"Сэтгэл дэх ая эгшгээ дүрслэх урлаг руу буулгахыг зорьдог"

Хуучирсан мэдээ: 2023.12.15-нд нийтлэгдсэн

"Сэтгэл дэх ая эгшгээ дүрслэх урлаг руу буулгахыг зорьдог"

"Сэтгэл дэх ая эгшгээ дүрслэх урлаг руу буулгахыг зорьдог"

Монголын Урчуудын эвлэлийн шагналт зураач, Дүрслэх урлагийн академийн хүндэт профессор багш Г.Лхагвасүрэнтэй ярилцлаа. Тэрбээр "Жинхэнэ урлаг бол хүний дотоод мэдрэхүйг хооллодог. Тийм учраас анхны сэтгэгдлээрээ тухайн агшныг буулгахыг чухалчилдаг" гэдгийг хэлсэн юм. 


-Бийр, будаг нийлүүлж эхэлснээс өнөө хүртэлх замналыг тань сонирхъё. Төрийн шагналт Б.Пүрэвсүхийн анхны шавиудын нэг сонссон юм байна?

-Би 1975 онд Дүрслэх урлагийн сургуульд элсч, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Дондог багшаар уран зургийн “А” үсэг заалгаж байлаа. Гуравдугаар курст орох жил Төрийн шагналт Б.Пүрэвсүх багш манай ангийг дааж авсан. Багш маань И.Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн сургуулийг төгсөөд дөнгөж ирээд байсан. Бид анхных нь шавь. Ингэж хоёр мундаг хүнээр урлахуйн эрдэм заалгаад ОХУ-ын В.В.Суриковын нэрэмжит урлагийн сургуульд элсч, суралцсан.

Их сургуулиа төгсч ирээд Монголын үндэсний телевизэд зургаан жил ажиллаж, 1990 оноос сургуульдаа багшаар ирсэн. Энэ мэргэжлийг эзэмшиж, зураач гэгдэж яваадаа баярладаг.

Б.Пүрэвсүх багш маань “Чи мэддэг юмаа хийхдээ зотон дээр бүхэл эрчмээрээ амьдар” гэдгийг сургасан хүн. Багш маань өөрөө тийм хүн байсан юм. Түүхэн сэдвээр уран бүтээлээ зурахдаа тэр цаг үе рүүгээ өөрөө оччихдог, тэр морьтонгуудынхаа нэг нь өөрөө байж байдаг. Тэрийгээ буулгахдаа ямар будаг хольж байгаагаа ч мэдэхгүйгээр бүтээлээ хийдэг хүн байсан. Би тэрийг нь их биширч, тийм л зураач болохсон гэж хүсдэг байлаа.

-Дүрслэх урлагийн сургуулийн сургуульд олон жил багшилсан хүн. Урландаа ганцаараа суугаад уран бүтээлээ хийх, шавь нартайгаа ажиллаад уран бүтээл хийхийн ялгаа. Багшлахын хажуугаар уран бүтээл туурвихад цаг зав хомс байдаг уу?

-Маш сонирхолтой л доо. Миний хувьд багшлахын хажуугаар уран бүтээл хийнэ гэдэг маш сайхан. Шавь нараасаа маш их эрч хүчийг авна. Тэр болгон нь уран бүтээлд маань нөлөөлнө. Хоёрт, уран бүтээлдээ зарцуулах цаг, шавь нартаа зарцуулах цаг хоёрыг хуваарилж сурдаг.

Уран бүтээлийн цагаа гаргаж, үр дүнтэй ашиглаж чаддаг болдог юм билээ.

Энэ хоёр ажил бие биенээ дэмнэдэг учраас ямар ч үгүйсгэл байдаггүй. Их сургуульдаа одоо цагаар хичээл заахаа болиод ирэхээр хоосон орон зай ихтэй болж байна.

-Одоо их сургуульдаа багшилж байгаа биз дээ?

-Би магестрын түвшинд цөөн хүнтэй ажилладаг.

-Уран бүтээлүүд дунд нь балетчдын тухай өгүүлсэн зураг цөөнгүй байдаг юм билээ. Яагаад сонгодог урлагт татагдах болов?

