 1213 ор нэмсэн. Хүүхдийн түргэн тусламжийн дуудлага нэмэгдэж, өнгөрсөн долоо хоногт 3661 дуудлага ирсний 50.1 хувь нь томуугийн дуудлага байна. Эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж, эргэлт удааширсан нөхцөл байдалтай байгаа тул иргэд анхан шатны болон дүүргийн эмнэлэгт хандаж зөвлөгөө авч эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Яаран эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр хүүхэдтэйгээ очсоноор тархалтыг нэмэгдүүлж байна гэв. Нөгөө талд эмнэлгийнхэн өвдсөн хүүхдүүдийг бүр хүндрээгүй тохиолдолд гэрийн нөхцөлд эмчлэх зөвлөгөөг өгч байгаа юм. Харин үүнд эцэг, эхчүүд төдийлөн ам сайтай биш байлаа.
Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны "Хасагт Эрдэнэ" өрхийн эрүүл мэндийн төв. Өглөөнөөс орой хүртэл уртасгасан цагийн хувиараар ажиллаж, амралтын өдрүүдэд ч цаг сунгаад буй. Өдөрт 90-120 хүнд тусламж үзүүлж байгаагаас ихэнх нь бага насныхан.
Өрхийн эмнэлэгт хандаж байгаа хүмүүсийн 70-80 хувь нь ханиад томуу гэх шалтгаантай. Эмч нарын хэлж байгаагаар ханиадны шинж тэмдэггүй, ханиалгахгүй байсан мөртлөө 2-3 хоногт хатгаа болж хүндэрч ирсэн хүүхэд их байна гэлээ. Биднийг очиход өрхийн эмнэлгийн ачаалал харьцангуй баг буюу коридорт ээлжийн эмчийн үзлэгийг хүлээж суугаа гэх 10-аад хүүхэд долоон асран хамгаалагч байв. Эмчээс мэдээлэл авахад, та хэдийн өмнө орж ирсэн хоёр ч хүүхэд шинж тэмдэггүй байж цээж нь шуухитнаатай, хатгаа болсон байна. Гэхдээ эхний ээлжид хэвтэх бичиг хийж өгөхгүйгээр гэрээр эмчлэхийг зөвлөөд эм бичиж өглөө. Гурав хоногийн дараа давтан үзлэгээр ирж үзүүлээд хүндэрсэн тохиолдолд зайлшгүй эмнэлэгт хэвтүүлнэ.
Эмнэлэгт хүүхдүүдийг хүнд биш тохиолдолд хэвтүүлэхгүй байгаа учир нь хэвтэн эмчлүүлж байхдаа халдвар авах эрсдэлтэй. Үүнийг эцэг, эхчүүд төдийлөн ухамсарлахгүй байгаагаас уурлаж, бухимдах эмнэлгийн бичиг өгөхгүй байна гэх нь ч бий.
Эмч нарын хувьд бүтэн ээлжээр, амралтын өдөр ч анхан шатны тусламжийг үзүүлж байна.
ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ ХОЁР ХҮҮХЭД 7, 7 ХОНОГИЙН ЗАЙТАЙ ЭЭЛЖЛЭЭД ХАНИАД НЬ ХҮНДЭРСЭН
Цэцэрлэгийн хүүхдүүд энэ өвөл олноор ханиад хүрч, ирц маш байгааг багш нар хэлж буй. Эцэг, эхчүүд ч хүйтний улиралд харах хүн яаж ийж олж байгаад цэцэрлэгт явуулахгүй гэртээ байлгахыг илүүд үзэж байгаа аж. Гэхдээ харах хүнгүйгээс ханиад томуу их байгаа ч цэцэрлэгт нь хүргэж өгөхөөс өөр сонголтгүй байгаагаа учирлав. Бид өрхийн эмнэлэгт хүүхдүүдээ үзүүлж байсан эцэг, эхчүүдтэй ярилцахад, хүүхдийнхээ ханиадыг эмчлээд 7-10 хоног цэцэрлэгт нь өгөхгүй байж байгаад эдгээд оруулахаар хоёр ч хонолгүй дахин ханиад хүрч байгаа гэсэн юм.
Нэг айлын цэцэрлэгийн насны хоёр хүүхэд 7, 7 хоногийн зайтай ханиад хүндэрч, нэг нь эдгэхээр нөгөө хүүхдээсээ дахин авч байгаа нь эрүүл мэнд, эдийн засагт ч хүндрэлтэй байгааг нэгэн аав ярилаа. Хамгийн гол нь хүүхдүүдийнх нь ханиад эдгэхгүй хүндэрч байгаа нь асуудал.
Хүүхдүүд нь өвдлөө гээд эхнэр, нөхөр хоёрын аль нэг нь ажлаасаа чөлөө авах боломжгүй учир багшаас нь гуйж байгаад ангид нь өгдөг. Амны хаалт, ханиадны эм гээд бүх хэрэгтэй зүйлсийг нь бэлдэхэд өдөрт 20-30 мянган төгрөгийн зарлага гарч байгаа гэв.
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН АЧААЛАЛ 20:00 ЦАГААС ХОЙШ НЭМЭГДДЭГ
Яаралтай түргэн тусламжийн ачаалал их байгаа бөгөөд баасан гариг болон амралтын өдрүүдэд 20:00 цагаас хойш ачаалал эрс нэмэгддэг болохыг эмч нар хэллээ.  Томуу, томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд  үндсэн таван түвшнээс хоёр дахь буюу идэвхжлийн түвшинд байгаа. Харин Булган, Дархан-Уул, Сүхбаатар, Хэнтий аймгуудад дараагийн буюу гурав дахь шатандаа шилжсэн байдалтай байгаа гэсэн юм.

Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгчдийн 5.6 хувь нь томуу, томуу төст өвчтэй. Эмнэлэгт хэвтэж байгаа 8610 үйлчлүүлэгчдийн 22 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай эмнэлэгт хэвтэн үйлчлүүлж байгаа юм.

Вирус судлалын тандалтаар амьсгалын замын синтициальвирус, аденовирус, метапневмовирус хамгийн түгээмэл буюу өндөр хувийн тархалттай байна.

БАЛАРХАЙ ШИНЖ ТЭМДЭГ, ХӨНГӨН  ХАНИАДНЫ ЯВЦАД АМНЫ ХААЛТ Л ЧУХАЛ
Дэлхий нийтэд БНХАУ-ын бага насны хүүхдүүдийн дунд уушигны хатгааны өвчлөл нэмэгдлээ гэдэг мэдээллийг 2023 оны арваннэгдүгээр сарын 13-нд тараасан. Үүнтэй холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэмэлт тодруулгыг хүсэхэд цар тахлын дараагаар амьсгалын замын халдвар, уушигны хатгааны өвчлөл нэмэгдэж байгааг анхааруулж буй. Энэ уушигны хатгаа нь нянгаар үүсгэгддэг.
Насанд хүрэгчдэд шинж тэмдэг нь бүдэг балархай, хөнгөн явцтай байдаг учраас халдвар авснаа мэдэхгүй явж байгаад эдгэрчихдэг болохыг ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
Тийм учраас энэ өвчлөлийг "явдаг хатгаа" гэж нэрлэдэг. Хэрвээ 0-5 насны хүүхдүүд энэ халдвар авбал хүндэрч, эмнэлэгт хэвтэх эрсдэлтэй. Тэр утгаараа дэлхийн улс орнууд бага насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж байгаа эсэхийг хянаж, судалж байна. Энэ удаагийн томуу бусад амьсгалын замын халдвар болон уушигны хатгааны шинж тэмдэгтэй ижил. Хуурай ханиалгана, халуурна, амьсгаадна. Арай жаахан ялгаатай шинж тэмдэг гэвэл хүүхдэд чихний үрэвсэл байдлаар илэрдэг нянгийн халдвар. Эмчилгээний хувьд нянгийн халдвар учраас антибиотек, эм бэлдмэлээр эмчилнэ. Монгол Улсад хангалттай хүрэлцээтэй байдаг антибиотекийг хэрэглэх заалттай. Ямартай ч ханиад томуугийн тархалт өндөр байгаа энэ үед амны хаалтнаас өөр хамгаалалт байхгүйг эмч нар зөвлөж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж