"NEWS" агентлаг энэ долоо хоногт уригдсан зочдынхоо ярилцлагыг тоймлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энболдтой ярилцлаа.
-Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт болоод Сонгуулийн тухай хуулийн дагуу ирэх хоёрдугаар сарын 01-ний өдрөөс өмнө сонгуулийн тов болоод тойргоо тодорхой болгох ёстой. Энэ ажлыг Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-д өргөн барих учиртай. Энэ ажил ямар шатандаа явна вэ?
-Сонгуулийн тов ,тойрог тодорхой болгохоос өмнө СЕХ-ноос сонгогчдын тоог хамгийн сүүлийн байдлаар авч, өмнө нь явуулж байсан судалгаанууд, одоо байгаа нөхцөл байдлын талаар мэдээллүүдийн талаар саналыг нь авдаг. Одоогийн байдлаар СЕХ-ноос саналаа ирүүлэх тухай бичиг хараахан явуулаагүй байна. Ойрын хугацаанд ТББХ-ноос явуулна. Ер нь тойрог, мандатаа яаж хуваарилах нь улс төрийн намууд, УИХ өөрөө шийддэг асуудал. СЕХ-ноос бол ерөнхийд нь саналыг нь сонсож болно. Улс төрийн намуудтай бол тодорхой хэмжээгээр зөвшилцөх шаардлага гардаг. Ялангуяа УИХ-д суудалтай намуудын хувьд энэ талаар намын удирдлагуудтай хоорондоо ярилцаж, санал солилцож байгаа болов уу гэж бодож байна. ТББХ-н дээр албан ёсоор санал орж ирээгүй болохоор нарийн тодорхой хэлэх зүйл алга. Сүүлийн үед зарим гишүүд тойргийн талаар саналууд гаргаж эхэлж байна.
Ер нь бид Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулчихсан. Мөн Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуульдаа өөрчлөлт оруулчсан. Энэ бүхний эцсийн зорилго юу байсан юм гэхээр зүгээр л нэг УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай асуудал биш шүү дээ.
УИХ-ын явуулж байгаа үйл ажиллагаа, тэндээс гарч байгаа бодлого шийдвэр улс орны, улс төрийн, нийгмийн, эдийн засгийн асуудлуудыг яаж шийдвэрлэж байвал зохистой вэ гэдэг талыг нь бодож, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаалах, парламент засаглалыг бэхжүүлэх энэ бүх үзэл баримтлалын хүрээнд Үндсэн хуульд бас нэмэлт өөрчлөлтүүд хийгдсэн. Ер нь бол ямар нэг шийдвэр гаргасан бол дараагийн шийдвэрүүд нь яг логик дарааллаараа тэрэндээ зохицоод явж байх ёстой шүү дээ. Түүнээс биш нэг хууль баталж гаргачихаад дараа нь тэр хуулийнхаа анхны үзэл баримтлалаас зөрчсөн шийдвэрүүд гараад байвал шинээр тулгамдсан шийдвэрлэхэд хүнд асуудлуудыг л бий болгоно. Анх батлагдсан суурь хуультайгаа зөрчөөд олигтой юм болохгүй.
Тиймээс бид нарын барьж байгаа ерөнхий зарчим бол нэгэнт том зорилго тавиад Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулчихсан бол түүнийг дагасан дараа дараагийн алхмуудыг хийх ёстой.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2691271/ линкээр орж унших боломжтой.
“Эмэгтэйчүүд урт улс төр хийе гэвэл шуналгүй байх хэрэгтэй”
УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролтой эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны эргэн тойронд ярилцлаа.
-Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог идэвхтэй ярьдаг боллоо. Төрийн шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш харьцааг хадгалахын ач холбогдол юу вэ?
-Сүүлийн 20 гаруй жил эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлье гэж улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудаас маш их хэмжээний хүчин чармайлт гаргасан. Олон улсын байгууллагуудын зүгээс тусламж, зөвлөгөө үзүүлсний дүнд өнөөдөр УИХ-ын сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиар тогтоосон дэвшил гараад байна. Эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг ингэж баталгаажуулсан нь том амжилт. Энэ бол улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагууд болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүн. Үр дүн, амжилтаа бататгах нь зөвхөн эмэгтэйчүүдээс өөрсдөөс нь шалтгаална.
-Тухайлбал, эмэгтэйчүүдээс юу шаардах бол?
-Үеийн үед аль ч улс төрийн нам эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлж ирсэн. Нийт нэр дэвшигчдийн 20 гаруй хувь нь эмэгтэй нэр дэвшигчид байсан. Зарим цаг үед сонгогчдын боловсролын түвшинд эмэгтэй улстөрчдийг төрд төлөөлөх эрхтэй гэдэгт хандлага муу байсан үе бий. Тэр нь зан заншил, эцгийн эрхэт ёс ноёрхож байсан уламжлалаас үүдэлтэй. Төрд олон эмэгтэй байх шаардлагагүй гэдэг ч юм уу хандлага байсан. Энэ хандлага аажим аажмаар суларсаар өнөөдөр эмэгтэйчүүдийн төрийн шийдвэр гаргах түвшинд ажиллах хэрэгтэй гэдэг олон нийтийн хандлага бий болж эхэлж байна. Энэ хандлага хэр бодитой вэ гэдгийг ирэх 2024 оны сонгууль харуулна. Яг эмэгтэйчүүд сонгуульд нэрээ дэвшүүлээд явахаар эмэгтэй гэдгээр нь сонгож, толгойг нь илнэ гэсэн ойлголт байхгүй. Эрчүүдээс илүү хатуу шаардлага тавьж, илүү өндөр ёс зүйн хариуцлага шаарддаг. Энэ хандлагыг давж гарч байж л эмэгтэйчүүд төрд олон нийтийн төлөөлөл болж чадна.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2692105/ линкээр орж унших боломжтой.
