Бээжин хотод оргил ачааллын үеэр хоёр метро мөргөлдсөний улмаас 500 гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ. Осол Пүрэв гаригт орон нутгийн цагаар 19:00 цагийн үед болсон байна. Чанпин шугамаар давхиж явсан метронууд их цасны улмаас хоорондоо мөргөлджээ.
Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсээс 423 нь гэртээ гарсан. Мөн 102 хүний яс хугарсан байна. 67 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 25 хүн ажиглалтад байна.
Бээжингийн тээврийн сүлжээнд ийм осол гарах нь ховор. Гэвч цасан шуурганы улмаас зам халтиргаа гулгаатай болжээ. Цаг агаарын таагүй байдлын улмаас эхний галт тэрэг гэнэт тоормослож, улмаар хоёр дахь араас нь ирж мөргөсөн байна. Ослын улмаас эхний галт тэрэгний сүүлийн хоёр вагон салжээ.
Цахим сүлжээнд нийтлэгдсэн зураг бичлэгээс харахад хүмүүс яаралтай тусламжийн алх ашиглан, метроны цонхыг хагалан гарч ирж байв.
Энэ үйл явдал хятадуудын дургүйцлийг төрүүлжээ. "Бээжингийн метронд засвар үйлчилгээний ажилтан гэж байдаггүй юм уу? Тогтмол хяналт шалгалт байхгүй юу? Бид олон 100 хүний амь насанд хэтэрхий хөнгөн хуумгай хандаад байх шиг" гэж нэгэн хүн сэтгэгдлээ бичжээ.
Бээжингийн метроны компаниас уучлал гуйсан бөгөөд гэмтсэн хүмүүсийн эмчилгээний зардлыг даана гэж мэдэгдсэн. Мөн цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан үзэж галт тэрэг хоорондын зайг уртасгах, гар аргаар жолоодох гэх мэт үүрэг чиглэл өгчээ.
Эх сурвалж: BBC