Өмнөд Солонгос, Япон улсын нутаг дэвсгэрт хэт ойртсон Орос, Хятадын цэргийн онгоцуудыг өчигдөр хөөж явуулсан тухайгаа албаныхан мэдэгджээ. Тодруулбал, Хятадын цэргийн хоёр, Оросын дөрвөн онгоц Өмнөд Солонгосын агаараас хамгаалах бүсэд нэвтэрсэн гэж Сөүлийн Жанжин штабаас мэдээлэв.
Үүнээс гадна Токиогийн батлан хамгаалах яамнаас хамтарсан нислэг үйлдэж байгаа Орос, Хятадын бөмбөгдөгч, сөнөөгч онгоцуудыг өчигдөр Японы байлдааны онгоцууд хянаж, хөөж явуулсан гэж мэдээлсэн байна. Японы талаас мэдээлснээр Хятадын "H-6", "J-16", "Y-8" цэргийн онгоцууд, Оросын "Tu-95", "Su-35" онгоцуудын хамтаар Өмнөд Хятадын тэнгисийг чиглэн Япон, Өмнөд Солонгосын хоорондох хоолойгоор нисч өнгөрсөн байна.
Цэргийн онгоцууд өчигдөр Өмнөд Солонгосын агаарын довтолгооноос хамгаалах таних бүсэд 11:53 цагаас 12:10 цагийн хооронд нэвтэрсэн гэв. Гэхдээ олон улсын хуулиар хамгаалагдсан газар нутгийнх нь дээгүүр нисээгүй гэж Сөүлийн цэргийнхэн тайлбарласан байна.
Агаарын довтолгооноос хамгаалах таних бүс нь тухайн улсын нутаг дэвсгэрийн агаарын орон зайгаас ялгаатай бөгөөд энэ нь ихэвчлэн эргийн шугамаас 12 далайн милийн зайд орших орон зайг илэрхийлдэг. Батлан хамгаалахын энэхүү бүсийг зохицуулдаг олон улсын хууль тогтоомж байхгүй бөгөөд улс орнууд аюулаас хамгаалахын тулд гадаадын нисэх онгоцноос өөрсдийгөө таниулах арга хэмжээ авах шаардлагыг тавьж болно гэж Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас тайлбарлажээ.
Москва нь Өмнөд Солонгосын агаарын довтолгооноос хамгаалах бүсийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд Бээжин ч мөн адил тус бүсийг нутаг дэвсгэрийн агаарын орон зай биш гэж маргадаг.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