Нийслэлийнхэнд тулгардаг асуудал дуусахгүй их. Улирал бүрд улиг болсон асуудал нь эргэлтийн циклд орж эчнээ танил болсон. Дасал болсон асуудалдаа улаанбаатарчууд бие, сэтгэл зүйгээрээ хамелон шиг хувирч, зохицож амьдраад сурсан гэхэд ч хилсдэхгүй.
МАШИНТАЙ НЬ ДУГААРЛАЖ, МАШИНГҮЙ НЬ АВТОБУС ХҮЛЭЭСЭЭР…
Автозамын түгжрэлд амьдралынхаа ихэнх хугацааг машин дотор өнгөрүүлэх нь нийслэлийнхний хувьд сүүлийн арав гаруй жилд байдаг үзэгдэл болсон. Гэхдэн шатахууны хязгаарлалттай үед цас орж, зам мөствөл ганц километр замыг 2-3 цаг туулах улирал айсуй. Үүний дагаад иргэд өнөөх хүлээлтээ тавьж, эрх бүхий хүмүүс нь шийдэл гаргана гэж хүлээсээр. Тухайлбал, Улаанбаатарын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо, нийслэлийнхнийг төлөөлж буй ИТХ-ын төлөөлөгчид, түгжрэл шийдэх сайд, хотын дарга нар үүргийнхээ хувьд ямар зохицуулалт хийх бол гэдэг. Өвлийн өнөөх л улиг болсон бэлтгэл ажлаа танилцуулж, түгжрэлийг сааруулах төлөвлөгөө боловсруулахаа амлаж, автозам дээр хангалттай давс цацна гэвэл иргэд энэ өвөл хүлцэнгүй сонсох нь юу л бол. Жавар тачигнаж, тог цахилгаан хязгаарлаж, бензиний хязгаарлалт хийх болсон энэ өвлийн саруудад иргэдэд ирэх толгойн дарамт бүр ч ихэснэ.
Статистикаар, нийслэлд бүртгэлтэй 618 мянган автомашин байгаа нь замын үндсэн багтаамжаас гурав дахин их үзүүлэлт. Үүн дээр жил тутамд машины тоо нэмэгдвэл автозамын оргил цагийн хурд 2024 онд явган хүний хурдтай тэнцэхийг судлаачид хэлж буй.
Хэрэв Улаанбаатарт жилд дунджаар 35-45 мянган автомашин нэмэгдэнэ гэж тооцоолбол замын ачаалал, даац хоёр жилийн дараа цэг тавихад хүрнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, цаг, өдрөөр түгжирдэг байсан цаг үлгэр болж, улирлын чанартай тэг зогсоход хүрээд байна.
Автозамын түгжрэлээс болж зөвхөн ажилтай иргэд хохирч бухимдаад зогсохгүй эдийн засагт ч алдагдал үүсч байгаа юм. Тодруулбал, бензин шатахуун хий урсахаас гадна дотоодын нийт бүтээгдэхүүний найман хувийг түгжрэлд алдаж байгааг ҮСХ-ноос гаргажээ.
Тиймээс үе үе хөндөж гаргаж ирдэг энэ сэдэв, асуудлыг анхаарч, дорвитой ач холбогдол өгөх шаардлага үүссэнийг шинэхэн сайд, Хотын дарга нарт сануулж буй. Нийслэлд жолоо барьж буй хүн бүр стресстэй явж байгаа. Үүнийг харгалзаад ч болов хариуцсан дарга нар нь өөрсдийн нүүдэл, суудалд бус иргэдийн эрхийг зөрчихгүй шийдвэрийг яаралтай гаргах шаардлагатай. Гэхдээ шатахуун, түлш хязгаарлаад түгжрэл бууруулна гэвэл түүн шиг үлгэр байхгүйг жолооч нар ч хэлж буй. Мөн мянга шинэ автобус импортлосон ч нийтийн тээврийн үйлчилгээний чанар, стандарт муу байхад иргэд хувийн тээврийн хэрэгслээ орхих сонголт хийх эсэх нь ч эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, машинтай нь бензиндээ дугаарлаж, машингүй нь автобусаа хүлээж зам дээр өдөрт 5-6 цагийг хий зарцуулах тавилантай аж.
ХАЛТИРДАГ ХАВТАН ДЭЭРЭЭ ДАВСАА ЦАЦАЖ ӨВЛИЙГ ДАВНА
Дэлхий хамгийн хүйтэн нийслэл Улаанбаатарын гудамж талбайг халтирдаг хавтангаар гоёсны балаг нь өвлийн улиралд илүүтэй мэдрэгддэг. Цас орсон үед хотын гудамжаар алхахад хүндрэл үүсдэг. Халтирч унан гар хөлөө гэмтээх нь энүүхэнд. Толгой тархиа хагалах, гэмтээх эрсдэлтэй. Ямар сайндаа эмч мэргэжилтнүүд иргэдээ пингвин алхалтаар алхахыг зөвлөж буй.
Жилд 2500-3000 хүн халтирч унасны улмаас гэмтдэг байна. Тодруулбал, хүйтний улиралд өдөрт зөвхөн халтирч унаснаас бэртсэн гэх 20-30 хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд ханддаг аж.
Төв талбай, Арслантай гүүр, МУИС, Цэцэг төвийн гудамж талбай гээд цас хялмаалахтай зэрэгцээд халтиргаа, гулгаа үүссэн бишгүй олон газар нийслэлд буй. Хот тохижилтынхон ч явган хүний замуудыг олон төрлийн материалаар хийснээс болж асуудал үүсдэг болохыг хэлсэн.Тухайлбал, Зүүн салааны явган хүний замын хавтанг асфальтаар хийсэн, цэвэрлэхэд төвөгтэй, үйрсэн. Өнгөрсөн жилүүдэд ч энэ асуудал үүссэн.
Мөн арслантай гүүрний явган хүний замыг гантигаар хийсэн учир хүмүүс их халтирдаг. Энэ жил ч халтирахгүй гэсэн баталгаа байхгүй.
Зам, талбайд ажиллах хүн олдохгүй байна. Мөн хэчнээн тонн бодис, давс цацах хэмжээг стандартын дагуу тогтоовол эдийн засагт үр өгөөжтэй болохыг онцолсон юм. Энэ асуудлыг жилийн жилд ярьдаг ч хотын удирдлагууд тэгэсгээд л аргалдаг. Гэтэл өвлийн улиралд үүнээс үүдэн 2500-3000 мянган хүн эрүүл мэндээрээ хохирдог. Энэ жил ч тус тоо өсөх эрсдэлтэй.
Тиймээс чамин, ганган шийдэл ярихаас илүү бодит шийдвэр, шийдэл хэрэгтэй байгааг иргэд сануулсаар байна. Энэ жил Улаанбаатарчууд утаа, түгжрэл улиг болсон асуудлууддаа дахиад л ороогдож өнжих нь гарцаагүй боллоо…
Холбоотой мэдээ