УИХ-ы чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар:
Монгол Улс, Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 10 гишүүн 2022.03.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
Үүдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын Монгол орны ойн сангийн төлөв байдал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэмжээний талаар мэдээллийг сонсоно.
"Засгийн газрын 10 сайдыг солих цаг болсон"
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын Монгол орны ойн сангийн төлөв байдал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэмжээний талаар мэдээллийг сонсож байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ гишүүдийн асуултад хариулж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Ерөнхийлөгч тэрбум мод тарина гэдэг санаачилга гаргасан. Гэтэл ажил та нар дээр ирэхээр л унаад байх юм. Өнөөдрийн байдлаар яг хэдэн мод тарьсан бэ. Ер нь Засгийн газрын 10 сайдыг солих цаг болсон. Орон нутаг удирдаж байсан Ж.Батжаргал, Г.Ганболд, Б.Жаргалмаа нар байна. Эдийн засаг мэддэг доктор Б.Баттөмөр гишүүн бас байна. Ерөнхий сайд хэнтэй ч хариуцлага тооцож чадахгүй байна. Та Баянхонгорт хурал хийлээ гэж ярьж байна. Хурал чинь арай хэтэрлээ. Үр дүн байхгүй. Баянхонгорт хэдэн мод тарьсан юм. Хэрэгтэй хэрэггүй хурал хийж хэдэн төгрөг үр байхын оронд хэдэн мод тарьсан бэ. Намар болохоор хэдэн дарга нар гараад, мод тарьж байна гэж жүжиг тавьдаг. Тэр нь ургадаггүй. Энэ Улаанбаатарын Богд уул уг нь дархан цаазтай газар. Танай намынхан л суваг болгонд нь авлигын мөнгөөр байшин босгож байна шүү дээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:
-2021 оноос эхэлсэн Тэрбум мод хөдөлгөөн 41.5 сая мод тарьж ургуулсан дүгнэлт байгаа. 2023 онд 63.7 сая тарьц суулгац бэлтгэсэн. Баянхонгор аймагт 325,408 мод тарьж ургуулсан байна. Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь тодорхой хэмжээний цөлжилтөд нэрвэгдсэн. Нэн хүчтэй болон хүчтэй цөлжилтөд өртсөн талбайн хэмжээ 21.3 хувьтай байгаа. Тэрбум мод хөдөлгөөний нэгдүгээрт тавьж байгаа зорилго бол ногоон бүсийг хамгаалах байдлаар ажиллаж байна. Та дархан цаазат газар буюу Богдхан уулын асуудлыг хөндлөө. Энд бол танай, манай нам гэж хэлэлтгүйгээр улс төрийн албан тушаал хашиж байсан нөхдүүд дүүрэн байгаа. Шаардлагатай гэвэл, би танд мэдээллийг нь гаргаж өгч болно. 2023 онд нэг ч газар олголт хийгээгүй.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Хот, хөдөө аль алинд нь ногоон байгууламж байхгүй. Монгол Улсын газар нутгийн 70 гаруй хувь нь цөлжсөн. Ирэх жил гэхэд бараг 90 хувьд хүрнэ биз. Уул уурхай холбоотой хэдэн асуулт тавъя. Баянхонгор аймагт Их говийн дархан цаазат газар гэж байгаа. Тэр газрын наана нүүрс алт олборлоно гээд замаа тавиагүй байж олон машин явж байна. Говийн эмзэг экологийн системийг үгүй хийж байна. Ямааны бэлчээр талхлагдаж байхад, тэр талаар малчдаас асуудал Засгийн газар, дарга нар байхгүй болжээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:
-Монгол Улс эдийн засгаа сэргээх бодлого явуулж байгаа. Өнөөдөр улсын эдийн засгийн томоохон үзүүлэлтүүд уул уурхайгаас хамааралтай. Бид хариуцлагатай уул уурхайтай хэрхэн зэрэгцэн орших вэ гэдэг асуудал өнөөдөр явж байна. Бид өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Бэлчээр ноолууртай холбоотой асуудалд хариулахад, Монгол Улс 71 малтай. Үүн дотроо 30 сая ямаатай. Өвс ургамал үрээ цацаж чадахгүй хэмжээнд очсон байна. Малын бэлчээр талхлагдаж байгаа. Цаашдаа мал аж ахуйн хосолмол хэлбэр рүү орохгүй бол ямар ч бэлчээргүй болно.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Тэрмод мэтийн том хөдөлгөөний цаана эдийн засгийн утгаа зөв тодорхойлохгүй бол баахан хандив тусламж болдог. Эдийн засгийн утгаараа тарьснаараа ашигтай эсэхийг бодохгүй бол болохгүй. Мод тарина гэдэг чинь шинжлэх ухааны утгатай. Энэ модыг тарьснаар эдийн засгийн хувьд яг ямар ашиг тустайг хэлээд өгөөч.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:
