Монголчууд 2023 оны сүүлийн саруудад шатахуун түгээгүүрт урт дараалал үүсгэж байна. Гэтэл өнгөрсөн аравдугаар сараас эхлэн шатахуун тасалдах магадлалтай талаар төрийн байгууллагуудын түвшинд ярилцаж байсныг сануулах хэрэгтэй. Түүнээс хойш хоёр сарын хугацаа өнгөрсөн бөгөөд ажил дааж авсан албатууд, тэр дундаа шатахуун хариуцсан сайд Ж.Ганбаатар гэнэтийн цочролд орсон мэт дүр эсгэх боллоо. Энэ шалтгаанаар сөрөг хүчин АН-ынхан Уул уурхай , хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарыг огцруулах шаардлагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн нь шатахуун тойрсон улстөржилтийн нэгээхэн хэсэг. Ж.Ганбаатар сайд сүүлийн хэдэн сар “тэсчих, тэсчих” гэж аргалсанд сөрөг хүчин төдийгүй ард иргэд тэсгэл алдахаас өөр аргагүй.
Үүнтэй зэрэгцэн шатахууны хэрүүл хил давж одов. Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Оросын талтай албан бусаар цахим зурвасаар харилцсанаа албан ёсны мэт болгож, Засгийн газрын албан мэдээ тарааж орхив. Араас нь Засгийн газрыг дэмжигчид дайн тулаан, геополитик болгон дэвэргэж өгөв. Улмаар Оростой хамгийн сайн харилцаатай гэгддэг УИХ-ын дарга Г.Занданшатар “Сайд, дарга нар гал унтраах байдлаар ажиллахаа болих хэрэгтэй байна. Шатахууны нөөцтэй болох хэрэгтэй. НИК-ийн нөөцийн савыг төмрийн хогонд гадагшаа зарчихсан, улсын стратегийн нөөцийн савтай байх хэрэгтэй. Үүнийг ярьж байгаад санхүүжүүлэх хэрэгтэй. Дундын, ойрын шийдлүүд хэрэгтэй байна. Газрын тосны үйлдвэрүүд яасан. Үл үзэгдэгч хамаг бүхнийг зохицуулж байдаг. Бид энэ үл үзэгдэгчийг хэн гэдгийг мэдэж байгаа шүү дээ” хэмээн тэсгэл алдав. Гэтэл эрхэм дарга өөрөө өнгөрсөн зургадугаар сард “Оросуудтай уулзаад ирлээ, Монголд шатахуунаа найдвартай нийлүүлнэ гэдэгт гар барилцлаа” хэмээн улс төр хийсэн. Тэр нь айлчлалын үр дүн гэж хэлээд өнгөрсөн. Мөн арваннэгдүгээр сард УИХ-ын дарга Ж.Ганбаатар сайдын хүсэлтээр оросуудтай холбогдож, шатахуун хөөцөлдсөнөө учирласан. Гуйсны эцэст хэдэн тонн шатахуун авахаар болсон тээвэрлэх төмөр зам нь ачааллаа дийлэхгүй байна гэдэг шалтаг хэлсэн.
Уг нь оросуудаас шатахуун гуйж явах нь УИХ-ын даргын хийх ажил биш. Харин энэ онд Оросын Ерөнхий сайдтай Бишкект гар барилцаад ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хар толгойгоороо хариуцах ёстой ажил. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Засгийн газрын нэрийн өмнөөс Оросоос хэлсэндээ хүрэхийг шаардах, эсвэл газрын тосоо нийлүүлдэг Хятадаас бэлэн шатахуун гуйх хугацаа хангалттай байлаа. Түүнд мөн газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хангалттай хугацаа байсан. Гэтэл газрын тосны үйлдвэрийн төсөл хариуцсан дарга нь “2027 оноос шатахуун үйлдвэрлэж эхэлнэ. Одоо жоохон тэсчих” гээд УИХ-ын байнгын хорооны хурал дээр яриад сууж байгаа. Хонх дуугарвал дамар нь таг, хоёулаа дуугарвал лам нь таг гэж. Одоо бараг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэсгэл алдаж, шатахууны асуудлаар сэлэм эргүүлэх дутуу байх шиг байна. Ерөнхийлөгч мөн энэ онд Бээжинд Оросын ерөнхийлөгчтэй хамт зургаа даруулаад амжсан. Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Парист газардаад л цөмийн түлшний гэрээ шийдчихдэг хүн шүү дээ.
Ерөнхийдөө төрийн томчууд маань 2023 оны турш гадаад орноор зугаалснаас хойш байдал бүр дордож, Монгол Улс даяар шатахууны хомсдолд орон, амьдрал зогсоход хүрэв. Шатахуун түлш тасалдсанаар уул уурхайн экспорт зогсож, хөдөөд хүн осгож үхэхдээ тулаад байна.
Нөгөө талаар энэ удаагийн УИХ-д Ц.Анандбазар, Б.Баттөмөр тэргүүтэй шатахуун түгээгүүрийн эзэд сууж байгаа. Тэд шатахууны нийлүүлэлтийн талаар ганц үг ган хийхгүй дөлцгөөж байхыг бодоход цаана өөр улс төр, эрх ашиг явж байгаа бололтой. Үүнийг илтгэх мэт эдийн засгийн ач холбогдолтой мэдэгдлийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ноцтой мэдэгдэл хийсэн. Шатахуун импортлогчдод хөнгөлөлттэй зээл олгосон тэрбээр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн шатахуун импортлогчдод нөөц бүрдүүлэх зорилгоор олгосон зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах боломжтой гэв. Тэрбээр "2021 онд мөн шатахууны хомсдол үүсч байсан. Тухайн үед Монголбанк шатахууны нөөц бүрдүүлэхээр импортлогч компаниудыг зээл олгосон. Шатахуун импортлогч 20 компанид 707 тэрбум төгрөгийн зээл олгосон. Одоо 13 аж ахуйн нэгж нь 335 тэрбум төгрөгийн зээлээ төлж дуусаагүй байна. Энэ зээлийн хугацаа ирэх арванхоёрдугаар сард дуусаж байгаа. Гэтэл одоо ч шатахууны хомсдол байсаар байгаа учраас Монголбанкны зүгээс зээлийн хугацааг сунгах нь зүйтэй гэж байгаа" гэв. Манай төрийн гадаадтай дипломат хэлэлцээр хийж дөнгөдөггүй юм гэхэд намынхаа шатахууны магнатуудыг гуйгаад үзэх хэрэгтэй.
Холбоотой мэдээ