Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-аас хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөлтэй нээлттэй ярилцах зорилгоор зохион байгуулдаг “Усны тухай ярилцъя-4” ээлжит уулзалт 2023 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр шинэ Төв цэвэрлэх байгууламжийн баруун талд барьж буй Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд амжилттай болж өнгөрлөө. “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр” нь Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан II Компакт гэрээний хүрээнд 2021-2026 онд хэрэгжиж, ус хангамжийн шинэ эх үүсвэр байгуулах, хаягдал ус дахин боловсруулах ашиглах, усны салбарын тогтвортой байдлыг хангахад бодитой дэмжлэг үзүүлэх юм.
Энэ удаагийн уулзалтад хэвлэл мэдээллийн 10 гаруй байгууллага, Эдийн засгийн шинжээч, сэтгүүлчдийн клубын төлөөлөл оролцож, Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн зорилго, ач холбогдол, хэрэгжилт, түүнчлэн тулгамдаж буй бэрхшээл, сорилтууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэн ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй ярилцаж, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт, барилга угсралтын явцтай газар дээр нь танилцсан юм.
Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Компакт гэрээгээр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийг Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хязгаарлагч гол хүчин зүйлсийн судалгаанд үндэслэн, Улаанбаатар хотын 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулсан. Хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр өргөжин тэлж буй нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэрэглээ, эдийн засгийн үйл ажиллагаанд шаардлагатай усаар урт хугацаанд, тогтвортой хангах нөхцөл бүрдэнэ. Хаягдал ус дахин боловсруулах төслийн тухайд Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа дахин боловсруулсан усны хэрэглээг нэвтрүүлж, нийслэлийн ус хангамжийн хязгаарлагдмал нөөцийг зохистойгоор удирдах боломжийг нэмэгдүүлж байгаагаараа онцлог юм” хэмээн онцлов. Тэрбээр Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж буй талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
Сэтгүүлчид “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд байгуулж байгаа Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцсаны зэрэгцээ зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлын гүйцэтгэгч “М-Си-Эс Проперти” ХХК-ийн Төслийн менежер О.Батзориг барилга угсралтын ажлын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 53 дугаар тогтоолоор баталсан "Үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг бууруулах төлөвлөгөө", түүний хэрэгжилтэд Монголын Мянганы сорилтын сангаас хэрхэн хамтарч ажиллаж талаар Хаягдал ус дахин боловсруулах төслийн мэргэжилтэн Б.Батдэлгэр товч мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г хэрэгжүүлж, үйлдвэр, аж ахуйн нэгжээс ариутгах татуургын нэгдсэн сүлжээнд нийлүүлж байгаа хаягдал усны бохирдлыг бууруулснаар стандартын шаардлагад нийцсэн усыг байгальд нийлүүлэх, улмаар Туул голыг цаашид бохирдохоос сэргийлэх, түүнчлэн Ус дахин боловсруулах үйлдвэрийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх юм.
Компакт гэрээний санхүүжилтээр барьж буй Ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор шинэ Төв цэвэрлэх байгууламжаас Туул голд нийлүүлэх цэвэрлэсэн уснаас өдөрт 50 мянган м3-ыг дахин боловсруулж, ДЦС-уудын техникийн хэрэглээний зарим хэсгийг хангах зориулалтаар нийлүүлнэ. Ингэснээр жилдээ 18.0 сая м3 гүний цэнгэг усыг хэмнэж, хүн амын унд, ахуйн хэрэгцээнд ашиглах боломж бүрдэнэ.
Үйлдвэрийн зураг төсөл боловсруулах болон барилга угсралтын ажлыг үндэсний бүтээн байгуулагч “М-Си-Эс Проперти” ХХК хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд технологийн зураг төслийг боловсруулахад салбартаа дэлхийд тэргүүлэгчид болох Франц улсын “Egis Water and Maritime”, “Veolia Water Technologies” компаниуд хамтран ажиллаж байна.
Бүтээн байгуулалтын ажил 27 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 2025 оны II улиралд дуусаж, туршилт тохируулгыг эхлүүлэхээр ажиллаж байна.
Холбоотой мэдээ