-Тэрмод үндэсний хөдөлгөөний үндсэн агуулга нь өөрөө эдийн засаг. Хүлэмжийн хийн ялгарлын зах зээл өөрөө 230 тэрбум ам.долларт хүрчихсэн. Монгол Улс үүнд хэрхэн оролцох вэ гэдэгтэй холбоотой асуудал. Тэрбум мод хөдөлгөөн нь цаанаа тэрбумаар тоологдох ам.долларын асуудал
"Чихэртэй ундаа халдварт бус өвчний гол шалтгаан болж байна"
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар чихэр ундааны татварыг нэмэгдүүлэх буюу Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл –төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:
-Өнөөдөр бид маш чухал хуулийн төсөл хэлэлцэх гэж байна. Эмэгтэй гишүүд ард иргэдийнхээ, тэр дундаа хүүхэд залуучуудын эрүүл мэндийг хамгаалахын тулд хийжүүлсэн болон хийжүүлээгүй амтанд ундаанд Онцгой албан татвар ногдуулах хуулийн төсөл боловсруулсан. Чихрийн хэрэглээ хэтэрч, хүн амын өвчлөлийн суурь шалтгаан болж байгааг эрүүл мэндийн байгууллага судлаачид тогтоосон. Судалгаагаар сургуулийн сурагчдын 80.9 хувь нь чихэртэй ундааг долоо хоногт нэгээс дээш удаа хэрэглэдэг нь эрүүл бус хүнсний хэрэглээ түгээмэл байгааг илтгэж байна. Чихэрлэг ундаа ямар ч шимт бодисгүй боловч өндөр илчлэг өгч, зүрх судасны өвчлөл, таргалалт, чихрийн шижин, шүд цооролт зэрэг халдварт бус өвчний гол шалтгаануудын нэг болж байгаа. Жишээ нь, 18 хүртэлх насны хүүхдүүдийн 96 хувь шүд цоорох өвчлөлтэй. 15 хүн тутмын нэг нь чихрийн шижин өвчинтэй байна. Энэ цаг үед ийм чухал хууль хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
-Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Үйлдвэрлэгчид нэлээн эмзэг хандаж байгаа. Зарим улстөрчийн зүгээс ч татварын асуудалд гишүүд оролцох хэрэггүй гэж хэлээд байгаа. Бид татварын асуудал яриагүй. Үйлдвэрлэгчид болон импортлогчид бүтээгдэхүүнийхээ чихрийн агууламжийг үр хүүхдүүдээ хордуулахгүй байх хэмжээнд оруулаад ир гэдэг асуудлыг хөндөж байгаа. Тийм байвал татвар нэмэх асуудал яригдахгүй. Энэ бол татварын асуудал биш. Үр хүүхдүүдийн маань ирээдүйн эрүүл мэндийн асуудал. Илүүдэл жин өөрөө өвчний гол шалтгаан.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:
-Хуулийн төслийн зарчмыг дэмжиж байна. Санал хэлье. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2016 онд улс орнуудад чихэрлэг ундаанд Онцгой албан татвар ногдуулах зөвлөмж гаргасан байдаг. Зөвлөмжийн дагуу Эрүүл мэндийн яам Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран санхүүжилтийг нь шийдэж, Анагаахын их суруулиар чихэрлэг ундаанд Онцгой албан татвар ногдуулах тооцоолол судалгаа хийлгэсэн. Судалгааны дүнгээс харахад, хүн амын дунд чихэрлэг ундааны хэрэглээ асар өндөр байна гэж гарсан. 15-69 насны хүм амны 31 хувь нь илүүдэлтэй жинтэй гэдэг судалгаа гарсан байдаг. Тиймээс Дэлхийн эрүүл мэндий байгууллагаас өгсөн чихэрлэг ундаанд Онцгой албан татвар ногдуулах зөвлөмжийг Монгол Улс хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Дэлхийн 85 улс чихэрлэг ундаанд татвар ногдуулсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас чихэрлэг ундаанд хамгийн багадаа 20 хувийн Онцгой албан татвар ногдуулахыг зөвлөсөн байдаг. Өнгөрсөн жил хүүхдүүдийн дунд эрт илрүүлгийн шилжилгээ хийхэд, хамрагдсан хүүдүүдийн 67 хувь шүд цооролтой гарсан. Энэ нь шууд чихэрлэг ундааны хэрэглээтэй холбоотой байгаа. Насан хүрэгчдийн дунд ч зүрх судасны өвчлөл зонхилж байгаа. Мөн л хүнсний бүтээгдэхүүн, чихэрлэг ундааны хэрэглээтэй холбоотой. Чихрийн шижингийн өвчлөл маш ихээр нэмэгдэж байна. Дэлхий нийтээрээ чихрийн шижинг чимээгүй тахал гэж нэрлэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг уриалж байгаа. Тиймээс С.Одонтуяа нарын санаачилсан хуулийн төслийг дэмжиж байгаа. УИХ-ын гишүүдийг дэмжээсэй гэж уриалж байна.