"Монгол Улс төсвөө тэлсээр байвал дефолт зарлах эрсдэлтэй"
УИХ-ын нэгдсэн чуулганаар ирэх оны буюу Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсөв батлагдсантай холбоотойгоор Эдийн засгийн ухааны доктор, эдийн засагч Д.Амгалантай ярилцлаа.
-2024 оны төсөв батлагдлаа. Энэ удаагийн төсвийг хөндлөнгийн шинжээчид бол сонгууль угтсан амлалтын төсөв боллоо гэж дүгнээд байна. Таны хувьд хэрхэн дүгнэж байна?
-Төсөв бол өндөр өртөг шингэсэн концесс, эрэмбэлэгдээгүй төсвийн хөрөнгө оруулалт, эрх мэдлийн шагнал болсон төсвийн гадуурх тусгай сан, ашиггүй төрийн өмчит компанийн санхүүжилтийн хэрэгсэл бус, төр өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор тухайн жилд өөрийн мэдэлд хуримтлуулан, хуваарилж зарцуулах мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын төлөвлөгөө юм.
Гэвч сүүлийн жилүүдэд төсвийн дээрх үндсэн чиг үүрэг алдагдсан, 2024 оны төсөв ч мөн адил нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын эрэмбэд бус үрэлгэн, цар тахлын дараа, гадаад орнуудын дайн, эдийн засгийн тэмцэл бүхий энэ цаг үеийн бус маш их тэлсэн , ард олны ахуй амьдралд дэм бус бус шавар, цементэд, баялаг бүтээгчид, эдийн засгийг авч явдаг хэсэгт бус хөшөө дурсгалд, санхүү-эдийн засгийн шийдэлд бус эрх ямбанд зориулсан төсөв батлагдлаа гэж харж байна.
Төсвийн тэнцлийг сайжруулахын тулд УИХ-аар оруулж ирж хэлэлцдэг ч ахиц байхгүй байсаар байгаа нь хачирхалтай. Улс орны эдийн засгийн байдлыг гэхээс илүүтэй улс төрийн ашиг сонирхлын үүднээс, албан тушаал, эрх мэдлийн хүч түрсэн үйл явц гэдэг нь тодоос тод харагдаж байна.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2685673/ линкээр орж унших боломжтой.
"Хүүхдийн дархлааг сайжруулдаг тусгай эм бэлдмэл гэж байхгүй"
ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаагаа ханиад томуугийн өвчлөлийн талаар тодрууллаа.
-Бага насны хүүхдүүдийн ханиад хүндэрч, маш хурдан хатгаа болж байгааг эцэг эхчүүд хэлж байна. Тэр дундаа нярай хүүхдийн ханиад хурдан хүндэрч байна уу?
-ЭХЭМҮТ-ийн Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасагт уушгины хатгалгаагаар өвдсөн хүүхдүүд хэвтэн эмчлүүлж байгаа. Эдгээрийн 24 орчим хувийг томуу томуу төст өвчний шинж тэмдэгтэй хүүхдүүд эзэлж байна. Нярай үедээ уушгины хатгалгаагаар хүндрэх эрсдэл ажиглагдаж байна. Мөн суурь, хавсарсан эмгэгтэй буюу тархины саажилт, зүрхний гажигтай, тураалтай, цус багадалттай бага насны хүүхдүүд хүндрэх эрсдэл өндөр байна. ХӨСҮТ-ийн Тандалтын албаны мэдээллээр гадаад орчилд томуугийн А вирус /H3N2/, SARS-CoV-2 вирус зэрэг олон төрлийн вирус идэвхтэй байна. Тиймээс хүүхдүүдэд эмнэл зүйн шинж тэмдэг харилцан адилгүй илэрч байгаа. Зарим хүүхдэд ханиад томуугийн шинжээр илэрч байхад зарим нь бөөлжиж, суулгаж, толгой нь өвдөж байна.
Эмч нарын зүгээс бага насны хүүхдээ олон нийтийн газар дагуулж явахгүй байх хэрэгтэй.
Өсвөр насны хүүхдүүд эмнэлэг, сургууль, үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ амны хаалтыг тогтмол зүүж, ханиадтай хүнээс зай барьж, гараа ариутгаж, угаах шаардлагатай. Эцэг эхчүүд хүүхдийнхээ дархлааг хэрхэн сайжруулах вэ гэж их асуудаг. Хүүхдийн дархлааг сайжруулдаг тусгай эм бэлдмэл гэж байхгүй. Харин хүүхдээ маш сайн асарч сувилах хэрэгтэй. Хүүхдээ хэт дааруулахгүй, хэт халууцуулахгүй, насанд нь тохирсон хоолоор зөв хооллож, сайн унтуулж, амраах хэрэгтэй.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2691582/ линкээр орж унших боломжтой.
Холбоотой мэдээ