Украинд үргэлжилж буй бүрэн хэмжээний цэргийн ажиллагаанд ОХУ анхны зорилгодоо хүрэхээс нааш дайн зогсохгүй гэдгийг Кремлийн тэргүүн Владимир Путин мэдэгджээ. Тэрбээр 2022 оны хоёрдугаар сард хөрш Украинд довтолсноос хойших анхны томоохон хэвлэлийн хурлаа арванхоёрдугаар сарын 14-нд хийсэн. Энэ үеэрээ Путин дайн хэзээ дуусахыг асуусан оросуудад доорх хариултыг өгчээ.
Путин хэлэхдээ, "Бид зорилгодоо хүрэхээс нааш энх тайван тогтохгүй. Тэдгээр зорилго огтхон ч өөрчлөгдөөгүй. Украиныг нацизмаас цэвэрлэх, цэрэггүйжүүлэх" гэж мэдэгдсэн байна.
Харин дахин цэрэг татлага явуулах талаар асуухад Путин одоогоор ийм алхам хийх шаардлагагүй байна гэж хариулжээ. Гэсэн ч Путин оны эцэс гэхэд Оросын армийн бие бүрэлдэхүүнийг 500 мянгад хүргэх хангалттай хүн хүчтэй гэж мэдэгдсэн байна. Дайны эхний жилд Орос ихээхэн хохирол амссан тул Москва өнгөрсөн намар "хэсэгчилсэн" цэрэг татлага зарласан. Кремлийн мэдээлснээр эдгээр хүчин чармайлтаар 300 мянган шинэ цэрэг татагдсан байна. Харин АНУ-ын тагнуулын албаны энэ оны арванхоёрдугаар сарын 12-ны тайланд дурдсанаар Орос улс дайн эхлэхээс өмнө байсан цэргийн хүчнийхээ 90 хувийг алдсан гэж мэдэгджээ.
Путин дайны ирээдүйн нөхцөл байдлыг өөдрөгөөр илэрхийлж, барууны орнууд Украинд үзүүлэх тусламж хойшлогдож байгааг онцолжээ.
"Украин бараг юу ч үйлдвэрлэдэггүй; бүх зүйл баруунаас ирдэг, гэхдээ үнэгүй хүргэлт хэзээ нэгэн цагт дуусна, энэ нь аль хэдийн болж байна" гэж Путин хэлэв.
АНУ-ын Бүгд найрамдах намын зарим хэсэг эсэргүүцэж, төсөвтэй холбоотой санал зөрөлдөөний улмаас 61 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт Конгресст гацсан хэвээр байгаа тул Украинд үзүүлэх Вашингтоны дэмжлэг дуусч байна. Европын холбооноос олгох дөрвөн жилийн хугацаатай 54 тэрбум ам.долларын санхүүжилтийн багцыг Унгарын ерөнхий сайд Виктор Орбан мөн саатуулаад байна.
ЭХ СУРВАЛЖ: THE KYIV INDEPENDENT