-Би сонгодог урлаг, хөгжим, яруу найргийг сонсч, үзэх дуртай. Ялангуяа балет үзэх маш дуртай. Би чинь балетчин гэр бүлтэй байсан. Тэр мэргэжлийн онцлог, амьдралыг сайн мэддэг. Балет өөрөө тэнгэрлэг урлаг. Бүжиглэж байгаа хүний гоо сайхныг зурахад маш хэцүү ч үгээр илэрхийлэмгүй сайхан байдаг.

Нэг үе би дуурийн театрт ажилчин шиг нь л хадаастай байдаг байлаа.

Гэр бүлийнхээ хүнийг бүжгийн зааланд бэлтгэлээ хийж байхад нь хөгжим хөдөлгөөн дундаас авсан өөрийнхөө мэдрэмжийг шууд цагаан дээр хараар график маягийн тэмдэглэгээ хийж байсан удаатай. Хүн юмыг дагаж хуулахаас илүү мөн чанар, шалтгаан, цаад үүтгэлүүдийг нь таньж мэдрэх хэрэгтэй. Тухайн сэдвээ судалж байна гээд удаан хугацаа зарцуулах бус мэдрэх нь чухал.

-Анхны сэтгэгдлээрээ тухайн агшнаа шууд буулгах нь чухал гэсэн үг үү?

-Яг тийм. Хэзээ ч давтагдахгүй. Дахин давтвал өөр хэм үүснэ. Тухайн агшныг л буулгах дуртай. Сонгодог урлагийг сонгодог урлагаар л илэрхийлэх нь маш зохимжтой гэж боддог. Уран зураг ч ялгаагүй сонгодог урлагийн нэг төрөл шүү дээ.

-Бусад зураачдын бүтээл дунд балетчины хөрөг зураг байдаг ч бүжиглэж байгаа үйл хөдлөлтэй нь зурсан уран зураг ховор байдаг юм шиг санагддаг.

-Би хөдөлгөөний мэдрэмжтэй хүн байх. Тэр хөдөлгөөн гэдэг юм нь зураасаараа дамжин гардаг. Надад байдаг нэг давуу тал нь хөдөлгөөн дотроо пластик хөдөлгөөн буюу мөнхөд үл тасрах өөр өөр хөдөлгөөний хоорондын уялдаа холбоог бүтээлээрээ илэрхийлдэг. Хүний дотор аялгуу байх нь их чухал. Аялгуутай хүнээс гарч байгаа өнгө, зураас аялгуулаг байдаг. “Эгшиглэнгүй зураг сүнсгүй” гэж миний нэг үг бий. Хамгийн гол нь уран бүтээлч хүн зүрх сэтгэлдээ эгшиглэнтэй байх ёстой.

-Тэгвэл таны дотор симфони эгшиглэж байдаг байх  нь ээ?

-Айхтар симфони хөгжим биш юмаа гэхэд богинохон хөөрхөн аялгуунууд байгаа гэж боддог. Нүдэнд харагдаж байгаа зүйлсээ даган дууриахаас илүү надад үлдэж, сэтгэлд буусан тэр ая эгшгийг дүрслэх урлагийн хэл рүү буулгахыг зорьдог юм.

-Шавь нартайгаа хамтран Япон улсад үзэсгэлэнгээ гаргах гэж байгаа гэл үү?

-Зураачдын “Хөх бороо” нийгэмлэгийг үе үеийн шавь нартайгаа хамтран байгуулсан юм. Өнгөрсөн жил шавь нартайгаа “Монгол арт” галерейд хамтран анхны үзэсгэлэнгээ гаргах үеэрээ албан ёсны нийгэмлэг байгуулахаар ярилцсан. Тэгээд л өнгөрсөн намраас тамга тэмдэгээ авч, тун удахгүй олон улсын анхны үзэсгэлэнгээ Японд гаргахаар бэлдэж байна.

Тэндхийн “Азамино” нэртэй уран зургийн галерейд “Хөх монгол” хамтарсан үзэсгэлэнгээ 2023 оны арванхоёрдугаар сарын 26-29-ны өдрүүдэд гаргана.

