Тойм: Сонсголын гэрчүүдийг зарлаж, Б.Ганхуягийн хурлыг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2023.12.17-нд нийтлэгдсэн

Тойм: Сонсголын гэрчүүдийг зарлаж, Б.Ганхуягийн хурлыг хойшлуулав

Энэ долоо хоногт болж өнгөрч буй онцлох үйл явдлыг News агентлаг тоймлож байна.


Х.БАТТУЛГА, А.АДЪЯАСҮРЭН НАРЫГ СОНСГОЛД ГЭРЧЭЭР ДУУДАВ

Нүүрсний хоёр дахь шатны сонсголд оролцогчдын нэрийг баталсан талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Даваа гаригт/2023.12.11/ мэдээлэл хийсэн юм.


Тэрбээр "УИХ-ын нүүрсний хулгайтай холбоотой хэрэг асуудлыг хянан шалгах Түр хороо хуралдлаа. Хоёр асуудлыг хэлэлцсэн. Нэгдүгээрт, 2023 оны арванхоёрдугаар сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулах хоёр дахь үе шатны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд гэрчээр дуудах албан тушаалтнуудын нэрсийг баталлаа. Хоёрт, нэмэлт нотлох баримтуудыг шаардах тогтоолын төслийг баталсан. Түр хорооноос зохион байгуулсан 2023 оны арванхоёрдугаар сарын 4-7-ны өдөр зохион байгуулсан эхний сонсголд "Тавантолгой" ХК болон "Эрдэнэс Тавантолгой" компанитай холбоотой 28 багц асуудлаар нотлох баримт шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт сонсч, холбогдох гэрчүүдээс асуулт асуусан.

Нийт 275 гэрч оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлснээр 221 гэрч буюу 80.4 хувь нь оролцсон байна. Түр хорооны сонсголыг дараах үе шатаар зохион байгуулна.

Тодруулбал, арванхоёрдугаар сарын 18-нд нүүрсний тээвэрлэлтийн С зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар, "Эрдэнэс Тавантолгой" компани болон "Тавантолгой" ХК-ийн тээврийн үйл ажиллагаа, нүүрсний экспорт, үдээс хойш гааль, хилийн цэргийн албан хаагч нартай холбоотой асуудал хэлэлцэнэ гэв. Мөн гэрчээр дуудагдсан Б.Ганхуяг нь 2023 оны арванхоёрдугаар сарын 19-нд таван асуудалд, арванхоёрдугаар сарын 21-нд хоёр асуудалд, арванхоёрдугаар сарын 22-нд хоёр асуудалд гэрчээр оролцох аж.

ОХУ-ААС МОНГОЛД НИЙЛҮҮЛЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ОЙРЫН ХУГАЦААНД ХЯЗГААРЛАХГҮЙ

ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй болсныг Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов мэдэгдэв. Хоёр улсын Засгийн газар хоорондын комисс энэ асуудал дээр цаашид үргэлжлүүлэн ажиллахаар болсон байна. Үүнд Монгол Улсын Засгийн газар шаардлагатай бүхий л арга хэмжээг авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт даалгажээ.

Албаныхны мэдээллээр Сибирийн Галуут нуурын станцын хоёр блокын засвар дуусаагүй гэдэг шалтгаанаар ОХУ-аас Монголд нийлүүлдэг эрчим хүчийг хязгаарлахаа мэдэгдсэн. Тодруулбал, ОХУ-аас Монгол Улсад нийлүүлдэг 345 МВт цахилгаан эрчим хүчийг 150 МВт болгон  хязгаарлахаа мэдэгдсэн талаар Эрчим хүчний Б.Чойжилсүрэн мэдээлсэн юм.

Тодруулбал, ОХУ-ын эрчим хүчний экспортын "Интер РАО" компани аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Евразийн эдийн засгийн холбооны гишүүн бус улсуудад нийлүүлэх үнэ тарифаа өсгөнө гэдгийг тус улсын эх сурвалжууд мэдээлж эхэлсэн.  Тус компани үнэ өсгөх саналаа Монгол, Азербайжан, Хятад, Өмнөд Осет, Гүрж улсуудад тавьсан байна. Саналыг хүлээн зөвшөөрөхгүй бол нийлүүлэлтээ хязгаарлах, цаашлаад бүрмөсөн зогсоохыг анхааруулж байв. Монгол Улс шинэ тарифыг хүлээн зөвшөөрсөн тул нийлүүлэлт үргэлжилж байгааг "Интер РАО" компанийн төлөөлөгч 2023 оны аравдугаар сард мэдээлсэн байдаг.

"ХЯТАДААС ШАТАХУУН ИРТЭЛ ХОЁР ХОНОГ ТЭСЧИХ"

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Лхагва гаригт тайлбар хийсэн юм.


Тэрбээр "Асуудлаа шийдэж байна. Та нар ОХУ-д юу болж байгааг сайн ойлгож байгаа шүү дээ. Уул уурхайн яам бэлтгэлтэй байсан уу гэдгийг сайн шалгаарай гэж хэвлэл мэдээллийнхнээсээ байнга хүсч ирсэн. Ес, найм, долдугаар сард дизель түлш болоод шатахууны агуулах сав дүүрсэн. Маш сайн татан авалт хийсэн. Энэ бол бэлтгэл ажлаа хангасан гэсэн үг. Өнгөрсөн Ням гаригт АИ-92 шөнөдөө дууссан. Даваа гаригт шатахуун түгээх станцуудын 70 хувь нь "хоосон" байсан бол 40 хувь нь ажиллаж байна.