Ийнхүү хэлэлцсэнээр чихэр ундаанд Онцгой албан татвар ногдуулах замаар сахарын агууламжийг бууруулах ач холбогдолтой хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хуралдаанд оролцсон 39 гишүүний 21 нь буюу 53.8 хувийн саналаар дэвмжив.
Зээлийн хэлэлцээр батлав
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл -ийн хуралдаан оролцсон 45 гишүүнээс 41 нь дэмжсэн буюу 91.1 хувийн саналаар соёрхон баталлаа.
Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -ийн эцсийг хэлэлцүүлэгт шилжүүлэв.
"Ногоон" автобусыг шалгах Түр хороо байгуулж өгөөч
УИХ-ын гишүүд хэлэлцэх асуудлуудтай холбоотойгоор үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Зудын хүндрэлтэй холбоотой асуудлуудыг хэлэлцмээр байна. Хоёрдугаарт, бид шатахуун түлш, эрчим хүчний салбарт тулгараад байгаа асуудлыг ярих ёстой. УИХ-ын түвшинд тодорхой шийдвэрүүд гаргах ёстой. Зудтай сумдаар яваад ирлээ. Зудтай сумдад цас эрт орж хатуураад, мал бэлчих ямар ч боломжгүй болсон байна. Малчид малаа заазалж эхэлсэн байна. Малчдын зүгээс гурван зүйлийг УИХ-ын гишүүдэд хандаж тавиад байгаа юм билээ. Нэн тэргүүнд нядалсан малаа худалдаалахад анхаарыг хүсэж байгаа. Хоёрдугаарт, өвс тэжээлийг хямдруулах асуудал. Засгийн газар дээр энэ асуудлыг ярьж, нааштай шийдвэрлэж байгаа. Гуравдугаарт, шатахуун түлшний хүндрэлийг ярьж байна. Отор нүүдэл хийх гэхээр түлш шатахуун байхгүй байна.
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
-Энэ тулгамдаад байгаа асуудлуудаар Засгийн газар нэгдсэн байр сууриа оруулж ирээд ярих нь зөв. Зөвхөн хувь улстөрчийн суурь гэхээс илүү Засгийн газрын байр суурь чухал шүү. Өвөжилт хүнд байна. Шийдэл гаргахгүй бол үг хэлээд нэмэргүй байна. ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууныг АН-ын бүлгийн хурал дээр дуудаж, асуудлаа яръя гэхэд ирсэнгүй. Байгаль орчны байнгын хороон дээр сайд мөн ирээгүй. Тэгээд асуудлыг хэнтэй ярих юм. Нэгдсэн шийдвэр гаргуулах ёстой хүн шүү дээ. Цаашид байдал хүндэрвэл хэн энэ асуудлыг хариуцах юм. Хоёр дахь асуудал нь "ногоон" автобусны асуудал. УИХ дээр Түр хороо байгуулах асуудлыг орхигдоод байна. УИХ-ын 25 гишүүн Түр хороо байгуулахыг дэмжиж гарын үсэг зурсан. УИХ-ын дарга 25 гишүүнээ хүндлээд Түр хороогоо байгуулмаар байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Бид ирэх хоёрдугаар сарын 1-нээс өмнө сонгуулийн тойргоо ойлгомжтой болгох ёстой. Энэ ажлыг манай гишүүд яриад эхэлсэн. УИХ-ын удирдлагаас үүрэг өгөөд судалгаа хийгээд явж байгаа. Олон нийтийн сүлжээнд маргаан мэтгэлцээн өрнөж байна. Ер нь бүсчилсэн хөгжил гэж байнга ярьдаг. 33 жилд үр дүн гарсангүй. Сонгуулийн тойрогтоо асуудал байх шиг байна. Энэ маягаараа Монгол Улсын хөгжлийн бодлого алдагдаад байна. Тэгэхээр бид сонгуулийн тойргоо томсгож, та бүхний яриад байгаа бүсчилсэн хөгжлөө дэмжихгүй бол болохгүй нь. Улсаа 21 аймаг, 330 сум гэж жижиглэснээр хүн нь цус ойртсон, мал нь ч давжаарсан. Одоо бүсчилсэн хөгжлөө хийе. Тэгэхгүй бол дундаж зуун шиг байна. Тэр вангийн дүүрэг, тэр баяны хамжлаг гэж ярьдаг боллоо. Би та бүхэн эргэлзээд байгаа. Бодлого ярьдаг. Улс орныхоо эрх ашгийг дэмждэг УИХ байвал яасан юм бэ. Тэгэхгүй бол нэг хот айлын асуудал ярьдаг, санал гуйгаад явдаг байдлаа больё.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Өвөлжилтийн асуудлыг Х.Болорчулуун сайд, Эрчим хүчний сайд, Уул уурхайн сайд холбогдох Байнгын хороодтойгоо хэлэлцээд, УИХ-аар дэмжлэг үзүүлэх, шийдэх ажлаа шуурхай явуул.
Холбоотой мэдээ