Бид үзэсгэлэнд оролцох бүтээлийн чанарт нэлээд анхаарч ажиллалаа. Учир нь Япон улсад эх орноо төлөөлж байгаа учраас ихээхэн ач холбогдол өгч байна. Нийгэмлэг маань 100 гаруй гишүүнтэй. Эдгээрэс анхны олон улсын үзэсгэлэнд 18 зураач 3-5 бүтээлээр оролцоно. Үзэсгэлэнгийн нээлтэд оролцохоор Японд 14 монгол зураач очих юм.

-Японы үзэгчдийг “Хөх монгол”-ын тал нутгаар аялуулах нь ээ?

-Мэдээж улс эх орноо төлөөлж байгаа гэдэг утгаараа ийм нэр өгсөн. Миний шавь нар өөр өөр арга ажиллагаа, хэв маягаар уран бүтээлээ хийдэг. Оноосон сэдэв байхгүй ч монгол ахуйг илэрхийлсэн, өөрсдийн онцлогийг харуулсан уран бүтээлээ дэлгэнэ. Ерөнхийдөө хөх өнгө давамгайлсан үзэсгэлэн гарах байх гэж төсөөлж сууна.

-Одоо хэдхэн хоног үлдсэн байна. Хэр догдолж байна вэ?

-Зураачид бүтээлээ Япон улс руу явуулчихсан. Тэгэхээр нийт ажлын 80 хувь бэлэн болсон гэсэн үг. Бид одоо Японыг зорих л үлдлээ. Мэдээж маш их догдолж байна. Шинэхэн нийгэмлэгийн гишүүдийн олон улсын анхных, хамтарсан хоёр дахь үзэсгэлэн. Бидэнд бэлгэшээл, баяр хөөрөөс гадна маш том хариуцлага ирж байна. Шавь нарынхаа ур чадварт бүрэн итгэлтэй байж, Монголын дүрслэх урлагийг сайхныг мэдрүүлнэ.

-Таны өөрийн бүтээлүүд байгаа юу?

-Миний 10 орчим бүтээл байгаа. Эх орон, монгол ахуйн сэдэвтэй уран бүтээлүүд багтсан. Сүүлд хийсэн бүтээлээс гадна түрүү үеийн хуучны хийсэн ажлууд ч бий. Шинэ бүтээл хийх бодол байсан ч цаг хугацаа нь амжаагүй учраас шавь нартайгаа ярилцаад өмнө нь хийсэн уран бүтээлээрээ оролцож байна.

ДУДС-ийг төгсөхөд дипломын ажил маань наадамд уралдаж түрүүлсэн морь, уяач өвгөний баяр баяслыг харуулсан “Түмний эх” зураг байсан.

Тэр бүтээл Уран зургийн галерейн фондод хадгалагдаж байсан юм. Гэтэл муу хүмүүс муухан хуулбар хийж үлдээгээд эх зургийг маань гадагш нь гаргачихаж. Тухайн үед зохих байгууллагад мэдэгдэж, бөөн юм болж байсан ч дорвитой юм болоогүй.

-Япон улсад зохион байгуулах хамтарсан үзэсгэлэнд нь амжилттай оролцоод ирэхийг хүсье. Цаг зав гарган ярилцсанд баярлалаа?

-Баярлалаа. Манай нийгэмлэгийн “Хөх монгол” үзэсгэлэнг Япон улсад дэлгэхэд маш олон байгууллага, хүмүүс чин сэтгэлээсээ тусалж, дэмжиж байгаад талархаж байна. Японд байгаа Монгол Улсын Элчин сайдын яам, Японы Ито сан, Японы Азомино  галерей, Монгол арт галерей, урлаг судлаач Б.Болортуяагийн хичээл зүтгэл, Соёлын яам, Урчуудын эвлэл МҮХАҮТ, МИАТ зэрэг олон байгууллагуудынхаа дэмжлэгээр үзэсгэлэн маань нээлтээ хийх гэж байгаад баяртай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж