Нийслэлийн Засаг дарга нөөцөөсөө хөрөнгө шийдэж, БНХАУ-аас бодис худалдаж авахаар болжээ. Энэ талаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б. Мөнхцэцэг мэдээлэл өгөхдөө "ОХУ-аас оруулж ирж байгаа тусгай зориулалтын бодис -30 хэмээс дээш хэмд хайлах үйл явц удаашралтай байгаа учраас нийслэлийн Засаг дарга шуурхай арга хэмжээ авч, нөөцөөсөө хөрөнгө шийдэж, БНХАУ-аас тусгай зориулалтын бодис авахаар болж байна. Хятадад тусгай зориулалтын бодис дээд тал нь -45 хэмд хайлах боломжтой байдаг. Ирэх долоо хоногоос худалдан авахаар УБЗАА ажиллаж байна, бэлтгэл ажил хангагдсан. Тээвэрлэлтийн асуудлаа шийдвэл ирэх долоо хоногт -40-45 хэмд хайлах температуртай тусгай зориулалтын бодис орж ирнэ" гэв.
Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:
-Хялмаа унаж байгаатай холбоотойгоор асуудлууд үүсч байна. Гэхдээ хотын хэмжээнд 17 цэвэрлэгээний байгууллага өчигдрөөс эхлэн хариуцсан зам, талбайгаа цэвэрлэж байгаа. Технологийн зарим өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай. -25 градусаас илүү хүйтэрч байгаа тул давс, бодис цацах гэсэн хуучны технологи үр дүнгээ үзүүлэхгүй. Тиймээс бусад улс орноос туршлага судалж, химийн орц найрлага өндөртэй, -40-45 градуст цас мөсийг хайлуулах чадвартай бодисуудыг ашиглах шаардлагатай байна. Явган хүний замыг цэвэрлэсэн ч дахиж хялмаа унаж, халтиргаа үүсгэж байна. Тиймээс явган хүний зам дээр дайрга цацаж эхэлнэ. Энэ мэтчилэн технологийн өөрчлөлтүүдийг хийхээр ажиллаж байна гэдгийг онцолж байв.
Холбоотой мэдээ