Цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 6-7 хувиар тогтмол өсч байгаа аж. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгаан эрчим хүчний оргил ачаалал 2021 онд 1387 МВт хүрсэн. Цаашид жил бүр 100МВт орчмоор өсч, 2025 оны түвшинд 1680 МВт хүрэх төлөвтэй байна. Төвийн бүсийн хэмжээнд 2021 оны арванхоёрдугаар сард системийн оргил ачааллын чадлын 12.4 хувийг буюу 172 МВт чадлыг ОХУ-аас худалдан авсан. Монгол Улс эрчим хүчний нийт хэрэглээний 20 хувийг импортоор хангадаг гэдгийг албаныхан онцолж буй. Эрчим хүчний хэрэглээний талаар Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн инженер С.Тэмүүлэнгээс тодрууллаа.
Тэрбээр "Эрчим хүчний салбарын чухал үзүүлэлт бол тухайн өдрийн оргил ачаалал байдаг. Өнөөдрийн эрчим хүчний оргил ачаалал оройн 18:00-19:00 цагт гарна. Өчигдрийн хувьд буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 14-ний 18:00 цагт оргил ачаалал 1589 МВт байсан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад их ачаалал 139 МВт, бага ачаалал 143 МВт-аар өссөн.
Одоогийн байдлаар ОХУ-аас импортлох цахилгаан эрчим хүчинд хязгаарлалт тавиагүй байна. Бид төлөвлөсөн горимынхоо дагуу импортын эрчим хүчээ авч байгаа.
Эрчим хүчний салбар өвлийн горимд шилжин, бүх станц бэлтгэл, нөөц тоноглолгүй бүрэн хүчин чадлаараа хүнд нөхцөлд ажиллаж байна. Хэрвээ ОХУ-аас импортлох цахилгаан эрчим хүчний хэмжээнд тодорхой хязгаарлалт тавьбал найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах үүднээс хөнгөлөлтийн тусгай хөтөлбөр гэж байдаг. Зайлшгүй шаардлага үүсвэл тэр хөтөлбөрийн дагуу ажиллана. Хэрэглэгчдэдээ урьдчилан мэдээлж, тодорхой цагуудад тодорхой хэмжээний цахилгаан хязгаарлаж ажиллах нөхцөл байдал үүснэ. Эрчим хүчний салбар өндөр хариуцлагатай салбар учраас байнгын бэлэн байдалд ажилладаг" гэсэн юм.
Жилээс жилд эрчим хүчний салбарын санхүүгийн алдагдал нэмэгдэж байгааг албаныхан мэдээлсэн. Энэ оны байдлаар 240 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллана гэдэг тооцоолол бий.
Эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, эдийн засаг өсч тэлж байгаа ч бид дотоодын эх үүсвэрээ барьж чадаагүйгээс болоод хэрэглээний өсөлтийг импортын эрчим хүчээр хангаж байгааг салбарынхан хэлж буй юм.
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх өнгөрсөн есдүгээр сард "Өвлийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу бүрэн хэрэгжүүлсэн. Бүх хэрэглэгчдэд цахилгаан, дулаанаар хангаж байна. Дотоодын эх үүсвэрүүд ямар нэгэн нөөц тоноглолгүйгээр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. Ямар нэгэн гэмтэл саатал гарвал гэмтэл гарсан тоноглолын хэмжээгээр хэрэглээг хязгаарлах эрсдэлтэй нөхцөл байдалд ажиллаж байна. Олон улсын жишгээр 20 орчим хувийн нөөцтэй байх ёстой. Нөхөж, орлуулж ажиллуулах ёстой. Гэтэл ийм нөөцгүй байгаа" гэдгийг хэлж байв.
ТӨВ АЙМАГТ БАЙРЛАХ БӨӨРӨЛЖҮҮТИЙН ЦАХИЛГААН СТАНЦ 2024 ОНД АШИГЛАЛТАД ОРНО
Засгийн газрын төлөвлөгөөнд дотоодын хэрэглээгээ эх үүсвэрээс бүрэн хангахаар 11 станц барихаар ажиллаж байна. Сэргээгдэх болон уламжлалт нүүрсний эх үүсвэртэй технологиуд ч бий. Хамгийн ойрын хугацаанд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа Төв аймгийн нутагт байрлах 300 МВт-ын хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станц. Энэ эх үүсвэр 2024 оны өвлөөс өмнө ашиглалтад орохоор барилгын ажил үргэлжилж байна.
"Тавантолгой" дулааны цахилгаан станцын гүйцэтгэгч компани шалгарч, 3-4 жилийн дараа ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна. Шинэ эх үүсвэрүүд дор хаяж 3-5 жилийн дараа ашиглалтад орох учраас өнөөгийн нөхцөл байдал тулгамдсан асуудал болоод байгааг салбарынхан онцолж байгаа юм.
Холбоотой мэдээ