Холбооны мөрдөх товчооны өндөр албан тушаалтан асан Чарльз МакГонигал Оросын тэрбумтан Олег Дерипаскад ажиллаж байхдаа АНУ-ын хориг арга хэмжээг зөрчиж, мөнгө угаасан хэргээр дөрвөн жил хоёр сарын хорих ял авчээ.
55 настай Чарльз МакГонигал нь Нью-Йорк дахь Холбооны мөрдөх товчооны тусгай агент байсан. Тэрбээр гадаадын тагнуулчдыг устгах ажлыг удирдаж байв. Албан үүргийн хүрээнд тэр Дерипаска зэрэг Оросын олигархиудын мөрдөн байцаалтыг удирдаж байжээ.
Тэрбээр 2018 онд тэтгэвэртээ гарсан. Үүнийхээ дараа тэрбумтан Олег Дерипаскагийн удирдлага дор ажиллах болсон.
МакГонигал Холбооны мөрдөх товчоонд 22 жил ажилласан. Энэ хугацаандаа 230 хүний аминд хүрсэн “TWA 800” онгоцны осол, Танзани, Кени дэх АНУ-ын элчин сайдын яаманд бөмбөг дэлбэлсэн хэрэг зэргийг мөрдөн шалгаж байв.
Шүүх бүрэлдэхүүн түүнийг АНУ-ын тагнуулын хамгийн өндөр албан тушаал хашиж байсныг онцлоод, үндэсний аюулгүй байдалд маш их эрсдэл учруулсан үйлдэл хийсэн гэж буруутгажээ. Гэхдээ түүний урт удаан үргэлжилсэн, нэр хүндтэй карьер болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзээд харьцангуй бага ял оноосон байна.
Эх сурвалж: BLOOMBERG
Холбоотой мэдээ