Ард иргэддээ хандаж хэлэхэд, АИ-92 дээр бол тайвшраач ээ, үнэ өсөхгүй гэдгийг хэлье. Шатахуун түгээх станц дээр оочерлож байгаа иргэдийн 70 хувийнх нь автомашины бензин дуусчихсан байна.

Харин 30 хувь нь машиныхаа  банкны талаас илүү шатахуунтай хэрнээ дугаарлаж байна. Банкныхаа талаас илүү хувьд бензин, шатахуунтай хүмүүс битгий ШТС дээр дээр оочерлоод бай, бусаддаа боломж олго.  Бүх хүн банкаа дүүргэнэ гэвэл ачаалал ямар болох вэ гэдгийг ойлго.  Нийлүүлэлт буухгүй, үнэ өсөхгүй. Монголд нийлүүлэлт тасалдахгүй, үнэ өсөхгүй гэдгийг энэ цаг хугацаа харууллаа. Дизель түлш гэхэд Хятадаас евро-5 ангиллын түлш хангалттай орж ирж байна, зарагдана. Хятадаас 6000 тонн түлш бууж байна. Бага зэргийн үнэтэй" гэв. Гэсэн ч жолооч нар 40-60 минут шатахуун худалдан авахаар дугаарласан хэвээр байгаа юм.

Б.ГАНХУЯГ, Т.АЮУРСАЙХАН НАРЫН ШҮҮХ ХУРЛЫГ ДАХИН ХОЙШЛУУЛАВ

Шүүх бүрэлдэхүүн Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хэлэлцээд арванхоёрдугаар сарын 27-ны 10:00 цагт товлож, дахин хойшлуулах шийдвэрийг гаргасан юм.

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүх хурал Лхагва гаригт /2023.12.13/ 10.00 цагаас эхэлсэн боловч дахин хойшлууллаа. "Нүүрсний" гэх тодотголтой хэрэгт Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнийг Авлигатай тэмцэх газраас шалган, хэргийг нь өнгөрсөн наймдугаар сард прокурорт шилжүүлснээр шүүхэд шилжсэн юм.

Ж.ГАНБААТАРЫГ ОГЦРУУЛАХ ШААРДЛАГЫГ ЕРӨНХИЙ САЙД ХҮРГҮҮЛЛЭЭ

АН-аас цаг үеийн асуудлаар долоо хоногийн Пүрэв гариг бүр хийдэг 4/11 мэдээллийн цагаар цаг бензины хомсдол, нүүрсний сонсголыг хөндлөө.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.ГАНИБАЛ:

-УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарыг огцруулах асуудлыг хөндсөн. Тухайн үед Ж.Ганбаатар сайд дөрөв хоногийн дотор шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгоно гэж амласан. Харамсалтай нь, өнөөдөр шатахууны нийлүүлэлт хэвийн болсонгүй. Салбарын хариуцсан сайдын буруу мэдээллээс болж, ард иргэд асар их хор хохирол амссан.  Хөдөө орон нутагт өвөлжилт хүндэрч байна. Шатахуунгүйн улмаас намаржаанаасаа өвөлжөө рүүгээ  нүүж байсан иргэний амь эрсэдсэн тохиолдол байгаа. Цаашид ийм нөхцөл давтагдах аюул бий. Бид огцруулах шаардлагаа өнөөдөр Ерөнхий сайд хүлээлгэн өгсөн гэв.

АН-ЫН ДЭД ДАРГА Ч.ӨНӨРБАЯР:

-Нүүрсний хулгай хаана гарсан, тэр газраа сонсгол хийх гэж байна. Тавантолгойн ордын 95.5 хувийн баялаг нь төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ногдож байгаа. Жижиг гэж яриад байгаа “Тавантолгой” ХК-д 0.4 хувь, үлдсэн 4.1 хувийг нь “Энержи ресурс” ХХК-д эзэмшдэг.  “Тавантолгой”, “Энержи ресурс” гэсэн хоёр компани дээр хулгай гарах боломжгүй. Хувьцаа нь ил тод байдаг компаниуд. Хэн эзэмшдэг нь тодорхой. Дээрээс нь ногдол ашиг нь хэнд очиж байгаа зэрэг тодорхой. Хулгай, авлига хаана гардаг гэхээр төрийн өмчит компаниуд дээр л гардаг.     Тавантолгойн ордын 95.5 хувийг  эзэмшиж байгаа төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр гарсан хулгайг бид шалгаж, нягтлах ёстой. Улстөрчид, дарга нар ганц утас цохиод тэнд нөлөөлөх боломжтой байсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай мөнгө энэ эрх баригч нарын сонгууль руу орсон гэдэгт эргэлзэхгүй байна. Алдартай 40 их наяд төгрөг хаашаа орсон бэ гэдэг асуудал байгаа. Ирэх долоо хоногоос эхлэх “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний хулгайн асуудлыг бид анхаарах ёстой. Сонсголд дуудагдсан хүмүүсийг харвал, дандаа эрх баригч намын дарга, төрийн сайд нар байна. Нүүрсний сонсголын гол хүн Б.Ганхуяг гэдэг нөхрийг заавал оролцуулах ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж